Мягмар, 2009 оны 2-р сарын 10 Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Солонгосын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн дарга 83 настай Пэ Со Тонг эмч найман настай хүүгийн эмчилгээг буруу хийснээс хүү амиа алдсан. Энэ талаар түүнээс тодруулах гэсэн боловч тэрбээр туслахаараа дамжуулан “уулзах боломжгүй” гэж хэлүүлсэн. Магадгүй өөрийнхөө бурууг мэдсэн болохоор хийсэн эмчилгээнийхээ зардлыг хүртэл аваагүй биз. Гэтэл тус эмнэлэгт ажилладаг монголчууд түүний “бууны нохой” болоод өмгөөлөн хайцаалж, “зугтах” боломж олгосон нь харамсалтай. Түүгээр ч тогтохгүй эмнэлгийн хөрөнгийг хамтран эзэмшигч, монгол талын эзэн нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам (хуучнаар Үйлдвэр худалдааны яам)-д томоохон албан тушаал хашдаг бололтой нэгэн (нэрийг нь нууцлав) “Сонгдо эмнэлгийн дарга буруу эмчилгээ хийгээд хүний аминд хүрсэн талаархи мэдээллийг битгий гаргаач” хэмээн хэвлэлийнхний амыг таглахыг хичээн, наагуур цаагуур гүйж үзсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр Пэ Со Тонг эмчийн буруу эмчилгээ хийсэн гэдэг нь хэвлэлээр цацагдах тэр даруйд л хамаг юмаа баглаад, товолсон хагалгаагаа ч цуцлан хил даван, нутаг буцсан хэмээн эх сурвалж өгүүлж байгаа. Хагалгаагаа больсон нь ч болж. Эс бөгөөс бас хэний ч амиар тоглох байсан юм билээ бүү мэд. Түүнийг хил давсан эсэх талаар лавлахаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт хандахад “Хэрэв гуч хоногийн визтэй бол манайд бүртгэгдэх ёстой. Харин манай улсад оршин суух зөвшөөрөлтэй бол ямар ч асуудалгүйгээр хил давж болдог. Ямар нэгэн эрүүгийн хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа бол бидэнд мэдээлсэний дагуу хил давахыг нь хориглодог юм. Харин “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн эмчийн талаарх мэдээллийг манайд өгөөгүй болохоор хил давахад нь бид саад хийж чадахгүй” гэв. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийн аминд хүрсэн солонгос эмчийн тухай гарсаар байтал эрх бүхий байгууллагынхан түүнийг зүгээр л хил давуулчихлаа гэж үү. Арга ч үгүй биз дээ түүн шиг өндөр өртгөөр хүн эмчилдэг эмч одоохондоо манай улсад байхгүй болохоор хэдэн бор төгрөгөөр бидний хэдэн монголчуудын амыг нь таглачихаа байлгүй дээ. Тэгээд л өнөөдөр юу ч болоогүй юм шиг эх орондоо амар жимэр алхаж яваа болов уу. Харин энд бид хэдэн биенээ хэмлээд хоцорлоо. Пэ Со Тонгийн буруугаас болоод хүү амиа алдсан гэх мэдээг гарах үед Эрүүл мэндийн яамныхан “Хэрэв “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн даргын буруу гэдэг нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна” хэмээн хариулж байсан. Харин одоо хэрэгтэн эмч хил даваад явчихаар тэд хэнд, яаж хариуцлага тооцох юм бол. Лайг нь үүрч үлдсэнээрээ эмнэлгийн монгол эмч, ажилчид л ажилгүй болж хоцрох биз. Гэхдээ “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хаалгыг нь барьж байвал дээдийн заяа болно байх даа. Гадаад харилцаа хариуцагчид нь өөрийн улсын иргэнийхээ эрх ашгийг хамгаалах байтал “хоёр улсын дипломат харилцаа” энэ тэр гэж найр тавьсаар иргэн ч үгүй, нэр хүнд ч үгүй, чимээ хүлээсэн хэдэн хүмүүс л байгаа. Гэтэл түүний араас Эрүүл мэндийн яам нь орж байх шиг. Саяхан даа “БНХАУ-аас сайн эмч нар ирлээ. Ямар ч өвчнийг эдгээдэг “бурхан” юм аа” л гээд байсан даг. Гэтэл яасан. Мэргэжлийн бус хятадууд тусгаар тогтносон Монгол Улсын нийслэлд тааваараа тарьвалзаж байгаад, “Хүн эмчилж байгаа” нэрээр олон ч хүнийг эрүүл мэнд, амь насаар нь хохироогоод буцсан. Тухайн үед тэдэнд хариуцлага тооцох нь байтугай эгцхэн хараад загначих ч хүн олдоогүй юм шүү. Харин өнөөх хятадууд нь дээрх солонгос эмчийн адилаар мөнгөнд нүдээ ухаад өгчих шахсан хэдэн монголчуудын буянаар нутаг буцацгаасан даа. Тэр үед Эрүүл мэндийн яам байтугай Засгийн газар юу ч хийж чадаагүй. Үүнтэй л адилхан “Хэний хоолыг иднэ, түүнийхээ төлөө хуц” гэдэг зүйр үгийг хамгийн сайн биелүүлж байгаа улс бол “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн монгол эмч, орчуулагчид юм. Хэдий тийм байлаа ч ядаж үндэс угсаагаа бодож болмоор доо. Харамсалтай нь тус эмнэлгийн хаана нь ч очсон хэл амаа билүүдсэн хэдэн монгол хүүхнүүд солонгос эмч нараа өмгөөлөн, монгол хүний амийг юман чинээ бодохгүй байгаа нь юутай гутамшигтай.