Нуруугаар хатгаж өвдөх шинж бараг л бүх хүнд илэрдэг гэхэд буруудахгүй. Бид өдөр тутмын амьдралдаа байнга хөдөлгөөн хийдэг. Тэр болгонд нуруу ачаалал үүрч байдаг. Нуруу яагаад хатгаж өвддөг вэ? гэсэн асуулт манай уншигчдаас байнга ирдэг. Ингээд бидэнд захидал бичсэн уншигчиддаа болон бусад хүмүүстээ зориулж нурууны өвчний талаар мэргэжлийн эмчээс тодруулла


Иргэдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд ажлын чадвартай насанд хүрэгчдийн тэн хагас нь нуруугаар өвдүүлэх зовиураар шаналж байдаг гэдэг нь тогтоогджээ. Тэгсэн хэрнээ ердөө л 15 хувь нь эмчид үзүүлдэг ажээ. Нуруу, нугасны янз бүрийн эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэг өөрчлөлтүүд гардаг нь нуруугаар өвдүүлэхийн гол аюул. Жишээлбэл, хүзүүний нугаламын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрдэг. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг. Бүсэлхий орчмын нугалмын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх сулардаг.

Нуруу өвдөх нь олон шалтгаантай

Нурууны өвдөлтийг үүсгэдэг шалтгаан олон. Хэт хүнд юм өргөж нурууны булчинд өндөр ачаалал өгөхөөс эхлээд нурууны муруйлт, хавдар хүртэл олон эмгэг нуруугаар өвдөлт өгөх шинж тэмдэгтэй. Нуруугаар өвдүүлж байгаа шалтгааныг өөрөө тогтоох гэж байгаа хүн радикулит буюу нурууны мэдрэлийн ёзоорын үрэвслийн тийм ч олон биш гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Харин радикулиттай төстэй өвдөлт нь ходоодны шарх, бөөрөөр хатгуулах үед илэрдэг. Иймээс явж, хөдөлж, эсвэл тайван сууж байгаагаас үл хамааран нуруугаар өвдүүлэх нь багасахгүй, болихгүй бол өвдөлтийн шалтгаан нь нуруу, нугасны өвчин бус харин дотор эрхтэнийх байдаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй. Гэхдээ нурууны эмгэгийн үед нуруугаар биш харин дотор эрхтэнд өвдөлт өгөх эсрэг тохиолдол байдаг. Тухайлбал цээжний хэсгийн нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгийн үед өвдөлт нь зүрхээр өвдүүлдгийг цээжний бах гэж буруу оношлох нь цөөнгүй.

Хазайж, тонгойход нуруугаар хатгуулж өвдөж байна уу?

Нуруу өвдөлт өгдөг хамгийн түгээмэл өвчин нь остеохондроз буюу нугалам хоорондын зөөлөн эдийн гэмтэл. Юм өргөх, эсвэл зүгээр хазайж тонгойход нуруугаар өвдөж, дараа өдрийн туршид аль нэг хөлөөр дагуулж өвдөх, мэнэрэх шинж илрэхээс гадна ханиах, найтаах, биеэ чангалахад нуруу, хөлөөр өвдүүлэх нь хүчтэй болж байгаа бол остеохондрозын хамгийн хүнд хэлбэр болох нугалам хоорондын эвэрхий үүссэний шинж юм. Хазайж, тонгойх үед ууц нуруугаар огцом хатгуулж хөдлөх аргагүй болгох нь радикулитын бас нэг шинж байдаг. Толгойг эргүүлэх үед дагз, мөрөөр удаан хугацаагаар өвдөх нь хүзүүний нугаламын эдүүд өөрчлөлтөнд орж ургацаг үүсдэг архаг өвчний эхлэлийн шинж тэмдэг байдаг. Цээжин биеийг эргүүлэх гүнзгий амьсгалахад нуруугаар өвдөх нь Бехтеревын өвчин, спондтилоартритийн үед ажиглагддаг. Нурууны булчингын няцралт, холбоос сунах нь нурууны өвдөлтийн цөөнгүй хувийг эзэлдэг. Зөв эмчилгээ хийж, гам барьж чадвал ийм өвдөлт ул мөргүй арилна. Харин ужигруулбал нуруу тахийх хүртэл ноцтой хүндрэл үүсдэг аюултай.

Нуруугаар хатгаж өвдвөл цаг алдалгүй эмчид үзүүл

Нуруугаар байнга, хүчтэй өвддөг болсон тохиолдолд цаг алдалгүй эмчид үзүүлэх шаардлагатай. Нурууны өвдөлтийн шалтгааныг тодорхойлохын тулд соронзон цуурайт томографийн шинжилгээг өргөнөөр ашигладаг. Рентген зургаар нурууны гэмтэл байгаа эсэхийг магадлана. Нурууны хурц өвдөлтийн үед ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэдрэлийн эмч л заах ёстой. Хүнд тохиолдолд мэс заслын ажилбар хийнэ. Архаг өвчний үед бариа засал, зүү рефлекс эмчилгээ, эмчилгээний биеийн тамир үр дүнтэй. Манайхан нуруугаа өвдсөн тоодоггүй. Наалт наачихаад л яваад байдаг. Наалт нь хэсэгхэн хугацаанд л өвчнийг намдаадаг болохоос биш огт өвчингүй болгоно гэж байхгүй шүү дээ.

Ууц нуруугаар өвдөх нь тун ч ярвигтай зүйл байдгийг үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа. Иймээс өвчнийг бага ч гэсэн нимгэлэхэд тус болох үүднээс уншигчдынхаа асуултанд мэргэжлийн эмчээс хариулт авсан юм.
-Нуруугаа бөхийлгөх, тэнийлгэхэд нуржигнаж дуугаараад байдгийг яаж зүгээр болгох вэ?

Ц.Гэрэлмаа 25 настай
-Нуржигнаж дуугарч байна гэдэг чинь тийм ч муу зүйл биш гэж хэлмээр байна. Нуржигнахаас гадна бөгтийх, тэнийхэд өвдөж байгаа бол хавьгүй муу. Нуруу, нугасаа эмчид сайн үзүүлж, шинжлүүлэх хэрэгтэй. Магадгүй биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийх чинь эрс цөөрснөөс болоод булчин шөрмөсний эсүүдийн дотоод даралт нь өөрчлөгдөснөөс болоод нуржигнан дуугардаг болсон байж болох юм. Ийм үед хаалганы бариулаас барьж суух дасгал сайн нөлөө үзүүлдэг. Дасгалыг хамгийн цөөндөө өглөө орой хоёр заавал хийж байх хэрэгтэй. Мөн боломжтой бол долоо хоногт хоёр удаа бассейнд сэлж бай. Хоёр гурван сарын дараа нуржигнаж дуугарахаа больно байх гэж бодож байна.
* * *
-Би 52 настай. Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг /остеохондроз/ гэсэн оноштой. Зүүн талын ууцаар хүчтэй өвддөг. Өвдөлт нь зүүн хөл рүү дамжиж өвдөх юм. Нугаламын доод талын диск нь үрэгдээд өргөстчихсөн. Яавал дээр вэ?
-Таны нуруунд нь архаг үйл явц болж байна. Иймд зоо ууцны орчимдоо онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнд юм өргөх, мушигирсэн ачаалал үзүүлэх зэргээс бүрэн зайлсхийх хэрэгтэй. Урагш бөхийж юм хийж болохгүй. Юм хийхээр болвол зоо ууцны хэсэгтээ корсет /бэлхүүсэвч/ зүүж байх. Эмчилгээний гимнастикийг өдөртөө дөрвөөс цөөнгүй удаа хийх. Дасгалыг олон хийх нь цочроог арилган, өвдөлтийн хам шинж намдана. * * *

-Би 31 настай, эмэгтэй. Өглөөдөө бүсэлхий орчим хүчтэй өвдөүлж сэрдэг боллоо. Яаж ийж байгаад аажуу босч, яваад ирэхээр арай гайгүй болчих юм. Тэгсэн атлаа хэвтэнгүүт аймаар өвдөх юм. Би хатуу юман дээр унтдаг. Суугаа ажил хийдэг ч өглөө оройдоо нохойгоо салхилуулангаа нэлээд алхалдаг.

Явангуут гайгүй болдог гээд та өөрөө оношоо бараг зөв тогтоочихсон байна. Иймд сайтар сонгож авсан биеийн тамирын зохистой дасгал нь хамгийн сайн эмчилгээ. Дасгалыг өдөрт дөрвөн удаа хийж бай. Бие чинь өөрөө танаас илүү хөдөлж байхыг шаардаад байна шүү дээ. Хаалганы бариулаас барьж суух нь хамгийн үр дүнтэй дасгал. Хаалганы хоёр талын бариулаас барьж байгаад сууна. Суухад цээж, гэдэс нь хаалганы шүргэж байх ёстой. Энэ дасгалыг 25 удаагийн давталттайгаар өдөрт дөрвөн удаа хийж бөгөөд аажмаар давталтын тоог нэмж 150 хүргэнэ. Ингэвэл бүсэлхий чинь аяндаа сэргээд ирнэ.* * *

Нуруу өвддөг болоод удаж байна, ялангуяа бүсэлхий орчим. Гэхдээ дандаа өвдөхгүй, зөвхөн ямар нэг ачаалал өгөхөөр л /урагш тонгойж удаан юм хийхэд г.м./ өвдөж эхэлнэ. Унтахаар хэвтэхэд зүгээр байдаг мөртлөө сэрэхээр бүсэлхийгээр хүчтэй өвдөж, эргэж болохгүй, арай гэж л босох юм.
Таны бичсэнээс үзвэл нурууны чинь зоо ууцны орчимд чинь асуудал байгаа бололтой. Үйл ажиллагааг нь хэвийн болгохын тулд дасгалууд сонгож авах хэрэгтэй. Дээш харж хэвтээд хөлөө өргөөд буулгах дасгалыг 25 удаа, дараа өргөсөн хөлөө зөрүүлэх, хөлөө дугуй унаж байгаа мэт жийх, хаалганы бариулаас барьж суух дасгалуудыг хийгээд үз. Мөн бассейнд сэл.
Мөн зоо ууцны хэсэгт тусгай бэлхүүсэвч /корсет/ зүүх нь хэрэгтэй болов уу. Бэлхүүсэвчийг заавал хэвтээ байдлаас зүүх бөгөөд, нуруугаа шахалгүйгээр зөөлөн товчлох хэрэгтэй. Нэг зүүсэн бол 6-8 цагийн туршид санаа зоволтгүй байж болно. Энэ үед нурууны чинь энэ хэсгийн булчин бэхжинэ. Хүнд юм аль болох өргөхгүй байхыг хичээ. Ор чинь дунд зэргийг хатуу, дэр чинь өндөр биш, хүзүүн дороо бага зэрэг хуйлсан давуу хийж өгч бай.

Өглөө сэрээд заавал дасгал хийнэ. Орноосоо босолгүйгээр хөлөө нугалж, тэнийлгэнэ. Дараа нь хаалганы бариулаас барьж байгаад сууж босох дасгалыг хийнэ. Эдгээр дасгалыг хийвэл өвдөлт намдаж нугалам хоорондын диск чинь нөхөн сэргэгдэнэ. * * *

Энэ наймдугаар сард автын осолд орсон юм. Толгойгоороо машины таазыг хүчтэй мөргөсөн. Тухайн үедээ хүчтэй өвдөөгүй. Гэтэл хоёр сарын дараа баруун гараа өргөж, нурууныхаа ард гаргаж чадахаа байчихлаа. Үүнтэй зэрэгцэн яг л дотор нэг юм орчихоод нервнээс нь татаад байгаа юм шиг мэнэрч өвдөх юм. Нойрондоо муу болсон, далаар өвдүүлээд…
Гэмтэл авах үед чинь өвдөлтийн бусад хам шинжүүд илэрсэн л байх ёстой. Гэмтлийн хувьд эс, холбоосууд нь хэсэгчлэн сунах зэргээр нуруу чинь бүхэлдээ гэмтсэн бололтой. Харин одоо эдгэж байгаа болохоор агшиж, удаан мэнэрсэн өвдөлт өгч байгаа биз. Та нуруундаа бүхэлд нь иллэг хийлгэж, тусгай дасгал хийх хэрэгтэй юм байна. Эмчилгээний биеийн тамирын мэргэжилтнүүд энэ талаар сайн мэдэж байгаа.