Ардын эмчилгээ дом


Зарим гэмтлийн засал

-Могойд хатгуулахад ингэний сүү буцалгаж уух ба түрхвэл хорыг авна. Хатгуулсан газрыг тойруулан гаансны бохь түрхэх сайн. 

-Сонгино хагалж тавих, алтан харганы шар хальсны дотуурх ногоон хальсыг чанаж уух ба хальсыг нарийн хэрчиж нухаад архинд зуурч шавшваас сайн. 

- Аливаа түлэнхийд тогооны хөө уух ба ямааны халуун сэмжээр орооход сорвигүй эдгэнэ. 

- Гөлтгөнө түлэн нунтаглаж, түлэгдсэн хэсэгт байн байн сольж хийвээс хорт шүүстийг шингээж авна, бас баавгай, чацаргана, гахайн тос түрхэх магад сайн. 

- Түлэгдэлтэд нохойн цус, тас шувууны мах тавихад сайн. Халцарч төөнөгдсөн газрын үс ургуулахад хэрээний өд, махны ханд сайн гэдэг. 

- Адуу хазвал морины шээсээр угаагаад хомоол түлж түрхвэл гайгүй болно. 

- Гар, хөлийн мах тасарсанд сохор номингийн махыг чанаад, шалбарсны дараа идвэл сайн. 

- Гар, хөл хугарвал эвд нь оруулж боогоод үхрийн түүхий чөмөг түрхэх сайн. 

- Яс, мах гэмтсэнээс өвдөлт намдахгүй үед хаврын дунд сарын 15-нд ичээнээс гармагц агнасан тарваганы хатаасан элэг, мөн тарваганы 7 соёог нунтаглаж холиод, 200 гр ус буцалгаж бэлтгэнэ. Үүнээсээ бүлээн болмогц 1-2 тунг хийж хутгаад хүрэн өнгөтэй болмогц уухад өвчин эдгэнэ. 

- Гэмтсэн ясыг пааланжуулахад зааны хужирхай буюу тахианы өндөгний цагаан хальсыг нунтаглаж усаар даруулж ууна. 

- Судас гэмтвээс огтлогдсон судасны эхэнд цасан чихэр хийвээс сайн. 

- Мэсний шарханд тангад шар хув үрж буцалгаад уувал сайн. 

- Ямар нэгэн цус тогтооход барга-жамба гэдэг цэцгийг уух буюу түрхэхэд лавтай эдгэнэ. 

- Хөлдөхөд гахай, баавгай, үхрийн тосуудыг түрхэхэд сайн мөн хүйтэн усанд дүрж гэсгээх хэрэгтэй. 

- Хүний яс хугарваас алтан утас хандалж уух маш сайн. 

- Хүний мах, яс бэртсэнд шаазгайн мах сайн. 

- Хөлдсөн их, бага шарханд цасан чихэр, шар тосонд хайлгаж түрхвэл сайн. 

- Цэврүү гарваас чөдөр өвсийг баахан буцалгаж хөргөөд угаах, эсвэл цэврүүг хагалж шар тос түрхэх сайн.