Эйч1-Эн1 томуугаар бас хоёр өвчтөн нас барснаар, Өмнөд Солонгост энэ вирусын халдвараар нас барсан хүн 42 болов. Тэдний нэг болох хорт хавдар өвчтэй  71 настай эрэгтэй «эрсдэлийн бүлэг»-т багтаж байсан бол, хоёр дахь нь архаг хууч өвчингүй, эв эрүүлд тооцогдож байсан  юм гэж БНСУ-ын Эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн хангамжийн яамнаас мэдээлэв.

Хэрвээ өнгөрсөн долоо хоногт тус оронд өдөр бүр 4420 хүн томуугийн халдвар авч байсан бол, сүүлийн өдрүүдэд энэ үзүүлэлт тодруулсан тоогоор, 8857 болж өссөнийг яамны ажилтнууд тэмдэглэжээ. Одоо тэд томуутай төстэй шинж тэмдэг илэрсэн бас гурван хүний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

БНСУ-ын Засгийн газар тус оронд Эйч1-Эн1 томуу тархаж байгаатай холбогдуулан аюулын дээд «улаан» түвшин тогтоосон тухай зарлажээ.  Энэ нөхцөлд томуугийн эсрэг янз бүрийн арга хэмжээ авч, тухайлбал  халдварын тархалттай тэмцэхэд бүх яам, тусгай газар, цэргийн эмнэлэг болон янз бүрийн нөөцийг дайчилж, аялал жуулчлалд явах, гадаа олныг хамарсан янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, нийт орны хэмжээнд дунд сургуулийн хичээлийг хаахаар төлөвлөж байна.

Я.Сүхбаатар