Эрүүл мэндийн яам, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийн хүрээнд Улаанбаатар хотын гурван төрөхөд эх, нярайн тусламжийн нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмж гардуулан өглөө. Уг ёслолын ажиллагаа I амаржих газарт өчигдөр болсон юм. Уг төслийн хүрээнд I амаржих газарт 27 төрлийн 267сая 945 мянган төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн. Мөн II амаржих газарт 14 төрлийн 22 сая 932 мянган төгрөгийн, III амаржих газарт 15 төрлийн 24 сая 429 мянган төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг тус тус бэлэглэв. Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого, Мянганы хөгжлийн зорилтуудад тулгуурласан үндэсний хөгжлийн цогц бодлогод Монгол Улс хүн амаа өсгөх бодлого баримтлахаар тодорхойлсон. Засгийн газраас эх нялхсын эрүүл мэндийн төлөө онцгойлон анхаарч, хүн амаа өсгөхийн тулд төрөлтийг дэмжсэн олон чухал арга хэмжээ авсны дүнд, төрөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Үүний хирээр нийслэлд байгаа амаржих газрууд ачааллаа дийлэхгүй байдаг байна. Харин тоног, төхөөрөмжөөр ийнхүү хангаж байгаа нь амаржих газруудын ачааллыг бага ч болов хөнгөлж байгаа юм байна.