ХӨСҮТ болон ЭМЯ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран “Вируст гепатит” сэдэвт зөвлөлгөөн энэ сарын 6-7-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд хэлэлцсэнээр манай улсад гарч байгаа гепатитын өвчлөлийн 90-ээд хувийг эзлэж байгаа А гепатитаас сэргийлэх стратеги нь гепатит А-аас сэргийлэх вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолд тусгах замаар 1 хүртэлх насны хүүхдийг вакцинжуулах бодлого баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн элэгний хавдар болон түүний улмаас нас барах гол шалтгаан болж байгаа В гепатитаас сэргийлэх  стратеги нь гепатитын В вирусийн халдвараас сэргийлэх вакцины хамралтыг сайжруулах, хүрээг  өргөтгөх,  оношлох, эмчлэх, хянах, сэргийлэх менежментийг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж хэрэглэх талаар ярилцсан байна.

Гепатитын С вирусийн халдварын эсрэг баримтлах стратеги нь С вирусийн эсрэг эмийн эмчилгээг практикт нэвтрүүлэх, түүний өртөг зардлын асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх шаардлагатайг ч мөн тусгасан байна.

Тиймээс одоогоор вируст гепатитын хяналт, сэргийлэлт, оношлогоо эмчилгээний бодлого, стратегийг зөвшилцсэн байдлаар төгс боловсруулж, ЭМЯ-д танилцуулан шийдвэрлүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна.