altАрхи уусаар байгад элэгний циррозтой болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан биз.  Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм.
Гэвч хүмүүс энэ аймшигтай өвчний талаар сайн мэддэггүй, аюулыг нь ойлгодоггүй болохоор "Сүх далайтал үхэр амар" гэдгээр анхаардаггүй. Гэтэл судалгаанаас үзвэл элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний шигдээсний дараа ордог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Энэ өвчинд дунд болон ахимаг насны  эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг.

ЕРӨНХИЙ
Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн  утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ.
Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ.

ШАЛТГААН
Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусын гаралтай шар өвчин, тэдгээрээс  В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй юм. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал.

Гэхдээ дараахь нөхцөлд дээрх хоёр шалтгаан үгүй байсан ч циррозоор өвдөх эрсдэл ихэсдэг, үүнд:
·         хорт бодисуудаар хордох ( цайвар ахуу мөөгний хор, зарим эм)
·         удаан хугацаагаар шарлалт өгсөн цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчин
·         удамшлын хүчин зүйлүүд ( ховор тохиолддог)
·         дархлалын тогтолцооны хямрал /бие махбод гэнэт элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах/  зэрэг нь тодорхой нөлөө үзүүлдэг байна.

ЯВЦ
Халдварт шар өвчний үед элэгний бүтцэд өөрчлөлт гарснаар эрүүл эсүүд нь гэмтэж, бие махбодид шаардлагатай уураг г.м. бодис ялгаруулж чадахаа байхаас гадна хортой бодисыг саармагжуулах чадвараа алдана.


ШИНЖ ТЭМДЭГ
·         Элэгний хэмжээ өөрчлөгдөнө. Элэг томрох, эсвэл жижигрэх.
·         Хэвлий хөөж цүдийнэ. Энэ нь  хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой.
·         Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна.
·         Биеийн ерөнхий байдал суларч, турна.
·         Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөсөж, хүйс тойрон наймаалжны толгойг санагдуулсан хөхөвтөр дүрс бий болно.
·         Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай төстэй улаан толбонууд үүснэ. Гарын алга улайна.
·         Эрэгтэй хүний  хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлиг эрхтэний хөвчрөлт суларна. Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана.
·         Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана.
·         Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана.
·         Арьс шарлах, загатнаж болно.

Циррозын үед хүчтэй өвдөлт байдаггүй. Хаяа биеийн хүчний ажил хийж, хоолны дэглэм алдагдсан үед хэвлийн баруун дээд хэсэгт хүндэрч, төөнөж өвдөх зовиур илэрч болно.
Цирроз бүтэн эмчлэгддэггүй, олон жилийн даамжирсан явцтай бөгөөд хүндэрсэн үедээ онц аюултай өвчин юм.

ОНОШЛОГОО
Зөв оношлохын тулд, ходоод гэдэсний эмч үзлэг  хийсний дараа доорхи шинжилгээнүүдийг бичнэ;
·         Цусны биохимийн шинжилгээ
·         Элэгний вирусын гаралтай үрэвсэл үүсгэгчийг тодорхойлох цусны шинжилгээ
·         Элэгний  болон бусад эрхтэний хэт авианы шинжилгээ
·         Улаан хоолойн венийн судасны байдлыг хянах ба цус алдах магадлалыг тодорхойлох ходоод дурандах шинжилгээ
·         Элэгний сцинтиграф буву цацраг идэвхит  шинжилгээ
·         Компьютерийн томограф  шинжилгээ. Элэгний ба хэвлийн хөндийн бусад эрхтнvvдийн өөрчлөлтийг харна
·         Зарим тохиолдолд  элэгний эдийн шинжилгээ хийнэ.

ЭМЧИЛГЭЭ
Энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй. Зөвхөн эхний шатанд нь түр зогсоох боломж байдаг. Өвчин даамжирсан үед эмч- гепатолог зөвхөн таагvй шинж тэмдэгийг арилгаж, хүндрэл vvсэх явцыг удаашруулж чаддаг. Үндсэн эмчилгээ:
·         Хоолны дэглэм барих. Энд өөх тостой, шарсан хуурсан, халуун ногоотой хоолноос татгалзах. Архийг тэвчих. Давс болон уургийн хэмжээг хязгаарлах.
·         Шээс хөөх эмүүд
·         Вирусын эсрэг эмчилгээг ховорхон хэрэглэнэ. Гэвч заримдаа өвчнийг удаашруулдаг талтай
·         Плазмоферез. Цусыг хортой бодисоос шүүж цэвэрлэх. Элэг өөрөө энэ vvргээ биелvvлж чадахаа больсон нөхцөлд энэ эмчилгээг хийнэ.
·         Өвчин улам даамжирч хүндэрсэн үед өвчтөнийг эмнэлэгт хэвтvvлнэ. Мэс заслын эмчилгээний шаардлага гарч болзошгvй;
·         Парацентез. Хэвлийн хөндийд хуримтлагдсан шингэнийг хэвлийн хананд хатгалт хийж гаргах.
·         Цусны гүйдлийн өөр зам бий болгох хагалгаа хийх. Энэ нь гэмтэл ихтэй маш хүнд хагалгаа бөгөөд судасны мэс засалчийн нарийн ур чадвар шардагдана.

·         Элэг нөхөн суулгах гм.