Өнгө цагаан билэгдэл
Өвөр хундагын уураг
Мэлмэрч урссан цагаан амь
Миний мэдэх л амин сүү
Дусал нь ч аминдэм
Дуусаагүй мөнхийн ундрага
Тэтгэж ундаалахдаа
Тээглэж саатуулаагүй
Тэвэрт нь асаж
Энгэрт эрхлэхэд
Тэжээж өсгөсөн амин сүү
Сүү шиг цагааныг би мэдэхгүй
Түүн шиг аминдэмийг би амсаагүй
Сүү шиг гэгээнийг би санахгүй
Үүн шиг билэгдэлийг би мартахгүй
Нүглийн саарал орчлонд
Цагаан сүү л буян байдаг
Нүцгэн энэ хорвоод ирэхэд
Цагаан сүү л эхэлж угтдаг
Сүүн залбиралд
Толгойтой бүхэн бөхийдөг
Шүлт шимэнд нь
Хатуу бүхэн зөөлөрдөг
Урслаа гэвч
Аминд очиж цутгадаг
Уулаа гэвч
Сэтгэлд тунарч тогтдог
Ундарлаа гэвч
Үрийн заяанд саатдаг
Сүү шиг буяныг би мэдэхгүй
Сүлээд сүлээд өнгөө гээдэггүй
Цагаан өнгө нь амь байдгийг л би мэднэ
Сүү шиг сайхныг би мэдэхгүй
Дуслыг ч газар дусаадаггүй
Дэндүү ховорыг нь би мэднэ э
Сүүнд мөргөж л би хүн болсон
Үүнд л би амилсан

Н.Тайванжаргал"
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...