Охин минь явлаа
Огшсон нулимс сэтгэлд шингэж үлдлээ
Хоолой зангируулан сайн яваарай гэж охиноо үнслээ
Хоёр нүдний нулимстай алсад ууслаа
Холын газрыг охин минь зорилоо
Хожим эрдэмтэй хүн болоод ирнэ гэж
Холын ирээдүйг ээж нь түрүүлж харлаа
Бэр цэцгийн дэлбээ шиг охиноо өрөвдлөө
Бие нь жаахан ухаан нь төлжөөгүй гэж хайллаа
Ганц охиноо ээж нь саналаа
Гансарсан сэтгэлдээ гунилаа
Бодлын ойрхон охиноо хайлаа
Босго даваад ороод ирнэ гэж
Алсын учралаар өөрийгөө тайвшрууллаа

Үрээ гэсэн эхийн сэтгэл өмөрлөө
Үнэр нь шингэсэн хувцсыг нь дэрлэж унтлаа
Охин минь зүүдэнд ирлээ
Сэрж боломгүй сайхан зүүд байлаа
Ээжээ хэмээх
Охиныхоо дууг сонслоо
Эгшиг аялгуу шиг
Чихэнд хоногшиж үлдлээ
Зулайн ариун үнэрийг нь үнэртлээ
Зургаан сарын бороо шиг зүүд норлоо
Дэр нойтон өглөөг ээж нь угтлаа
Дэрлэж хоносон хувцсыг нь ахин үнэртлээ
Дэндүү санасан сэтгэл дотроо мэгшлээ
Цовоо дууг нь сонслоо
Цочин харахдаа охиноо дуудлаа
Өөрийгөө хуурч сэтгэлээ гомдоолоо
Өдөр хоногийн бодолд охиноо л гэж санааширлаа
Холын газраас ээж нь
Охиноо бодолдоо авчирлаа
Зангирсан бодлын хөвөрхий уяа тайлагдлаа
Замын холоос охин минь ирж явах шиг үзэгдлээ
Хол газар яваа гэж охиноо өрөвдлөө
Хоол ундгүй яваа байх гэж өөрөө өлслөө
Ээжээс нь илүү охиныг минь хэн хайрлах бэ гэж эмтэрлээ
Эмзэг шүү дээ охин үр минь
Нартай газар яваасай гэж залбирлаа
Зөн холын совин татлаа
Зүүнээсээ ч наран мандлаа
Наранд дээжээ өргөж охиноо даатгалаа
Найз нөхдийг нь хараад улам саналаа
Эргэн эргэн санаж охиноо үгүйллээ
Элстэй хөрсөн дээрээс мөрий нь үзэж сэтгэлдээ хадгаллаа
Мөөмөндөө ивэлсэн нялх үеийг нь саналаа
Мөдхөн ирэх алсын хугацааруу нь яарлаа
Ээжийгээ эх хүн болгосон гэж охиноо хайрллаа
Эгшиж татраагүй нулимс бодолд шингэлээ
Орчлонд ээж нь
Үрийнхээ л төлөө амьдарч буйгаа ухаарлаа
Охин минь гэж шүүрс алдлаа
Хүнд ярихаараа хоолой зангирдаг боллоо
Хүрээд ирнэ гэх итгэл дээгүүр давж
Хүлээхийн шаналан сэмэрлээ
Наашаа харсан бүхнийг ээж шигээ санаж байгаа гэж
Гэнэн жаахан охиноо өрөвдлөө
Намайг санан бэтгэрч байгаа байх гэж
Ээж нь эндээс улам шаналлаа
Жаргалы нь түрүүлж харсан ч
Жаахан юм шүү дэ гэж охиноо өрөвдлөө
Хүнээс дутуугүй явахыг нь мэддэг ч
Эрдэм сураад эргээд ирнэ гэж хүлээлээ
Алс холын газрыг
Эх үрийн сэтгэл холболоо
Амь биендээ уусаж нэгэн бие сэтгэлд нэгдлээ
Бие биендээ зүрхтэй ч
Бэтгэрэх сэтгэл нэгтэйгээ мэдэрлээ
Охин нь ээжээ гэж ирлээ
Орчлонд үрээ л гэж ээж нь тослоо
Огшсон эгшсэн нулимс сэтгэл хоёр сүлэлдлээ
Хоёр амь нэгэн тойрогт нэгдлээ
Хорвоо үүнийг харж уярлаа
Хол газар охиноо үдсэн бүх ээжүүдэд зориулав

Н.Тайванжаргал
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...