Ням гариг буюу өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт нэг, Дорнод, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтэс тус бүр нэг гал түймрийн дуудлагаар ажилласан байна. Үүнд: -нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Жаргалант”-ын 12А дугаар гудамжны 263 тоотод гэр шатсаныг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 63 дугаар анги унтраасан бөгөөд энэ галд иргэн С /52 настай, эрэгтэй/ нас барсан харамсалтай явдал болжээ. -Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Ургац” хороололд оршин суугч иргэн Г-ийн гурван тн өвснөөс нэг м3 нь шатсаныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 52 дугаар анги унтраасан байна. -Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 15 тоотод оршин суугч иргэн Ч- ын илүү гэр, 27 бог мал шатаж тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 36 дугаар анги унтраажээ. Хүйтний улиралд гал түймэр ахуйн байдлаар буюу гал түлдэг айлууд болох хашаа байшин, гэрт амьдардаг иргэдийн болгоомжгүйгээс ихээр гарч эрдэнэт хүний амь нас үрэгдсээр байгаа юм. Иймд холбогдох албаны хүмүүс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсаар байгаа билээ.