Саяхан Архангай аймгийн Их тамир суманд цусан суулгаар 21 хүүхэд, хоёр том хүн өвчилж байсан. Тун удахгүй цагаан сар болж хоол хүнснээс хордох болон элдэв төрлийн халдварт өвчин тархах нөхцөл бүрдэх гэж байна. Ариун цэврийн туйлын дорой байдлын илрэл болох энэхүү халдварт өвчнөөр өвчлөх нь шинэ зууны иргэд та бидэнд баймгүй асуудал юм. Гэвч нэгэнт өвчлөл байсаар байгаа тул бид та бүхэнд цусан суулга өвчнөөс сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргэж байна.

Манай улсад 2005-2008 онд цусан суулга өвчнөөр 10 мянган хүн тутмаас 7,3-9,2 хүн өвчилж, 5 хүртлэх насны хүүхдүүд, 3-8 сард зонхилон өвчилж, цаашид ч энэ түвшинд гарсаар байх хандлагатай байна. Дэлхий дахинд жил тутам энэ өвчний улмаас 600 мянган хүн нас бардаг гэсэн тооцоо байдаг юм.

Цусан суулга өвчин үүсгэгч нь шигелийн бүлгийн нянгууд бөгөөд дотроо хэд хэдэн дэд хүрээтэй, сүүнд 2-17 хоног, тарганд 6-15 хоног, хоолонд 2-62 хоног, хөрсөнд 2-4 сар, сүүдэрт 79 хоног амьдрах чадвартай, нарны гэрэлд 30 минут, 60 хэм халаахад 10 минут амьдрах чадвартай. Энэ бүлгийн нян 3-5 хувийн хлорын уусмал, сульмагийн уусмалд амархан үхдэг, цөцгий, ээдэм, зайрмаг, жимсний шүүс, махан хоол, ногоо, жимсэнд үрждэг нян юм.

Халдварын эх уурхай нь цусан суулгын цочмог болон балархай хэлбэрээр өвчилсөн хүн байдаг.

Гадаад орчинд ялгаран гарсан нян орчны хөрс, ус, хүнс, эд зүйлс- тоглоом, хаалганы бариул, мөнгө, хүний гар гэх мэтийг бохирдуулж, биед 10-100 ширхэг нян ороход л өвчин үүсгэнэ.

Нэн ялангуяа тогтоол ус, ил задгай, гол булаг шандын ус, цэвэрлэж ариутгаагүй ус түгээгүүрийн ус, худаг, бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь уух, ил бие засдаг, угаадас асгадаг, хог хаядаг газрын хөрстэй харьцах, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний үйлдвэр, агуулах, тээвэр, худалдаа үйлчилгээний газраар дамжсан хүнсний зүйлс идэж уух, бохир гар өвчин дамжих гол зам юм.

Вируст гепатит А, цусан суулга, балнад зэрэг ходоод гэдэсний замын халдварт өвчнийг ариун цэврийн туйлын дорой байдлын илрэл буюу “Шинэхэн баасны бохирдол”-оос үүсдэг өвчин гэдэг. 

Илрэх гол шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, гэдэс базлаж өвдөх, олон дахин /өдөрт 20 хүртэл удаа/  шингэнээр суулгаж, ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай гарах, дүлүүлэх, бие сулдаж, арьс хуурайших гэх мэт бүдүүн гэдэсний хамшинжээр илэрдэг халдварт өвчин.

 Сэрэмжлэх гол арга бол өвчний сэжиг ажиглагдвал эмчид яаралтай хандаж үзүүлэх, шинжлүүлэх, онош тогтоогдсон бол эмнэлгийн хяналтанд бүрэн төгс эмчлүүлэх, эмчлэгдсэний дараа ч диспансерийн хяналтанд байж, өтгөний шинжилгээ өгч хянуулна.

Мөн ус, хүнс, хүүхэд, нийтийн үйлчилгээний газар болон хувь хүний хувийн ариун цэврийн байдлыг сайн байлгах орчин нөхцөл бүрдүүлж, стандартыг дагаж мөрдөх, түүнд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй юм. Цусан суулгын цочмог, балархай хэлбэрийн өвчтөнг эрт илрүүлж эмчлэх, нян залгиур уулгах, эдгэрэлтийг хянах шаардлагатай. Эс тэгвэл энэ нь тун хурдан халдварладаг өвчин юм.

Иргэдийн хувьд усыг буцалгаж уух, аюулгүй хүнс хэрэглэх, гараа угааж хэвших, орчныхоо хөрс, усыг бохирдлоос хамгаалах, хүмүүсийн ариун цэврийн мэдлэг, дадал хэвшлийг дээшлүүлэх гэх мэтийн орчны болон байгууллагын, хувийн ариун цэврийг сайжруулах нь чухал гэдгийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.