Ерөнхий сайд нуруу,  нугасны мэс заслын эмч нарыг гомдоож,  монгол эмч нарт итгэх иргэдийн итгэлийг бууруулав уу

МУ-ын Ерөнхий сайд С.Баяр мориноос унаснаас болж нурууных нь үений  яс  цуурч, бэртсэн. Тэрээр бэртлээ “Сонгдо” гэх Солонгос эмнэлэгт үзүүлжээ. Тэрээр энэ төрлөөр ажилладаг Монгол эмч нартаа, Монголынхоо клиникүүдэд итгэсэнгүй юу гэдэг асуулт эндээс урган гарна. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд маань гэмтлээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон бөгөөд тэрээр өнөөдөр эх орондоо ирнэ.

Энэ байдлаас үүдээд нуруу нугасны  гэмтлийг  дотооддоо  эмчлэх боломжгүй юм байна гэсэн бодол бидний олонхид төрсөн ч байж мэдэх юм.  Хэрвээ ийм бэртлийг   эмчилдэггүй  юм бол нуруу нугасаа гэмтээсэн хүмүүс бүгд гадаад орныг зорих болж байна уу, эсвэл өвчнөө хувь заяандаа даатгаад орхих  уу…

Энэ асуултад хариу хайж  манай улсын нуруу нугасны төв эмнэлэг болох  Шастины нэрэмжит улсын клиникийн нэгдсэн гуравдугаар  эмнэлэг,  мөн  Гэмтэл, согог судлалын үндэсний төвийг зорилоо.

Нэгдсэн 3-р эмнэлгийн Нуруу, нугасны клиникийн тасгийн  эрхлэгч, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч Х.Хусаянтай  уулзахад, тэрээр ярилцлага өгөхөөс татгалзаж,  өөрийнхөө санаа бодлыг хувь хүний зүгээс илэрхийллээ. Тэрээр Ерөнхий сайдыг улсдаа ганцад тооцогддог нуруу нугасны клиникт нь ирж үзүүлээгүйд сэтгэл  дундуур байгаа бололтой байсан  юм. Х.Хусаян эмч:

-Чиний сонирхож байгаа асуудлаар манай тэргүүлэх  эмч н.Болд сайн ярих байх.  Тэр  Өмнөговь руу дуудлагаар явсан.
 
-Хэзээ ирэх бол?

-Тархиндаа цус харвасан хүн рүү УАЗ-469 машин унаад явсан даа. Өнөөдөр ирэх ёстой.  Бид ийм л машинаар хүнд өвчтөндөө үйлчилж, бас  эмч нараа урт зам туулуулж байна шүү дээ. “УАЗ-469” машинаар нуруу, нугас, тархины гэмтэлтэй, цус харвасан  хүнийг хүртэл хот руу авчрах хэрэг гардаг. Энэ төрлийн гэмтэлтэй хүнийг ямар байдалд зөөвөрлөх ёстойг та бүхэн мэдэх л байх. Гэтэл “УАЗ-469” гэдэг машин маань ямаршуухан билээ. Уул нь тэр “жийп”  энэ тэр гээд арай өөр машин ийм үед хэрэгтэй байх юм. Тэгээд  бас цус харвасан,  хүнд гэмтэлтэй, үхэл сэхлийн заагт байгаа  хүмүүс  хотоос  эмч, түргэн тусламж дуудах эрхтэй байдаг.  Гэтэл зарим хөдөө орон нутгийн эмнэлгийн эмч нар үүнийг ойлгуулахгүй, амь нас нь дэнжигнэж байгаа  хүнийг  онгоцонд суулгаад явуулж байх юм.  Хөвсгөл  аймагт ийм тохиолдол  хэд хэд гарлаа.  Тэр  өвчтөнүүд чинь хотоос  эмч дуудах эрхтэй шүү дээ.  Зардлыг нь  эрүүл мэндийн төсөвт суулгачихсан байдаг юм.  Баян-Өлгий аймгаас гэхэд л хоёр хоногийн өмнө ийм өвчтөн онгоцоор  ирлээ.

-Орон нутагт нь эмчлэх боломж байхгүй юу?

-Энэ чинь маш хүнд, нарийн мэдлэг мэргэшил  шаардсан  хагалгаа.

-Хол газар дуудлагаар  явах тохитой унаа авч болохгүй юу?   
         
-Төсөв хүрэлцэхгүй  гэдэг шүү дээ.

-Ерөнхий сайдад  танай  мэргэжлийн эмч нар  ямар зөвөлгөө өгсөн бэ?  
-Зөвөлгөө өгөөгүй. Бидэнд ирж үзүүлээгүй шүү дээ. Солонгосын “Сонгдо” эмнэлэгт  очсон гэсэн /ингэж хэлэхдээ тэрээр бухимдангуй  байлаа/.  

-“Сонгдо” эмнэлэгт  Солонгос эмч нар арай илүү оношилгоо хийж, эмчлэх үү?  
-Улсын клиникийн нэг, хоёрдугаар  эмнэлэгт хийдэг оношилгоог л хийж, бидний   л адил  эмчилдэг.

-Танай эмнэлэг чинь нуруу, нугасны улсын төв клиник гэсэн.  Нурууны үений цууралт, нугасны гэмтлийг  ямар түвшинд  эмчилж байна?
-Ер нь олон улсын түвшинд хүрсэн шүү дээ. Эмчилж ч байгаа. Гэхдээ нарийн  мэргэжлийн  зарим техник дутуу л даа.  Гэсэн ч бүх хагалгааг хийж, эмчилж эдгээж байна. 
 
-Энэ тухай дээш нь хэлж болдоггүй юм уу.  Техник хэрэгсэл шаардлагатай  байгаагаа мэдэгдсэн үү?
-Мэдэж  л байгаа шүү дээ.  Яриад л байдаг. Мөнгөтэй боломжтой нэг нь гадагшаа явж эмчлүүлдэг болохоор  энэ талаар   санаа зовж  байгаа эсэхийг мэдэхгүй юм даа.  Би  энэ талаар  ярихгүй гэсэн шүү дээ. Чи  н.Болд эмчийг Өмнөговь аймгаас ирэхээр нь уулзаж ярилц.

Ийм  байдлаар  Х.Хусаян эмч, бид хоёрын  яриа өндөрлөлөө. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Тархи, нуруу нугасны клиникийн эрхлэгч н.Оюунтөгстэй  уулзахаар очих үед  тэр мэс засал хийлгэсэн өвчтнөө үзэж байлаа.

-Ерөнхий  сайдын  нурууны 11-р үений нугалам цуурсан гэсэн.  Ийм бэртлийн үед ямар  эмчилгээ  шаардлагатай вэ?

-Энэ үед удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлэх ёстой. Ойролцоогоор 45 хоног, хоёр сар ч байж болох юм.  Хурдан босгохын тулд   мэс засал хийж  болно.  Гэхдээ  эрсдэлтэй.

-Тэгвэл энэ бэртлийг Солонгос улсад ямар аргаар эмчилдэг юм бол?

-Ерөнхийдөө манайх, Солонгос  хоёр  адилхан.  Би өөрөө Солонгост  энэ чиглэлээр номыг нь үзэж,  ажиллаж байсан.  Гэхдээ тэнд  эрсдлийг  сайн тооцож, мэс засал хийж болох л  юм л даа. Ерөнхий сайдын нурууны гэмтлийг би үзээгүй учраас  хэлж мэдэхгүй байна.

-Бид тэгээд  монгол эмч,  монгол эмнэлэгтээ итгэж болох уу. Ерөнхий сайд  та нарт  үзүүлээгүй гадаадыг зорьсон байна шүү дээ?
-Ерөнхий сайдаас өөрөөс нь энэ тухай асуу /ундуйцав/

 -Монгол, Солонгос улсын эмчилгээ, оношилгоо нэг их ялгаагүй гэж  хэлэх гээд байна уу?
-Манайх нурууны  хугарал, цуурлыг дэлхийн түвшинтэй  адилхан л  эмчилж, эдгээнэ.  
 
-Гадаад  явж мэс засалд орсон хүмүүс гол төлөв дурангийн  хагалгаа хийлгэсэн гэх юм?

-Нуруу нугасны дурангийн хагалгаа манайд одоохондоо хөгжөөгүй байгаа нь үнэн. Энэ бол маш үнэтэй.  Манай нэг эмч Гонконг улсад энэ чиглэлээр суралцаад ирсэн. Даанч техник нь байхгүй болохоор  энэ төрлийн хагалгаа хийж  чадахгүй байна. Гэхдээ бидний хийж байгаа мэс заслын дараа  өвчтнүүд  удаан хугацаагаар хэвтрийн дэглэм сахих  шаардлагагүй. Өмнө нь нуруу, нугасны хагалгаа  хийлгэсэн хүмүүс босолгүйгээр  гурван сар  хэвтдэг  байсан. Одоо  бол 4-5  хоноод босоод явах  боломжтой.  Мөн бид өндөр настай хүмүүст тохиолдолддог ясны хугаралд  мэс ажилбар хийгээд маргааш нь өвчтөн босч  байх жишээтэй.

Манай клиникт нурууны нугалмын бяцарсан хугаралттай, нугасаа хагас гэмтээсэн өвчтөн нэг сарын 30-нд хагалгаанд орсон. Өнөөдөр өвчтөн маань босоод  явж л  байна.  Манай хагалгааны арга технологи  сайжирсаны  нэг жишээ энэ.  Чи анзаарсан уу, үгүй юу,  би сая яг чамайг ирэхэд  1-р сарын 29-нд хагалгаанд орсон өвчтөнг “одоо босч яв” гээд хэлээд  байж  байлаа. Бидний хийж байгаа хагалгаа, найдвартай дэлхийн түвшинд хүрсэн учраас  дөрөв  тав хоноод л хөл дээрээ босч байна.  Харин нугас гэмтсэн бол өөр.

-Их олон хүн эмчлүүлж байгаа харагдах юм?

-Манай тасаг 45 ортой.  Бүх ор  л эзэнтэй  байна даа.

-Осолдож гэмтлээ гэх мэдээ их дуулдах юм?
-Таван   жилийн өмнө нийт нас баралтын шалтгаан болсон  өвчнүүдийн  зургаад  осол гэмтэл  орж байсан бол одоо гуравт явж байна.  Ялангуяа жижиг  уурхай, барилга дээр ажиллаж байгаа хүмүүс олноороо бэртэж гэмтэх юм. Бас холын замын осол ч тасрахгүй шүү.   

-Манай олонхи эмнэлэгүүд техник тоног төхөөрөмжгүй, эсвэл хуучирсан гэж гомдоллодог. Танайд энэ бэрхшээл ямар байна?
-Нуруу нугасны мэс засал маш өндөр өртөгтэй, өндөр ур чадвар ч шаарддаг.  Одоо авч байгаа даатгалын мөнгөөр шинэ техник технологи  нэвтрүүлнэ гэдэг хүнд. Гэхдээ манай эмнэлэг нуруу нугасны мэс заслын хоцрогдсон байдлыг арилгая, шинэчилье гэж төлөвлөөд миний бие  2001 оноос Хятад улсад суралцаад, ном сэтгүүлээс судлаад  мэс заслын орчин үеийн  техник технологи, аргыг нэвтрүүлж  эхэлсэн. Хөгжингүй   орнуудын  хэрэглэдэг металл эдийг нуруу, нугасанд суурилуулж байна. Энэ нь маш өндөр өртөгтэй л дээ. Нэг метал эд гэхэд л 800 америк доллар. Тиймээс бид  гадны  орнуудаас  хуучирсан загвартай метал эдийг хямд үнээр авч хэрэглэдэг. Ингэж л хэрэгцээгээ  хангаж байна даа. Гэхдээ энэ нь мэс  заслын  эмчилгээний  чанарт, хүний биед муугаар  нөлөөлнө гэсэн үг биш ээ.  Манайх  Солонгос, Хятад Америк улсад суралцсан чадварлаг, мэргэжлийн  эмч нартай. 

-Ийм техник ашигласан  мэс засал төлбөртэй юу?

-Үгүй. Мэс заслаас  төлбөр  авдаггүй. 

-Тэгээд танай  эмнэлэгт энэ чиглэлээр хийж чадахгүй хүнд мэс засал гэж бий юу?

-Бүх төрлийн мэс заслыг хийж байна. Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хийдэг мэс засалтай  адилхан. Хэрэглэдэг материалаараа л өөр байх болов уу.

Нуруундаа гэмтэл авсан  охиноо  нэгдсэн гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа  Өмнөговь аймгийн  Ханхонгор сумын иргэн  Түмэн-Өлзий:

-Манай охин 18 настай. Нурууны зөөлөн эд эвэрсэн, мэдрэлийн судас дарагдсан гэсэн онош  гарсан. Улсын клиникийн 2-р эмнэлэгт томографийн зургийг 130 мянган төгрөгөөр авахуулсан. Нэг дэх өдөр энэ нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтээд өнөөдөр  /пүрэв гаригт/ хагалгаанд орлоо.  Бие нь гайгүй гэсэн.   Бид хоёр хотод ирээд хориод хонож байна.

-Мөнгө их л хэрэг болж байгаа даа?  

-Би 400 гаруй мянган төгрөгтэй ирсэн.  Эмчилгээ, шинжилгээ гээд өдрийн хоол, нааш цааш явсаар одоо 30 мянган төгрөгтэй л үлдлээ. Одоо эмчилгээний зардлаа хайгаад л хүмүүстэй уулзаж байна.

-Мэс засалд ороход  төлбөр авсан уу?
-Цус алдалтын гэл үү дээ  80 мянган төгрөг л авсан. Мэс заслын төлбөр аваагүй.  Эмч нар нь их сайхан ааштай, тайлбарлаад өгдөг юм билээ.  Үйлчилгээ нь сайн юм.

Ийнхүү тус клиникээр хийсэн сурвалжлага маань өндөрлөж байна. Бид Монгол улсаа гэсэн сэтгэлээ цээжээ дэлдэж бус харин алхам тутамдаа Монголчууддаа итгэл үзүүлж, Монгол гэсэн бүхнээр үйлчлүүлж, худалдан авч нэг нэгнээ харилцан дэмжиж байх ёстой билээ.