Эрчүүд эрүүл мэндээрээ тоглож буйд эмзэглэж байна

http://img.banjig.net/d/bb/user_uploads/269842/pros1_e84569a3.jpg

Зарим залуус саваагүй зангаасаа эрэмдэг зэрэмдэг болж, нөхөж баршгүй хохирол амсч байгаа тухай мэргэжлийн хүний ярьсныг хүргэж байна. Бусдыг дуурайж гоё сайхан байх гэсэн хүсэл нь тэднийг насан туршид нь өвчтэй нэгэн болгожээ. "Эр хүнээ байж, хар ус ууж, хагд өвс идэж, харанхуй нүхэнд суух" тавиланг эрчүүд өөрөө сонгосон байна. Энэ талаар эрэгтэйчүүдийн "Гарьд манлай" эмнэлгийн ерөнхий эмч З.Цэгмидтэй ярилцлаа.

 

-Таны эрчүүдэд хандаж хэлэхийг хүссэн үгнээс яриагаа эхлэх үү?
-Эмэгтэйчүүд хөхөө томруулах мэс засал хийлгэдэгтэй адил эрчүүд эмзэг эрхтэнээ томруулах гэж янз янзын юм шахдаг боллоо. Нэгнийгээ дуурайж эцэг эхээс заяасан эрүүл сайхан бие эрхтэнээ ийм байдалд хүргэж байгаад үнэхээр харамсаж байна. Ихэвчлэн залуучууд бусдын ам дамжсан ярианд хууртаж, эрхтэндээ вазелин шахуулдаг. Бүр эрүүл ахуйн наад захын шаардлага хангахааргүй орчинд, гэртээ иймэрхүү ажилбарыг хийж байгаа юм. Тэр үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж манайд хандсан хүмүүс ярьсан.

-Тэр шахдаг зүйл нь яг юу байдаг юм бол?
-Эмийн сангаар зарагддаг нүдний гель, шингэн вазелинийг хэрэглэдэг.

-Энэ нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй юм бол?
-Вазелинийг эрхтэндээ хийлгэснээр хүний биед 1-10 жил оршдог. Үүнээс гадна бэлэг эрхтний судсыг дарж хатууруулан, арьсны холбогч эд мэт хатуурч байгааг мэддэггүй. Удах тусам эрхтэн нь үхжиж шархлан, арьс нь цоорч, хатуурч тасарч унах аюултай. Ийм үедээ аргаа барж мэргэжлийн эмчид хандаж байна.

-Хэд орчим насны, нийгмийн аль давхаргын хүмүүс ийм байдалд орж байна вэ?
-Эмчилгээ, зөвлөгөө авсан хүмүүсийг харахад, гол төлөв шоронд хоригдож байгаа эрчүүд, мөн өсвөр насны залуучууд өртдөг. Нэг ёсны гангараа маягийн зүйл болгож, бие биедээ гайхуулан, бусдыг уриалан, сурталчилж байна.

-Вазелин шахуулснаасаа эрхтэнгүй болсон тохиолдол гарсан уу?
-Одоогоор манайд дөрвөн хүний эмзэг эрхтэн вазелин шахуулснаас болж тасарч уначихаад байна. Энэ хүмүүс гадаадад явж, 15 мянган ам.доллараар мэс засал хийлгэх гэж байгаа. Өндөр хөгжилтэй улс оронд хүний хавиргаар эр хүний бэлэг эрхтэн орлуулах мэс засал хийдэг. Гэхдээ өөрийнх нь эрхтнийг яаж гүйцэхэв дээ. Залуучууд энэ гаж буруу явдлыг ямар аюултай болохыг ойлгохгүй сүүлийн үед эд эрхтнээрээ тоглох явдал нэмэгдэж байна. Нөхөн үржихүйн гол эрхтэн болох эр хүний бахархал нь байнгын цус, эрдэс бодисоор тэжээгдэж байдаг эмзэг эрхтэн юм. Хамгийн багавтар хүндрэл гэхэд эрхтэн орчмынх нь арьс дахин төлжихгүй байгаа нь даанч харамсалтай.

-Эрхтэн нь тасарч унахаасаа өмнө ямар нэгэн зовиур мэдрэгддэггүй юм болов уу?
-Залуучууд шахуулснаасаа хойш хэсэг хугацаанд зовиур илрэхгүй болохоор тоодоггүй. Зүгээр юм байна гээд л яваад байдаг. Гэвч энэ нь организм өөрийгөө хамгаалж байгаа болохоос биш вазелин эрхтэнд нь тохироод байна гэсэн үг биш. Хэрэв вазелин шахуулсан бол сайн ажиглаарай. Шахсан вазелин хатуурч чулуу шиг болдог. Мөн шахсан хэсгийнх нь арьс түлэгдэлтийн дараа үүсдэг сорви шиг хатуурч өөрчлөгддөг боловч ямар ч зовиур өгөхгүй байсаар унаж, тасрахдаа хүрдэг.

Ц.Бямбажа