Тэгэхэд хавар болж байлаа. Би хайртай бүсгүйгээ олчихоод хязгааргүй баярлаж, тэрнийхээ төлөө ертөнцийг бүхэлд нь амлахад ч бэлэн байлаа. Тэрнийг Сараа гэдэг. Сараатай хамт байхад эргэн тойрноо азаарах ч сөхөөгүй болж, бүхнийг амартаж чаддаг байлаа. Бид хоёр бараг жил гаруй үерхсэн байх. Бидний хайр сэтгэл, санаа нийлсэн эхлэлийг аль альны маань эцэг эх дэмжиж, хуримын өдрийг товлочихоод байлаа. Сараа бид хоёр өдөрт хэд хэд уулзаж, заримдаа салахгүй бүтэн өдрийг бардаг байсан хэрнээ дөнгөж л нэг нэгнээсээ холдонгуутаа хоёр биенээ учиргүй үгүйлж, бушуухан л маргааш болоосой гэж тэмүүлдэг байв. Сарын дараа хурим болох байсны дээр Сараа маань бие давхар болсон байлаа. Бидний хөл газар хүрэхгүй байсан үе. Тэр өдөр Сараа бид хоёр дөрвөн замын автобусны буудал хүртэл ирээдүйн хүүхдийнхээ тухай, амьдралынхаа тухай хөөрөн мөрөөдсөөр алхсан юм. Яагаад ч юм тэр үед нийтийн унаа хомсдож, хаа нэг таарсан автобусанд суух гэж бөөн хөл үймээн болдог байж билээ. Нэг хартал Сараагийн маань суух унаа ирж яваа харагдав. Би "Хүүе автобус ирлээ" гэж дуу алдахад Сараа минь "Өө, за би гүйлээ. Баяртай хайраа, орой яринаа" гээд зам хөндлөн гаран гүйчихэв. Би араас нь даллачихаад эргэн алхаж явтал ард машины огцом тоормослох дуун гарснаа хүмүүсийн уулга алдан чарлалдах дуулдав. Би гайхан эргэж хараад зогсоход хүмүүс ямар нэгэн зүйл дээр бөөгнөрсөөр л байсан юм. Сараагаа нүдээрээ хайтал буудал дээр зогсож байгаа хүмүүсийн дунд харагдсангүй. Уг нь тэр надад харагдах гэж байдгаараа тэмүүлэн зогсоод гараа даллаж байдаг юм. Гэнэт толгой дотор "Сараа" гэсэн бодол харван орж ирэхүйд би тэр зүг ухасхийн гүйлээ. Хүмүүсийг түлхсээр дайруулсан хүнийг олж харах агшинд тэнгэр ниргэчих шиг л санагдсан. Нэг мэдэхэд би Сараагаа тэврэн газар суугаад цурхиран уйлж байлаа. Азаар түргэний тэрэг ч тэр дороо давхин ирснээр Сараа маань эмнэлгийн яаралтай хагалгаанд орж амь нь аврагдсан юм. Энэ аймшигт өдөр хоногуудад би түүнийгээ алдчихгүй юмсан гэсэн ганцхан л бодолтой байсан бөгөөд бурханаас өдөр, цаг, хором тутамд түүнийг минь битгий үхүүлээрэй, үхэхгүй л байвал тахир дутуу ч байсан хамаагүй хэмээн гуйж зальбирч байлаа. Гайхалтай нь Сараагийн маань хэвлий дэх үр амьд мэнд төрж, сэтгэлийг минь амсхийлгэсэн юм. Бурхан шиг эмч нарын хүч чармайлт ч их байсныг хэлэх хэрэгтэй. Бид харин хуримаа хийж амжаагүй. Сараагийн бие маш муу байсны зэрэгцээ тэр ухаан орсон боловч бүсэлхийнээс доош мэдээ алдсан байлаа. Ийм нөхцөлд тэрнийгээ хүмүүсийн нүдний хор болгохыг би хүсээгүй. Би Сараагаа эмнэлгээс гарсаны дараа шууд л тэдний гэрт нүүж очисон. Ээж, аав нь дурамжхан байсан ч би түүнийгээ бусдын гар харуулахгүй юмсан гэж маш их хүсэж байлаа. Хэзээ нэгэн цагт Сараа минь урьдынх шигээ дэгдэн харайх болно гэж итгэсээр байсан ч тэр минь одоо төмөр тэргэнд хадаатай нэгэн болсон. Ааш зан нь ч миний мэдэх Сараа биш болж, юм л бол өвчин ярьж, юм л бол эм тариа мөрөөдөж суух болсныг би өөч зангаараа олж хараад байдаг байж ч магадгүй. Би бараг зургаан жилийн турш Сараатайгаа хамт амьдарсан. Хүүгээ ч өсгөсөн. Ингээд нэг л өдөр хүүгээ тэврээд нулимсаа арчаад тэдний гэрээс гарсан даа. Тэгэх хэрэгтэй гэж Сараагийн аав хэлж, шаардсаар байсан юм. Харин ингэснийхээ төлөө өнөөдрийг хүртэл олон хүний нүдэнд хатгуур шиг үзэгдэж, хайртай дуртай гэж гүйж гүйчихээд тахир дутуу болсных нь дараа хаяад явдаг өөдгүй залуу гэсэн нэр зүүсэн дээ. Энэ ч үнэний ортой. Би ч сүүлдээ эмэгтэй хүн хүсэж, эмэгтэй хүнтэй нэг оронд орохын төлөө юугаа ч өгөхөд бэлэн болсноо нуух юун. Бүтэн зургаан жил би эр хүн шиг биш гэлэн хүн шиг л амьдарсан. Ингээд хүүгээ тэврээд тэднийхээс гарахдаа бүтсэн хэрнээ дутуу өгсөн бурханы тэр хишигт талархаж чадахгүй, харин гомдон мэгшсээр гэртээ харисан. Гэсэн ч би одоог хүртэл Сараагаа нөгөөх л гэнэн томоогүй, дэгдэн хөөрч гүйдэг, гоо үзэсгэлэнт цагаахан охин хэвээр нь хайрлаж дурсаж явдаг. Харин тэргэнцэр суугаад араас "Зайл" гэж хашгирсан тэр эмэгтэй бол миний санамсаргүй таарчихсан нэгэн гэсгээл байх гэж итгэхийг хүсдэг дээ. Сараа, энхрийхэн хөөрхөн гүнж минь. Чи минь намайг орхиод хаашаа явчихсан юм бэ? Би чамайгаа эргээд ирнэ гэж хүлээсээр л байгаа шүү. Бидний хүү ч бас ээжийгээ үгүйлэн санасаар өсөж байна.
profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.