Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан байдаг. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад өвчлүүлдэг байна. Нас ахихад хүний нүдний хараанд өөрчлөлт ордог бөгөөд нүдний өвчин үүсэх магадлал өндөртэй болдог.

Нүдээ хамгаалах 5 зөвлөгөө.

1. Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрвээ таны холын хараа -4-өөс илүү бол жил бүр нүдний эмчид хараагаа шалгуулж байгаарай.
2. Архаг өвчтэй болохоос сэргийлэх. Үүнд: чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа мууддаг байна.
3. Доорх гэнэтийн шинж тэмдэг илэрч буй эсэхийг хянах. Нэг нүд харах чадвараа алдах, гэрлийг ихээр гябуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх г.м.
4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх.
5. Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас г.м.
Харааны чадвараа сайжруулах 5 арга.

1. Ямар нэг хөдөлгөөнтэй зүйлийн хөдөлгөөнийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах.
2. Үсэг юмуу тоотой бөмбөгийг хоорондоо шидэлцэн тоглох. Ингэж тоглохдоо бөмбөгний тоо, үсгийг олж харахыг хичээх хэрэгтэй.
3. Өөрийнхөө эргэн тойронд байгаа 10 зүйлийг дэс дарааллаар нь харж тогтоогоод эргээд тэр дарааллаар нь нэрлэх.
4. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд тогтож хараад яг тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд тогтож харах. Ингэж нэг цэгт байгаа ойр холын цэгийг давтан харах нь чухал дасгал болно.
5. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх.

Нүд ядарсан үед хийх дасгал.

Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалсан чигтээ 2-3 секунд болоод нүдээ нээнэ. Таван удаа давтан хийх. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. 10 удаа давтан хийнэ үү. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд  ширтэнэ.Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ.Дараа нь нөгөө нүдээ анина. Энэ дасгалыг 10-12 удаа давтан хийнэ.
Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж.

Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөшний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.