Сарын тэмдэг ирэхийн өмнөх хам шинж нь сарын тэмдэг ирэхээс 2 долоо хоногийн өмнөөс эхлэн биеийн болон сэтгэл санааны байдал, зан үйлд гарах өөрчлөлтүүдээр илэрдэг. Сарын тэмдэг ирэхэд шинжүүд алга болно. Энэ нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох ба давтан илрэх хандлагатай байдаг. Эмэгтэй хүн болгонд энэ хам шинж илрэхгүй. Манайд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн … хувьд СТИӨХШ тохиолддог. Нас ахих болон стресст ороход улам хүчтэй илрэх хандлагатай.
 
    СТИӨХШ -ийн шалтгаан нь тодорхой биш боловч хэд хэдэн нөлөөлөх хүчин зүйлүүд тогтоогджээ. Сарын тэмдгийн мөчлөгийн үед гарах дааврын хэвийн өөрчлөлтүүд болон сэтгэл санааны байдалд нөлөөлдөг тархины серотонин бодисын ялгаралтанд зарим эмэгтэйчүүд мэдрэг байдаг. Иймээс СТИӨХШ нь шилжилтийн үе, хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэх, зулбах зэрэг дааврын тэнцвэрт эрс өөрчлөлт гарах үед хүчтэй илэрдэг. Аминдэмүүдийн дутагдалд орсон болон давс, чихэр, каффеин, тамхи хэрэглэдэг эмэгтэйчүүдэд СТИӨХШ олонтаа тохиолддог. Кальци, А, Е, В аминдэмүүдээр баялаг биш хоол идэх нь серотонины хэмжээг бууруулж сэтгэлээр унах байдлыг нэмэгдүлнэ. Давс их хэрэглэвэл шингэн биед илүүдэл хэмжээгээр хуримтлагдаж хөөнө. Архи болон каффеин их хэрэглэвэл сэтгэл санааны тэнцвэрт байдалд нөлөөлнө. Түүнчлэн удамд нь СТИӨХШ, сэтгэл унал эсвэл төрсний дараах сэтгэл уналтай хүн байгаа тохиолдолд СТИӨХШ илрэх эрсдэл нэмэгддэг. Хөдөлгөөн багатай ажил хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд болон олон төрсөн эмэгтэйчүүдэд СТИӨХШ тохиолдох нь элбэг байдаг.
 
    СТИӨХШ-д нийтдээ 150 гаруй шинжүүд хамрагддаг. Эдгээрийг биеийн болон сэтгэл санаа/зан үйлийн гэсэн хоёр бүлэгт хуваадаг. Хамгийн элбэг тохиолддог биеийн шинжүүдэд хэвлийгээр базалж өвдөх (сарын тэмдэг ирэхээс өмнө), хөх томорч хөндүүрлэх, ядрах, хавагнах, толгой өвдөх, нуруу өвдөх, хөл гар хавагнах, шөрмөс татах, жин нэмэгдэх, батга гарах, дотор муухайрах, өтгөн хатах, гүйлгэх, хоолны дуршил нэмэгдэх, гэрэл болон дуу чимээнд мэдрэмтгий болох зэрэг шинжүүд орно. Амархан уур хүрэх, сандрах анхаарал төвлөрөхгүй байх, амархан мартах, өөртөө итгэлгүй байх, хий юм харах, бэлгийн дуршил өөрчлөгдөх эсвэл сэтгэлээр унах зэрэг сэтгэл санаа/зан үйлийн шинжүүд тохиолдох нь элбэг байдаг.
 
    СТИӨХШ-ийг оношлохын тулд тэмдэглэл хөтөлж сарын тэмдгийн мөчлөгийн хэд дэх өдөр ямар шинж илэрч байгааг бичиж улдээж байх хэрэгтэй. Энэ тэмдэглэлээ аваад та эмчдээ очоорой! СТИӨХШ-ийг оношлох тусгай шинжилгээний арга байдаггүй тул дээрх шинж тэмдгүүд илэрдэг бусад өвчнүүд байж болох эсэхийг нягтлан үзэж, сарын тэмдгийн мөчлөгтэй шинж тэмдгүүдийн илрэл хэрхэн холбоотой байгааг тогтоож байж эцсийн оношийг тавина. Дотуур үзлэг хийх, умайн хүзүүнээс эсийн шинжилгээ авах болон бусад шинжилгээнүүдийг хийх шаардлага гарч болно. Тэмдэглэлээ хэдэн сараар үргэлжлүүлэн хөтлөх хэрэгцээ гарч болно. Хэрэв шинж тэмдгүүд хэдэн сарын туршид өндгөн эс гадагшлах үеэс эхлэн сарын тэмдэг ирэх хүртэлх хугацаанд үргэлжилж байвал СТИӨХШ гэж оношилно. Бусад үед дээрх шинжүүд илэрч байвал энэ нь СТИӨХШ биш, өөр эмгэгийн улмаас илэрч байна гэж үзнэ.
 
    СТИӨХШ-ийн эмчилгээ нь илрэх шинжүүдийн хүч болон хүндээ хэр их шаналгаатай байгаа зэргээс хамаарна. Эмчилгээний явцад сарын тэмдгийн мөчлөгийн тэмдэглэлээ үргэлжлүүлэн хөтөлж байх нь эмчилгээний үр дүнг хянахад тусална.

Хэрэв СТИӨХШ-ийн илрэл хүчтэй биш, өдөр тутмын үйл ажиллагааг алдагдуулахгуй бол
 дараах эмчилгээний аргуудыг хэрэглэнэ


Үүнд:

        * Хивэг болон шинэ жимс ногоо хоолондоо түлхүү хэрэглэж давс, чихэр, каффеин, архи хэрэглэхийг багасгах (ялангуяа СТИӨХШ илэрч байх үед). Өдөрт бага багаар олон удаа хооллох нь зарим эмэгтэйчүүдэд үр дүнгээ өгдөг.
        *  Өдөр бүр мультивитамин хэрэглэснээр шинж тэмдгүүдийн илрэл багасна.
        * Биеийн тамираар хичээллэх нь ерөнхий биеийн байдлыг сайжруулж, СТИӨХШ-ийн илрэлийг сулруулна. Долоо хоногийн ихэнх өдрүүдэд доод тал нь 30-60 минут хурдан алхаж, дугуй унаж, усанд сэлж эсвэл бусад идэвхтэй хөдөлгөөн шаардсан спортоор хичээллэж байх хэрэгтэй.
        * Булчин сулруулдаг эсвэл гүнзгий амьсгалдаг дасгалууд хийж стрессээ тайлснаар толгойны өвдөлт багасч, сэтгэл санаа тайвшран, нойр сайн хүрнэ. Мөн стресс ихтэй ажлуудаа сарын тэмдэг ирсний дараагийн долоо хоногт нь төлөвлөж хийх нь зүйтэй.
        * Хангалттай унтаж амарч байх нь чухал. Сарын тэмдэгний мөчлөгийн туршид шаардагдах нойрсох хугацаа өөрчлөгддөгийг анхаарах хэрэгтэй.

Дээр дурьдсан байдлаар амьдралынхаа хэв маягт өөрчлөлт оруулах нь СТИӨХШ -ийн илрэлийг багасгахад хангалтай эмчилгээ болж чадахгүй тохиолдолд эмийн эмчилгээ хийнэ

Үүнд:

        * Эмчийн жоргүй олгогддог өвчин намдаах, үрэвслйн эсрэг эмүүд (жишээ нь, ибупрофен). Эдгээр нь каффеин, антигистамин болон шээс хөөх үйлчилгээтэй бодис агуулсан байдаг. Аспирин нь сарын тэмдгийн хэмжээг нэмэгдүүлдэг тул хэрэглэхгүй байхыг зөвлөе.
        * Шээс хөөх эм хэрэглэснээр биеийн илүүдэл шингэнг гадагшлуулж хаван ба жингийн нэмэгдлийг багасгана.
        * Жирэмслэлтээс хамгаалах эмүүд нь дааврын ялгаралтыг зохицуулж шинж тэмдгүүдийн илрэлийг бууруулах боловч энэ арга нь хүн бүрт үр дүнгээ өгдөггүй.
        * Сэтгэл уналын эсрэг эмүүд. Шинж тэмдгүүд хурц илэрсэн үед сэтгэл уналын эсрэг эмүүд хэрэглэх нь үр дүнгээ өгдөг. Ялангуяа серотонины ялгарлыг зохицуулах үйлчилгээтэй эмүүдийг сэтгэл унал хүчтэй илэрсэн үед хэрэглэхэд тохиромжтой.
        * Кальци. Өдөрт 1200 мг кальци хэрэглэх нь СТИӨХШ –ийн биеийн болон сэтгэл санааны шинжүүдийг бууруулна.
        * Магни. Өдөрт 200 мг магни хэрэглэх нь хаванг бууруулж, хөхний хөндүүрлэлтийг багасгана.
        * Витамин В6. Зарим эмэгтэйчүүдэд өдөрт 50-100 мг витамин В6 хэрэглэснээр шинж тэмдгүүдийн илрэл сулардаг.
        * Витамин Е. Өдөрт 400 IU витамин Е хэрэглэснээр простагландины ялгарал багасч хэвлийгээр базалж өвдөх, хөх хөндүүрлэх зэрэг шинжүүд буурна.
        * Ургамлын гаралтай эмүүд. Цагаан гаа, улаалзганы навч, багваахай цэцэг, яргуй зэргийг СТИӨХШ –ийг эмчлэх зорилгоор хэрэглэдэг боловч тэдгээрийн үр дүнгийн талаар хангалттай судалгаа хараахан хийгдээгүй байна.

СТИӨХШ -ийн шалтгаан нь тодорхой бус тул шинж тэмдгүүд бүрэн арилахгуй. Гэхдээ амьдралынхаа хэв маягт өөрчлөлт оруулснаар шинж тэмдгүүдийн хүчийг сулруулах боломжтой.