Гучин долоон он Хэвлэ Имэйл

 
Бичсэн: Б. Дорж   
Бямба, 2008 07-сарын 19

zorig_memorial.jpgМонголд саяхан болсон сонгуулийн луйврыг эсэргүүцсэн ард түмний жагсаалыг төр засгийн удирдлагууд зохих ёсоор зохицуулж чадалгүй, эцэст нь галт зэвсэгээр хүний амь нас хохирооход хүргэсэн 7 дугаар сарын 1-ний цуст үйл явдалд туйлаас харамсаж буйгаа илэрхийлж, 1998 онд бичсэн нэгэн шүлгийг толилуулъя. Энэ шүлэг 1937 оны коммунист яргалалын тухай боловч хүч хэрэглэх, цус асгаруулах, хэлмэгдүүлэлтийн харанхуй сүүдэр Монголд дахин тусах аюулаас хүн арддаа сэрэмжлүүлэх үзэл санаагаар бичсэн болно.
Б.Дорж : 37 он /С.Зориг агсны дурсгалд/

37 он
Элэрч баларсан домог биш
37 он
Эзэн биегүй гамшиг биш

37 оныг
Харийн эздийн заавраар
Халхууд өөрсдөө хийсэн юм
Яс цусандаа халдаж
Язгуур угсаагаа балласан юм

Улсаа гэснийг нь нухаж
Ухаантай сайныг нь няхаж
Улаан цустай орхимжоор
Уйлсан нулимсыг арчиж
Дуулсан амыг таглаж
Дурсах мөрөөдөхийг цаазалсан юм

37 он
Өөрийгөө зарлаж ирдэггүй юм
Өрхөөр чинь гэнэт сүүтийдэг юм

37 он
Харахын завдал өгдөггүй юм
Хаалгыг чинь гэнэт балбадаг юм

Санаанд оромгүй ялыг
Сайн нөхөрт чинь тулгаж
Үхсэн зовсны чинь төлөөсийг
Үлдэгсдээс дахиж авдаг юм

Эрэг довноос холдоогүй
Эрин зууны даажингууд
Төрийн толгойд олшрохоор
Түмнийг сүйдэлж эхэлдэг юм

Үхэл далласан эрлэг
Үймээн шуугиан дэгдээж
Өсийг тэтгэгч сахиус
Өлөн чоно шиг гэтдэг юм

Чөтгөр шулам хөгжиж
Чөмөг ганлин үлээх шиг

Хувьсгалт лоозон хашгичиж
Хувьгүй олныг дагуулдаг юм

Өлсөж ядарсан ардууд
Өөрийн хүнийхийг ялгахгүй
Улай үзэхийг хүсэх мэт
Уурсан түрхэрч хөдөлдөг юм

Хар дарсан үеэр шиг
Харгилсан догшин үеэр шиг
Хавьтаж ойртсон бүгдийг
Хамж аваачаад булшилдаг юм

Уршиг ихтэй дээдэс ч тэр
Утаа манаргасан доодос ч тэр
Эцэс сүүлд нь өөрсдөө
Элгээрээ харуулдаж уйлдаг юм

Эвийн заяа түшвэл
Дэлхийн титэмд гэрэлтэж
Эцэг дээдсийнхээ зиндаанд
Бардам явахаар түмэн сэн

“Жаахан шаргын шогшоонд”
Алмайрч жаргадаг наран сан
Жаргалтай үрсээ бүүвэйлж
Мэлмэрч л хонодог саран сан

Янагийн домог нууцалсан
Зэрэглээт толгодын нугачаанд

Нялх үхийн минь зулай шиг
Ширэг ногоог цусдаж

Амгалан талд жиргэсэн
Бяцхан шувуудыг цочоон
Алсын уулсыг цуурайлж
Буу л битгий дуугараасай

Төрүүлж өсгөсөн ижийн минь
Үрчлээ хэрсэн хацар шиг
Төрсөн нутгийн минь хөрсөөр
Мэлмэрэх тунгалаг нулимс

Ариун булгийн усанд
Нүглийн сүүдэр тусвал
Ахиад хэзээ ч, хэдийд ч
Цусаар ундарч мэднэ шүү

1998
Б.Дорж

Эх сурвалж:http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2768

Гучин долоон он Хэвлэ Имэйл