Мэдээлэл өгөх үүднээс нэгэн сонирхолтой ярилцлагыг "Амар Мэнд" сэтгүүл дээрээс та бүхэндээ хүргэе.

Л.Оюун.
АУИС-ийг 1996 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Эрүүл мэндийн боловсрол, арга зүйн төвд арга зүйчээр ажилд орж одоогоор Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих албаны даргын ажил үүргийг гүйцэтгэж байна.
 
Ажиллаж байх хугацаандаа эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр төрөл бүрийн гарын авлага, сурталчилгааны материал зэргийг албаныхаа мэргэжилтнүүдтэй хамтран бэлтгэн гаргасан. АНУ-д нийгмийн эрүүл мэндийн магистр хамгаалсан тэрбээр өдгөө бэлгийн амьдралын боловсролын чиглэлээр докторантурт сурч байна.
 
БЭЛГИЙН ЭМЬДРАЛЫН ТАЛААР НАСАНД НЬ ТОХИРОХ МЭДЭЭЛЛИЙГ ОЛГОХ ЁСТОЙ
 
- Дур тавилт гэдэг үгийг хэн бүр хэлээд байдаггүй. Яагаад ийм нууцлагдмал байдаг юм болоо?
- Дур тавилт гэдэг үг нь өөрийн итгэсэн хүмүүсийн дунд л яригддаг байсан. Бид хүмүүстэй гадаа гудамжинд тааралдаад "Чи дур тавьсан уу? Би дур тавьсан" гэж ярьдаггүй биз дээ. Харин энэ тухай асуудлаа ойр дотны найздаа, эсвэл итгэсэн хүндээ л ярьдаг шүү дээ. Сонирхолтой нь дур тавилтын талаар эрэгтэй, эмэгтэйчүүд өөр өөр хандлагатайгаар ярилцдаг. Эрэгтэй хүний хувьд дур тавих нь эмэгтэйгээ бодвол харьцангуй илүү бөгөөд амар байдагтай холбоотойгоор эрчүүд бэлгийн харьцаанд ороод таашаал авсан тухайгаа илүүтэй их дурдан ярьдаг. Эмэгтэйчүүдийн хувьд энэ сэдэв арай эмзэг асуудал байдаг. Олон жилийн турш, зарим судлаачид эмэгтэйчүүдийг огт дур тавьдаггүй гэж үздэг байсан. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхтэний анатоми, физиологийн онцлогоос болж эмэгтэй болгон бэлгийн харьцаанд орох болгондоо таашаал авч чаддаггүй.
 
Тийм болохоор зарим бүсгүйчүүд огт дур тавьж үзээгүй гэж сэтгэлээ хуваалцаж байдаг. Бэлгийн хавьталд зөвхөн эрэгтэй хүнд таашаал өгөх зорилготой, эсвэл жирэмсэн болох үүднээс ордог гэж боддог эмэгтэйчүүд бас байдаг. Дур тавилтын талаар бид ярихаасаа ичиж, эмээдэг, зовдог. Ялангуяа эмэгтэй хүн. Эрэгтэйчүүд харин сэтгэл хангалуун, гайхуулсан шинжтэй найз нөхдийн дунд "би унтсан эмэгтэй болгоноо хангадаг" гэж ярж байхад эмэгтэй хүн тэр болгон "би секст их сайн, эрэгтэй болгоныг хангадаг, өөрөө бас дур тавьдаг" гэж ярьж байгаа эмэгтэй цөөн байх. Чөлөөтэй ярьдаггүйгээсээ болоод хориотой сэдэв мэт ойлгодог болчихсон. Энэ тухай асуух гэхээр нь "Ямар балай, ичмээр юм асуудаг юм", эсвэл "Бузар булай юм битгий ярь" гэх мэт энэ чинь муу зүйл байна, болохгүй юм байна гэсэн ойлголтыг залууст төрүүлэх хандлагатай.
 
-Дур тавилт гэдэгт нь хүний бэлгийн амьдрал гэдэг асуудалд хамаарах уу? эсвэл нөхөн үржихүйн асуудалд багтах уу?
- Бэлгийн амьдрал гэдэг сэдвийн хүрээнд нөхөн үржихүй, дур тавилт хоёулаа багтана. Яагаад бид бэлгийн харьцаанд ордог юм бэ? Нэг талаас үр удмаа үргэлжлүүлэх, нөхөн үржих зорилготой холбоотой, нөгөө талаас бэлгийн хавьтлаар хосын авь алинд нь мэдрэмж үүсч, таатай зүйлийг мэдэрдэг нь хүний амьдралын сайн сайхны нэг л хэсэг юм.
 
-  Дийлэнх эмэгтэй дур тавьж чаддаггүй гэж ярьдаг. Энэ үнэн үү. Хэрвээ тийм бол үүнийг яаж зохицуулах вэ?
- Харамсалтай нь дур тавьж үзээгүй, чаддаггүй эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол олон байдаг. Гэхдээ энэ асуудлыг зохицуулж болно. Хамгийн түрүүнд хувь хүн өөрийнхөө бие махбодыг танин мэдэх,  өөрийнөө хайрлаж сурах хэрэгтэй. Өөрийгөө танин мэдсэнээр  хамтран амьдрагчдаа, хань нөхөртөө өөрийгөө илүү таниулж мэдрүүлж чадна. Тухайлбал биеийн чинь аль хэсэгт хүрэхэд илүү таалагддаг, ямар үйлдэл хийхэд сайхан санагддаг, мэдрэмтгий цэг хаана байна, ямар хөгжим, ямар үнэрт дуртай вэ? Энэ бүхнээс гадна ямар нөхцөлд бэлгийн харьцаанд ороход чөлөөтэй, тайван байдгаа судлаарай. Үүнийгээ бэлгийн харьцаанд орж байгаа хүндээ илэрхийлж сур. Нарийндаа бол дур тавилтад олон зүйл нөлөөлдөг. Дур тавих гэдэг зөвхөн тухайн агшинд болж буй явц биш. Өмнө нь хосууд бие биедээ татагдах, хоорондоо харц солилцох, үнэр онцгой мэдрэмж төрүүлэх, биесээ илж таалахад хэн хэнд нь таатай байх зэрэг энэ бүгд нэгдэг эмэгтэй хүнийг тур тавихад нь нөлөөлдөг. Мэдээж орчин бас нөлөөлнө. Хаана бэлгийн харьцаанд орж байна, хажууд хүн байгаа эсэх, заа тэгээд ажлын ачаалал бас нөлөө үзүүлдэг.
 
-  Энэ талын мэдлэгийг ЕБС-ийн сурагчдад хичээлээр олгох шаардлагатай юу?
- Эрдэмтэд янз бүрээр үздэг. Энэ тухай багаас нь эхлэн таниулбал хүүхдүүд бэлгийн харьцаанд эрт орно гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь хүүхдүүдэд үнэн зөв, бодит мэдээлэл өгснөөр бэлгийн харьцаанд орох нас нь арай хожуу болж байна гэж үздэг. Насанд нь тохирох мэдээллийг тухайн үед нь өгч байх ёстой боловуу. Мэдээж бага насанд нь гар хангалга, дур тавилтын тухай ярихгүй. Харин "Чи эрэгтэй, яагаад чамд шодой байдаг вэ" гэх зэргээр нас насанд нь тохирсон зөв мэдээлэл өгөх шаардлагатай. Бэлгийн амьдралын боловсролын гол зарчим нь бэлгийн амьдрал хүн болгонд байдаг, энэ бол эерэг зүйл, энэ талаар харин бодит, зөв мэдээлэлтэй байснаар өөрийн амьдрал болон эрүүл мэндтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргах бололцоотой гэсэн зарчим байдаг.
 
-  Дур тавих, дур тавиулахын тулд хүмүүс янз бүрийн зүйл туршиж үздэг. Тэдгээрийн эерэг болон сөрөг үр дагавар юу вэ?
- Хамгийн их туршдаг арга бол төрөл бүрийн эм хэрэглэх. Сонин, хэвлэлд бэлгийн хавьтлыг удаан хийхэд нэмэр болно гэсэн утгатай элдэв эмний зар их гардаг. Гэтэл тэдгээр нь хэр үр дүнтэй болохыг судалсан судалгаа нь их цөөн байдаг. Тухайн бүтээгдэхүүгийг тэдэн жилийн хугацаанд тэдэн хүнд туршлаа. Энэ нь ийм үр дүн өгсөн гэсэн судалгааны үр дүн маш ховор байдаг. Сурталчилж байгаа дийлэнхбүтээгдэхүүнийг борлуулж байгаа байгууллагын зорилго нь орлого олон байдаг гэдгийг бас мартаж болохгүй. 
 
- Эмэгтэйчүүдийг дур тавиулах тухай яриа өрнөхөд "Жи" цэгийн тухай ярьдаг даа?
- "Жи" цэг тийм амархан олдоод байдаггүй. 1950 онд Эрнист Грёфенберг зарим эмэгтэйчүүд дур тавилтын үед их хэмжээний шингэн ялгаруулдаг гэсэн мэдэгдэл хийсэн. Тэр эр мөн эмэгтэйчүүдийн үтрээний дотоод дээд хананд хүрэхэд их эмзэг цэг байдаг, энэхүү цэгийг өдөөснөөр эмэгтэй хүн дур тавилтын үед шингэн ялгаруулдаг гэв. Энэхүү мэдээллийг хүмүүс буруу ойлгон, эмэгтэй хүний "Жи" цэгийг л олвол дур тавиулж болно гэсэн ташаа мэдээлэл нэг нэгэндээ тарааж эхэлсэн. Гэтэл "Жи" цэгийг эмэгтэйчүүд өөрсдөө ч олдоггүй, тэр цэгийг олсноор эмэгтэй болгон дур тавьдаггүй.  
 
- Гар хангалгыг эмэгтэйчүүд хийдэг. Хэрвээ гар хангалгаар дур тавилтын асуудлыг шийдэж болдог юм бол эрчүүдийн хэрэг юу байна? Гар хангалгыг олон удаа хийвэл хортой юу?
- Олон удаа гар хангалга хийснээр ямар нэгэн хор байдаггүй, зарим эмэгтэйчүүд таашаал авахаа больчихоно гэж боддог. Энэ бол буруу бодол юм. Харин ч өөрийн биеийг илүү сайн танин мэднэ гэсэн үг. Гар хангалга хийх эсэх нь тухайн эмэгтэйн хэрэг. Энэ аргыг хэрэглээд амьдрана гэж бодох эмэгтэй их биш байх гэж бодож байна.
 
-  Манай зочдод мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа.
- Та бүхэнд ч гэсэн баярлалаа.