Хэдхэн хоногийн дараа хосуудын баяр гэгдэх Валентиний өдөр болох нь. Манай улсын хувьд уг баярыг нэлээд өргөн дэлгэр тэмдэглэх болсоор даруй 10 гаруй жилийг ардаа үдээд байгаа. Ингэхэд Валентиний өдөр гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Гал улаан сарнай, амтат чихэр, лааны будэг гэрэл болоод хайр, халуун дулаан үнсэлт гэх мэт маш олон зүйлс танд бодогддог биз ээ. Жилээс жилд өргөн тэмдэглэх болсон энэ өдөр шөнийн цэнгээний газрууд болон арай гайгүй гэсэн ресторан, зоогийн газрууд хөл гишгэх зайгүй болтлоо дүүрдэг. Өмнө нь энгийн байдалтай байсан ресторанууд хэдэн жилийн өмнөөс Валентиний баярт зориулан тусгайлан чимэглэл хийх болсон нь дурлалт хосуудын анхаарлыг зүй ёсоор татах болов. Уг баяраар эмэгтэй нь түрүүлж найз залуу ч юм уу, эр нөхрөө баярлуулах ёстой. Харин манай улсад энэ байдал эвдэгдэж эмэгтэйчүүдээ баярлуулах байдал нь давамгайлаад байгаа. Үүнтэй санал нийлэх хүн ч цөөнгүй. Ер нь дийлэнх хосууд ямар нэгэн ресторанд оройн зоог барих, кино жүжиг үзэх зэргээр энэ өдрийг өнгөрүүлэх болжээ. Мөн сүүлийн үед залуу дуучид Валентиний баяраар хосуудад зориулан шоу тоглолт хийх болсон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөдөг боллоо. Энэ жилийн хувьд "Тэнгис"-ийнхэн шинэ киногоор бэлэг барьж байгаа. Харин Монгол бөхийн өргөөнд хослон дуулаачдын хамтарсан тоглолт болох гэж байгаа юм билээ. Хайрын үгстэй дуун үдэш хос залууст лав таалагдах нь дамжиггүй биз. Манай улсын нийт хосуудын талаас илүү хувь нь энэ баярт нэг их ач холбогдол өгдөггүй байсан. Тэгвэл өнгөрсөн жилээс нөхцөл байдал бага зэрэг өөрчлөгдөж Гэгээн Валентиний баярын цаад утга учрыг нь ойлгож эхэлснээр тэмдэглэх нь ихэссэн гэх албан бус судалгаа ч байдаг. Гэгээн валентиний баярын бэлэг өөрчлөгдөх үү Энэ жилийн хувьд амтат шоколад моодноос гарахгүй нь бололтой. Харин ч улам олон төрлөөр хэдийнэ худалдаанд гараад эхэлсэн байна. Жил бүрийн энэ өдрийг угтан хэд хэдэн газар дэлхийн шоколадны шилдэг брэндүүдийг танилцуулж үзэсгэлэн зарладаг уламжлал ч энэ удаад алдагдахгүй нь. Мэдээж хайртдаа барих хамгийн сайхан бэлэг нь гал улаан сарнай байж таарна. Тэгвэл цэцгийн дэлгүүрүүд хэдийнэ улаан сарнайн захиалгад дарагдаад байгаа бололтой. Анх Валентиний баярыг тэмдэглэж эхлэхэд бэлэгний сонголт зөвхөн шоколад, цэцэг төдийхнөөр хязгаарлагддаг байсан нь өнгөрчээ. Тэгвэл өдгөө сүрчиг, гоо сайхны бараа гэх мэт хайртдаа хэрэгтэй бэлэг сэлтийг чамин тансаг боолтоор чимэглэж баярын сюрприз болгон өгөх болж. Мөн хэвлэл мэдээлэл хэрэгсэл хөгжсөн өнөө цагт өөрийн дуу хоолойгоороо мэндчилгээ дэвшүүлэх нь бас л гэнэтийн бэлэг болох биз. Энэ мэтчилэн барих бэлэг юунд мундах билээ. Дурлалдаа умбасан хосуудын оройн зоог Гэгээн хайрын өдрийг романтик үдэшгүйгээр төсөөлшгүй. Сонгодог хөгжмийн ая, лааны бүдэгхэн гэрэл, тансаг үнэртэй орчин. Мэдээж энэ бүхэн Валентиний баярын имиж шүү дээ. Тэгвэл 2005 оноос хойш ресторанууд хайрын өдөрт зориулан тусгай цэс зохиох болсон. Тусгай цэсийн чимэг нь улаан дарс. Манай улсад уйл ажиллагаагаа явуулдаг ресторанууд хамгийн ховор дарсуудаа удаан хугацаанд хадгалсан байгаад хосуудад амтлуулдаг. Энэ нь ч дурлалт хосуудад маш ихээр таалагддаг болсон. Харин оройн зоогны дараахи амттанаар ихэнх ресторанууд жимстэй мөхөөлдсийг сонгожээ. Тэд яаж баярладаг вэ? Валентиний баярыг тэмдэглэх болсон түүхийг жил бур ярьдаг болохоор энэ удаад сөхөөд яахав. Ромчуудаас гаралтай энэхүү баярыг европын орнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ялангуяа баруун европын орнууд энэхүү баярыг хамгийн их сүр дуулиантай тэмдэглэсээр иржээ. Голланд, Румын, Франц, Англи зэрэг улсууд шоколадаараа бусдыг гайхуулдаг гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд Валентиний баярын хамгийн том шоколадыг Голландын иргэн Том Хэнкс гэгч эр өөрийн гараар бүтээж сүйт бүсгүйдээ бэлэглэж байсан юм. Энэхүү бүтээл нь зүрхэн дунд байгаа дурлалт хосуудыг дүрсэлсэн байжээ. Европын орнуудаас Чех болон түүнтэй зэргэлдээ орших орнууд Валентиний баярыг ог.т тэмдэглэдэггүй байсан талаар дурдсан байна. Чухам юунаас болж тэмдэглэхгүй байгаа нь олны анхаарлыг татдаг ч одоогоор ямар нэг хариулт нь олоогүй хэвээр. Харин америк тивийн орнуудаас Бразил, Гуатамала зэрэг улс энэ баярыг жилээс жилд өргөн тэмдэглэсээр иржээ. Эрх чөлөөний өлгий нутаг гэгдэх америкчууд харин гэгээн хайрын өдрийг нэг их чухалчилж үздэггүй бололтой. Зөвхөн хүссэн хүмүүс нь л энэ баярыг тэмдэглэдэг гэнэ. Тэгвэл Зүүн Азийн орнууд гэгээн Валентиний баярыг эртнээс гол баярынхаа нэг болгон тэмдэглэж ирсэн заншилтай. Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсуудын төрийн тэргүүнүүд өөрсдөө гэгээн Валентиний баярын гол үлгэр дуурайл болж ард түмнээ уриалан дууддаг ажээ. Манай өмнөд хөрш ч гэсэн энэхүү баярыг 20-иод жилийн өмнөөс өргөн дэлгэр тэмдэглэх болсон. Зүүн Азийн орны бүсгүйчүүд хайртдаа шоколад бэлэглэснээр Валентиний баярыг эхлүүлдэг аж. Өмнөд Солонгосчууд нийтээрээ яг нэгэн цагт шоколад бэлэглэх ёслолыг үйлддэг гэхэд болно.