Хүний томуугийн А/Н1N1/v цар тахлын талаарх мэдээлэл
2009/11/06 • Сэдэв нь: Sonin.mn, Албаны мэдээ

 

 



H1N1 шинэ вирүсийн халдвар нь цартахлын дэгдэлтийн хэмжээнд хүрээд байна.
Шинэ вирүсийн халдварын тархах зам, шинж тэмдэг нь  ердийн томуутай төстэй боловч хүн ам энэ  вирусийн эсрэг дархлаагүй учир богино хугацаанд өргөн тархдаг.
Шинэ томуу нь өндөр халуун, хордлого ихтэй илэрч эрсдэлтэй иргэд /нярай болон бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй,ХДХВ-ийн халдвартай , сүрьеэтэй, ЗСӨ, чихрийн шижин зэрэг өвчтэй хүмүүс/ богино хугацаанд амьсгалын хүнд дутмагшилд орж, амь насанд нь эрсдэл учруулж байна.
Томуугийн халдварын шинж илэрсэн тохиолдолд гэрээр авах  арга хэмжээ юу байх вэ?
Хүний томуугийн А/Н1N1/ халдвараар өвчилсөн ихэнх хүмүүс (90 гаруй хувь нь) гэрээр эмчлэгдэж эдгэрэх боломжтой.. Эдгэрсний дараа уг вирүсийн эсрэг  дархлаа үүсэх тул тодорхой хугацаанд дахин өвчлөхгүй.
Хэрэв  томуугийн халдвар авсан шинж (бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах) илэрвэл бусдад халдвар тараахаас зайлсхийх, өвчнөө хүндрүүлэхгүй байхад онцгой анхааран өрхийн эмчдээ хандах хэрэгтэй.
•    Аль болох гэртээ байж сайн амрах, унтах, тайван байх
•    Гараа тогтмол сайтар савандаж угаах.
•    Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, 2 цаг тутамд агааржуулах
•    Илчлэг сайтай,  амин дэмээр баялаг хоол хүнс / халуун аарц, сүү, аньс, чацаргана, сармис, сонгино, шинэ ногоо/ хэрэглэх.
•    Архи, тамхийг цээрлэх.
•    Ханиаж, найтаах бүрт ам хамрын алчуур хэрэглэж тэр даруй устгах.
•    Амны хаалтыг зөв хэрэглэх.
Гэрийн нөхцөлд дараах асаргаа, сувилгааг боломжоороо хийх нь зүйтэй. Үүнд:
•    1-2% содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах.
•    Цэгэн массаж  өдөрт 3-6 удаа хийх
•    Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй)
•    Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
•    Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх
•    Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
•    Витамин С (2%, 5%-ийн уусмал, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух
•    Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух (аспирин хэрэглэж болохгүй).
Өвчин хүндэрч буйг илтгэх шинж тэмдэг:
•    38оС-аас дээш халуурч, халуун буухгүй байх
•    Амьсгаадах, амьсгал давчдах, цээж хөндүүрлэх
•    Цустай цэр гарах
•    Огиулах, бөөлжих, шээс ховордох
•    Тамирдах, нойрмоглох
Хүний томуугийн А/Н1N1/v цар тахлын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
•    Ханиалгаж, халуурсан шинж илэрсэн болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх
•    Шаардлагагүй бол олон хүн  цугласан газар очихгүй байх
•    Гараа савантай бүлээн усаар сайтар угааж хэвших
•    Ажил амралтаа сайн зохицуулж, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, дасгал хөдөлгөөн хийх
•    Өөрөө халдвар авсан буюу өвчтэй хүн асарч байгаа бол амны хаалт зөв хэрэглэх.

Энэхүү зөвлөмжийг ДЭМБ-ын баримт бичгийг үндэслэн боловсруулав
Хүний томуугийн А/Н1N1/v –ийн халдвараас сэргийлж гэрээр хийх зарим эмчилгээ ба халдваргүйтгэл хийх аргачилсан зөвлөмж
Цэгэн массаж хийх зөвлөмж: Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгодог. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилний хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)
Цэгэн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-6 удаа, боломжтой бол байнга хийхэд сайн.
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт  хийх зөвлөмж:
Чийгтэй, нойтон цэвэрлэгээг  өдөрт 2-оос доошгүй удаа сайтар хийх хэрэгтэй.
Томуугийн А(H1N1) вирүс нь хлор агуулсан ариутгалын бодист амархан идэвхгүй болдог тул халдваргүйтгэлийг дараах байдлаар хийж болно.  Үүнд: тоосыг арчсаны дараа 2-5%-ийн хлорамины уусмалаар бүх талбайг сайтар арчиж халдваргүйжүүлнэ.
Албан байгууллагад өдөрт 2-3 удаа, сургуульд хичээлийн ээлж бүрийн өмнө, нийтийн тээврийн хэрэгсэлд шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө халдваргүйтгэл хийх шаардлагатай.
Агаарыг халдваргүйтгэх зорилгоор ариутгалын бодисоор норгосон даавуу алчуурыг дулаан үүсгэгчийн орчимд дэлгэж  тавих, задгай амтай саванд хлорамины уусмалыг хийж тавих, мананцар үүсгэн цацаж хэрэглэж болно.
Агааржуулахдаа  цонх, салхивчийг онгойлгох буюу агааржуулагч төхөөрөмжийг 2 цаг тутамд 15-20 минутаар ажиллуулж агаарыг сэлгэнэ.
Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариул, лифтын товчлуур зэргийг цаг тутамд халдваргүйтгэлийн уусмалаар норгосон алчуураар арчина .
Цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа гараа савандаж сайн угаагаад, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч  уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.
Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэхэд тохиромжтой халдваргүйтгэлийн бодис бол төрөл бүрийн хэлбэр /уусмал, шахмал, хуурай/ – ээр  савлагдсан хлораминбөгөөд энэ нь өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талуудтай учраас байгууллага, үйлчилгээний онцлог, халдваргүйтгэх шаардлага зэрэгтээ тохируулан хэрэглэж болно