Би гудманд явж байлаа
Биеэ танихгүй олны дунд явж байлаа
Мөрлөж нэг нь түлхэх юм
Мөн нэг нь гал асууж зам хаах юм

Гунхсан нэг нь урд ганхах юм
Гутарсан нэг нь хойно нь гэлдрэх юм
Олон дунд од ч явах юм
Олны хараанд ихэмсэг явах юм

Тамхины утаагаа нүүрлүү үлээж өнгөрөх юм
Таниж мэдэхгүй хэрнээ харцаараа тавлах юм
Утсаар нэгнийгээ зүхэж өнгөрөх юм
Уулзаж зогсоо хосууд ч таарах юм

Зөрж өнгөрөхдөө зүгээр өнгөрөхгүй юм
Зүрхэн дунд хутга шааж өнгөрөх юм
Зөөлөн харцтай хааяа л нэг тулгарах юм
Зөвхөн тэр харц л хүнийх байх юм

Түмэн дунд би явж байлаа
Түгшиж яваа нэгэнтэй ч таарч байх юм
Өмссөн зүүснээрээ гайхуулах нэгэн байх юм
Өлсөж өгөхгүйн тулд гуйлга гуйх нэгэн байх юм

Баян ядуу хоёр улам холдсон байх юм
Бараг үхэл амьдрал хоёр шиг зөрөөтэй болсон байх юм
Хүн биш гэж тоохоо больсон байх юм ядуусыг
Хүний орчлонгоос тэднийг хассан байх юм

Хүн хүнээ хайрлахаа болисон байх юм
Хүндэлнэ гэдгээ бүр мартсан байх юм
Хүн чанараа уландаа гишгэсэн байх юм
Хөрөнгө мөнгөөр л харах болсон байх юм

Гудамжинд би өдөр бүхэн явдаг
Гунигтай харцтай олон тулгардаг
Амьдрал өнөөдөр аз жаргалгүй болсон байх юм
Амь нас ч баталгаагүй болсон байх юм

Байшин машин хоёр шахагдсан нарийхан гудамж байх юм
Багтаж ядан түлхэлцсэн түмэн олон уцаартай байх юм
Өлөн шороо боссон хог новштой байх юм
Өнөөдрийн хотын гудамж нэг ийм л байх юм.

Н.Тайванжаргал
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...