Тархины саажилттай хүүхдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна
Тархины саажилт нь жирэмсэн болон төрсний дараахь эхний долоо хоногт хүүхдийн уураг тархины хөгжлийн ямар нэгэн хүчин зүйлийн улмаас хөдөлгөөний, сэтгэхүйн давталтын хам шинжээр илэрдэг. Мянган амьд төрөлтөд хоёр тохиолддог энэ өвчлөлийн байдал өнөөдөр яах аргагүй нийгмийн асуудал болчихоод байна.

Учир нь энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй. Шалтгаан нь мэдээж өнөөх агаарын бохирдол. Түүний дээр өрхийн эмч гэх байх ёстойгоосоо урвуу тогтолцоо. Баруунд хамгийн өндөр мэдлэг, мэргэжилтэй нь өрхийн эмч болж, иргэдээ анхан шатанд нь эмчилдэг бол манай улсад аль нэгэн эмнэлэгт орж чадаагүй нь өрхийн эмнэлэгт эмчээр ирдгээс нярай үед нь эмчлэх бололцоотой тархины саажилтыг хүндрүүлж орхидог байна. Мөн манай эцэг эхчүүдийн хэнэггүйтэл ч багагүй нөлөөлнө. Энэ мэтээр бид хамтран ирээдүйгээ баллаж орхидогоо даанч анзаарахгүй байгаа нь харамсалтай.

Түүгээр ч барахгүй эмэгтэйчүүд эх болохоосоо өмнө өөрийн бэлтгэлийг базаах шаардлагатай юм. Тухайлбал, жирэмсэлсэн үедээ эмчийн хяналтад эрт хамрагдах хэрэгтэй. Мөн хөл хүндтэй үедээ ханиад томуугаар өвчлөхгүй, стрессгүй орчинд амьдарч,  архи, тамхи хэрэглэдэггүй байх нь чухал юм. Түүнээс гадна аав нь архи, тамхи хэрэглэдэг бол хүүхэд энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна.  

Манай улсад тархины саажилттай хүүхдүүдийг асардаг цорын ганц газар байдаг. Энд бүртгэлтэй 1560 хүүхэд байдаг байна. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхийн санаачилгаар байгуулагдсан “Тархины саажилттай хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах төв” үйл ажиллагаагаа явуулж байна.