Элгийг гэмтээгч есөн зүйл гепатит үүсгэгч вирус тогтоогджээ
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод долоон төрлийн халдварт өвчний 117 тохиолдол гарсан бөгөөд үүний 35.9 хувь нь вируст гепатит, 23.8 хувь нь цусан суулга, 22.2 хувь нь салхин цэцэг өвчин зонхилж байна. Нийслэлд жилдээ таван сая тонн нүүрс түлдэг дулааны гурван цахилгаан станц, 400 тонн нүүрс хэрэглэдэг 250 гаруй жижиг уурын зуух ажиллаж байгаа бөгөөд эдгээр уурын зуух болон станцууд хотын агаарт 200 гаруй төрлийн хорт бодис цацдаг гэсэн тооцоо гарчээ.

Эдгээр хорт бодисууд нь янз бүрийн өвчлөлийн эх үндэс болж байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд манай улсад хорт хавдраар өвчилж байгаа хүмүүсийн тоо эрс ихэсч 20 жилийн өмнө жилд 2000-2500 хүн энэ өвчнөөр өвчилдөг байсан бол сүүлийн үед жил бүр 3000-3500 хүн өвчлөх болжээ.
Ийн хорт хавдраар өвчлөгсдийн тоо ихэссэн нь агаарын бохирдол, хүнсний бүтээгдэхүүний чанар муудаж байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Мөн утаанаас үүдэн хамар, хоолойн үрэвсэлт өвчнөөр бага насны хүүхэд өвчлөх нь ихэсч энэ нь хүүхдийн өвчлөлийн 60 орчим хувийг эзлэх болсон тухай Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч нар ярьж байна.

Ямар өвчнийг вируст гепатит гэх вэ?

Элэгний үрэвсэл үүсэхэд нөлөөлөх олон шалтгаанууд бий. Хамгийн гол шалтгаан бол вирусын халдвар. “А” вирус бохир гараар дамжин халдварладаг бол хамгийн элбэг тохиолддог “В”, “С” вирус тариур, мэс заслын дутуу ариутгагдсан багаж хэрэгсэл, арьс салстын бүтэн байдал алдагдах, архидалт, бэлгийн замаар, бохир хоол хүнс, хөгцөрсөн ааруул, хүнсний бүтээгдэхүүн, лаазалсан жимс, жимсгэнэ, хуванцар савтай элдэв төрлийн масло зэргээс халдварлаж болно.
Элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн 20 жил тасралтгүй нэмэгдэж жил тутам энэ тоо өсөөд байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Элэгний хорт хавдраар нэг нас хоёр сартай хүүхдээс 90 хүртэлх насныхан өртсөн тохиолдол бүртгэгджээ. Ялангуяа идэр залуу насандаа шарласнаас улбаалан элэгний үрэвсэлтэй болсон хүмүүс 20-30 жилийн дараа элэгний архаг үрэвсэл, хатуурал болон улмаар хавдарт шилждэг байна. өнөөдөр манай улсын хэмжээнд бүртгэгдээд байгаа дээрх өвчнөөр өвчлөгсдийн 60 хувь нь 35-45 насныхан байна. 100 мянган хүн амд 50,5 тохиолдол байна гэсэн судалгаа гарчээ. Үүнд эрэгтэйчүүд 62,4, эмэгтэйчүүд 35,3 хувиар хамрагдаж байна. Элэг гэдэг эрхтэн маань гаднаас биед орж байгаа бүх  зүйлсийг хоргүйжүүлэхийн тулд шүүх үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч элэг уйлбал уйлж, инээвэл инээдэг гэж ярьдаг. Хүмүүс элгээ хөштлөө инээлээ гэж ярьдаг нь оргүй үг биш байх.
Элэг өөрөө өвчлөөд шууд хорт хавдар болдоггүй бөгөөд үрэвсэл үүсгэгч вирус хүний биед нуугдмал байдлаар 6-8 жил болоод илэрдэг нь аюултай. Элэг өвчлөхөд биеэр бага зэрэг тууралт гарах, гарын алга улайж загатнах, ядрах, турах, амархан сульдах, хамар, буйлнаас цус гарах ерөнхий шинж тэмдэг илэрдэг байна.
Элгийг зонхилон гэмтээгч вирусийн бүлэг өвчнийг вируст гепатит өвчин гэдэг. Халдвар үүсгэгч вирус нь төрөл зүйл, халдварлах механизмаараа ялгаатай. Элэгний эс гэмтэж, үйл ажиллагаа нь хямарч, аль нэг хэмжээгээр хордлогын шинж илэрч, арьс салст шарлах нь уг өвчний нийтлэг шинж аж. өнөөдөр А, В, С, Д, Е, F, TTV, SEN гэсэн есөн зүйл гепатит үүсгэгч вирус тодорхойлогджээ.

“А” гепатит нь интеровирусээр үүссэн элэгний цочмог үрэвсэл бөгөөд элэгний эд эс гэмтэж үйл ажиллагаа нь хямран ерөнхий хордлогын болон шарлах шинжүүд илрэх хэдий ч өвчин нь цочмог хөнгөн өнгөрч өөрийн жамаар эдгэрдэг байна. Хүнээс хүнд халддаг гэдэсний халдварт өвчин юм. Аюулхай орчим эмзэглэх, дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоолонд дургүй болох урьдал үеийн дараа арьс салст нь шарлаж шээс нь өтгөрөх шинж тэмдэг илэрдэг байна. Илрэх шинжээр нь шарлалттай, шарлалтгүй, балархай, шинж тэмдэггүй гэх бөгөөд цочмог 1-3 cap, ужиг 3-6 cap үргэлжилдэг байна. өвчлөгсдийн ихэнх нь буюу 90 хувь нь эдгэрдэг.

“В” гепатит парентераль замаар халдварлаж, элгийг зонхилон гэмтээгч вирусын халдварт өвчин юм. Өвчин олон төрөл байх ба вирус хадгалагч шинж тэмдэггүй хэлбэрээс элэгний цочмог дутагдалд хүргэх хүнд хэлбэрийн гепатит, цирроз болон хавдар үүсгэдэг. В гепатит бэлгийн замаар болон цус сэлбэх, мэс ажилбар хийх, шүд эмчлүүлэг, эмэгтэйчүүдийн ариутгагдаагүй хэрэгслүүдээс халдварладаг.
Энэ вирусээр эрэгтэйчүүд хадгалагч болох нь элбэг байдаг өвчний явцыг нууц үе, шарлалтын өмнөх урьдал, шарлалттай, эдгэрэх гэсэн үед хуваадаг. Шарлалт, хордлогын хэмжээ нэмэгдэх тусам элэгний хэмжээ багасах нь элэгний хурц дутагдал үүсч буйн илрэл аж. Шарлалтын эхний 10 хоногт дэлүү томрох нь өвчлөгсдийг 25-30 хувьд ажиглагддаг. Энэ өвчний үед хоолны дэглэмийг нарийн чанд сахиж, хөдөлгөөний хязгаарлалт хийх нь чухал.

“С” вирус нь хүнээс хүнд халдварлан элгийг зонхилон гэмтээдэг вирусын халдварт өвчин юм. Гол төлөв цус сэлбэсний дараа 90 хувьд үүсч цочмог хэлбэр нь ихэнхдээ элэгний үрэвслийн хөнгөн хэлбэрээр явагдах боловч архагших нь элбэг. Цочмог “С” гепатитаар өвчлөгсдийн 50-85 хувьд халдвар архагшиж вирус хэдэн арван жилээр хүний биед үлдэж хоцордог. Энэ гепатит ялгаагүй нэн хүнд хэлбэр, архаг гепатит, элэгний цирроз, хавдар үүсэх үндэс болдог. Халдвар авсанаас хойш эхний зургаан сарыг өвчний хурц үе гэж үздэг. 2-6 долоо хоногийн турш нууц үе нь явагддаг.
Архаг “С” гепатит өвчтэй хүн 20-30 жилийн дараагаар аажмаар элэгний хатууралд шилждэг. Мөн архи хэрэглэх явдал нь өвчний явцыг хурдасгаж, элэгний хатууралд богино хугацаанд хүргэдэг байна. Архаг “С” гепатит өвчтэй хүмүүс нь байнга ханиад төст шинжүүд илэрдэг. Ядарч, сульдах, огиудас хүрэх, чичрүүдэс хүрэх, ходоод, үе мөч өвдөх, толгой өвдөх, эргэх, биеэр тууралт гарах, сэтгэл гутралд орох, нойргүйдэх, хоолны дуршил муудах, жин нэмэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж.
Архи хэрэглэх нь вирусын халдварыг улам даамжруулж, өвчний явцыг хурдасгадаг. Судалгаанаас харахад өдөрт 1-2 хүндага архи уухад С, В вирусын гепатиттай өвчтөний элэгний хатууралд хүрэх явц улам хурдасдаг байна. Тамхи татдаг бол тамхиа хаях, кофе, өөх тостой, шарсан хуурсан, халуун ногоотой хоол хүнснээс татгалзаж амьдралын зарим хэв маягаа өөрчлөх хэрэгтэйг анхааруулж байна.