H1N1 вирус хувьсан өөрчлөгдөж байна.

1042291_f5205.jpg?w=234&h=200Норвеги улсад хүний томууны хувьсан өөрчлөгдсөн шинж тэмдэг бүхий вирусээр халдварласан хүн нас баржээ. Тус улсын эрдэмтэд томууны шинэ вирус үүсч байгааг мэдэгдсэн байна. Уг шинэ вирусийн халдвар авсан хоёр хүн нас барсан. Мөн нэг хүн маш хүнд байгаа аж. Ингэж вирус нь хувьсан өөрчлөгдөөд байвал өмнөхөөсөө ч аюултай шинэ вирус бий болох юм.

Норвегийн Олон нийтийн эрүүл мэндийг хариуцсан институтаас гаргасан мэдэгдэлд энэ хувьсалт өөрчлөлт нь вирусийг агаар дуслын замаар маш хурдацтай тархаж, хүмүүст халдахдаа хүндээр тусч болохыг анхааруулсан аж. Энэ шинэ төрлийн вирусийн вакцин мэдээж хэрэг одоогоор гараагүй байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэнээр иймэрхүү төрлийн хувьсан өөрчлөгдсөн вирус Бразил, Хятад, Япон, Мексик, Украйн, АНУ, Норвеги зэрэг орнуудад илрээд байгаа аж. Гэхдээ халдвар авсан хүмүүсийн тоо тийм ч олон биш. Бас тархалт нь одоогоор хурдацтай биш байгаа аж. Олон эрдэмтэн вирусийн шинж тэмдгүүдийг нэг бүрчлэн судлаж байгаа юм. Шинэ вирус нь эмний эсрэг нөлөө сайтай, халдварласан тохиолдолд хүндээр өвчлүүлдэг аж. Мөн хүний томуу ханиадны эсрэг цорын ганц эм болох “Тамифлюд” тэсвэртэй. Одоогийн байдлаар эмний нөлөөлөлд тэсвэртэй вирус илэрсэн 57 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. АНУ-ын Теннес мужийн Вандирбилт их сургуулийн эрдэмтэн Виллиам Скафнирийн ярьж буйгаар шинэ хэлбэрийн вируснуудын тархалт нэмэгдвэл энэ нь жинхэнэ аюул болно. Их Британид хувьсан өөрчлөгдсөн вирус хүнээс хүнд дамжин халдварлаж байгааг тогтоожээ.

Мөн тус улсын эрдэмтэд Украйн улсад вирусийн хувьсал хурдацтай явагдаж байна хэмээн таамаглаж байна. Одоогийн байдлаар Украйнд 1.5 сая хүн хүний томуу ханиадны халдвар авсан аж. Тус улсын ерөнхийлөгч Виктор Ющенкогийн хүсэлтийн дагуу дэлхийн 22 орноос тусламжийн зүйлс хүлээн аваад байгаа юм.

Харин АНУ-д зарим газар хүний томуу ханиадаар өвчлөгсдийн тоо буурч байгаа мэдээг албаны хүмүүс гаргажээ. Гэхдээ баярын улирал болж байгаа учир хүмүүс гэр бүлээрээ аялах нь ихэсч тархалтыг дахин нэмэгдүүлж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харахад H1N1 вирусийн тархалт АНУ, баруун Европт анх хүчтэй тархсан бол одоо зүүн Европ, Ази руу чиглэж байгаа аж. Одоогийн байдлаар дэлхий дахинд хүний томуу ханиадаар 6770 хүн нас баржээ. Канадад өвчилсөн хүүхдүүдийн тоо хамгийн өндөр байгаа юм. Казакстан, Узбекстан, Афганистаны зарим нутгаар ялангуяа нийслэл Кабул хотод өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж байна.

Бэлтгэсэн Т.Элиса