ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх хоёр дахь шатны хөтөлбөрт гарын үсэг зурлаа

МУЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Делиа Барселона нар ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг 2009-2010 онд зохион байгуулах хоёр дахь шатны хөтөлбөрийн “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөрийн нэгдүгээр шат нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотод хэрэгжсэн бөгөөд одоо хоёрдугаар шат нь мөн Замын-Үүд сум, Эрээн хотоос гадна Булган аймгийн Ярантын боомтын хил орчмын халдварт өртөмтгий эмэгтэйчүүд, хөдөлгөөнт хүн амд ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион явуулахад чиглэгдэх юм.

Энэ  төсөл МУЗН, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраас гадна БНХАУ дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг хамтран дөрвөн талаас оролцож хэрэгжүүлж байгаагаараа онцлог ажээ.