Аз  жаргалын  сарнайг  өлмийд  чинь  зулъя
Атгахан  зүрхээ  энгэрт  чинь  шигтгэе
Алиахан  инээдээ  сэтгэлд  чинь  хадъя
Амрагхан  чамайгаа  харин  өөртөө  аргамжъя

                    ***   ***   ***    ***

Чи  нүүрэнд  минь  гэрэлтэх  жаргалын  гэгээ
Би  нөмөрт  чинь  дэлбээлэх  хэнзхэн  сарнай
Чи  сэтгэлээс  минь  урсах  хайрын  аялгуу
Би  энгэрт  чинь   эрхлэх  бүсгүй  нэгэн  заяа

                     ***   ***   ***   ***

Зөн  билгийн  ертөнц  үүдээ  нээж
Зүүдэнд  минь  зочид  айлчлан  байхад
Замилангийн  жаягтай  тэрсэж  учирсан
Зүрхний  амраг  чи  минь  алга аа

                       ***   ***   ***   ***

Би  бусдын  хайраас  горьдож  амьдрах
Бурханаас  ялтай  тэрсүүд  нэгэн
Өрөөлийн  жаргалаас  хумсалж  жаргах
Өршөөлгүй  гэсгээгдсэн  өөдгүй  нэгэн

                        ***   ***   ***   ***

Хайр  намайг  өвтгөнө  гэж  би  бодоогүй
Хагацлаар  сүрдүүлж  сөхрүүлнэ  гэж  санаагүй
Хайлган  зүрхийг  минь  сэмлэнэ  гэж  мэдээгүй
Харин  хайрандаа  баясаж  ханиндаа  жаргахыг  л  хүссэн