Гахайн томуугийн H1N1 вирүсийн халдвар хурдацтай тархаж байна. Одоогийн байдлаар 527 тохиолдол бүртгэгдсэний 462 нь Улаанбаатар хотод, 65 нь хөдөө орон нутагт байна. Энэ вирүсээс үүдэлтэй нас баралт 5-д хүрээд байгаа юм. Тиймээс иргэн бүр хувь хувьдаа хамгаалалт хийж, энэхүү вирүсээс хамгаалах зөвлөмжийг байнга хэрэгжүүлж байхыг анхааруулж байна.  

Хүчилтөрөгчийн дутлын шинж илрээгүй, томуугийн хүндрээгүй хэлбэрийг өрхийн эмчийн эргэлт, давтан хяналтанд, дараах зөвлөмжийг хэрэглэн гэрээр эмчилж болно.

Томуу өвчний нууц хугацаа 1-4 хоног, өвчилсөн эхний өдрөөс хойш 5 хоног, хүүхдэд 7 хоног заримдаа түүнээс удаан байдаг. Энэ хугацаанд өөрөө өөрийгөө юм уу, гэр бүлийн хүмүүс бие биенээ асарч сувилна. Гэрээр ямар асаргаа сувилгаа хийх талаар зөвлөе.

-Хэвтрийн дэглэм сахиж, сайн амрах, унтах, тайван байх
-Хамарт дусаалга дусаах, ариутгах уусмал (фурациллин 1:5000, царвангийн хандмал, риванол, давстай ус гэх мэтээр) хоолой зайлах
-Ам, хамар, хоолойд 2%-ийн содын уураар утлага хийх
-Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх
-Гич болон шилмүүстэй халуун усанд болон ваннд суух
-Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
-Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх
-Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-оос доошгүй удаа хийх, 2 цаг тутамд агаарыг сэлгэх, аяга халбага, нүүр гэрын алчуур,сойз,цагаан хэрэглэлээ тусгаарла
-Тамхи татахыг цээрлэж, гараа сайн угаах, нойтон ариун салфетикаар гараа арчих, маск зүүх
-Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
-Витамин С (2%, 5%, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух. Халуун шингэн зүйл ахиухан уух нь вирүсийн хорыг саармагжуулж, биес гадагшлуулна, судасны ханыг тэлүүлж, цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг хүчил төрөгчийн болон тэжээлийн хангамжийг сайжруулна.
-Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах зорилгоор парацетамол, минигрипп, максгрипп, гиповит зэрэг эмийн аль нэгийг эмчийн заавраар уух
-Биеийн дархлааг дэмжих зорилгоор салимон, септилин, сармисны ханд, вакус гэх мэтийг хэрэглэж болно.
-Томуутай төстэй олон төрлийн вирүс бас халдвар үүсгэдэг тул дахин шинэ халдвар авахаас сэргийлж, дээрх зөвлөмжийг амьдралдаа хэвшүүлбэл тустай.
-Өвчилсөн хүн, халуурч эхлэхээс 1 хоногийн өмнөөс орчиндоо халдвар тарааж эхэлдэг ба халууны эм уухгүй байхад халуурахаа больсоноос хойш 24 цагийн дараагаас орчиндоо халдваргүй гэж үздэг. Өвдөөд эдгэрсэний дараа ажил сургуульдаа явахдаа энэ хугацааг анхаарах нь зүйтэй.

Өвчилсөн ихэнх хүмүүс (90 гаруй хувь нь) иймэрхүү байдлаар гэрээр эмчлэгдэж эдгэрнэ. Өвчин архагших, вирүс тээгч болж үлдэх талаар одоогоор мэдээлэл байхгүй. Эдгэрсний дараа уг вирүсийн эсрэг хамгаалах дархлаа үүсэх тул тодорхой хугацаанд дахин өвчлөхгүй.

Зарим зөвлөмжийг аргачилсан байдлаар дэлгэрэнгүй тайлбар

Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж: Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

Цэгийн массаж хийх зөвлөмж: Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:

1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Цэгийн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндөгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.

Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух зөвлөмж:
Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан одъяалаар битүү бүтээж, 10-15 минут сууна.

Шилмүүст баннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.

Дээрх байдлаар шилмүүсний хандтай халуун усанд мөн адил хөл дүрж сууж болно. Хөлөө дүрсний дараа болон ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.

Цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх зөвлөмж:
Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.

Томуугийн А(H1N1) вирүс ариутгалын бодист өвчин үүсгэх чанараа алдаж идэвхгүйждэг энэ шинжийг нь ашиглаж ариутгаж байгаа юм.

Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө гэх мэтээр ариутгана.

Агаарыг - ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгаж болно.

Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд агаарыг сэлгэнэ.

Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.

Гараа савандаж сайн угаасны дараа, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.

Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлорамин бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн байгууллага, үйлчилгээний онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.

Байгууллага, аж ахуйн нэгжид өгөх зөвлөмж:
Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, гар угаах угаагуурын тоог нэмэх, шингэн саван, бүлээн ус, ариутгах бодис, гарын хатаагуур зэрэг нөхцлийг сайжруулах, нягтралыг багасгах, цэвэрлэх, агааржуулах, ариутгах, халуун хоол, ундаар үйлчлэх, маск зүүлгэх.

Улс, хувийн хэвшлийн байгууллагууд ажил, үйлчилгээгээ хэвийн явуулах нөхцлийг хангах, ажлын байранд цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх, албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, маскжуулах, гар угаах нөхцлийг бүрдүүлэх, чанарлаг халуун хоол ундаар үйлчлэх, илүү цагаар болон даарах, хэт ядрах, стресс гэх мэтийн хөдөлмөрийн таагүй нөхцөлд ажиллуулахаас зайлсхийж, шаардлагатай ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинжуулах, ажилчдын ар гэр, ахуй амьдралд нь анхаарал тавих, томуугаас сэргийлэх энгийн аргуудыг байгууллага дээрээ хийх, энэ талын мэдээллийг авах боломжийг сайжруулах.

Албан байгуулага, хүнс, худалдаа, тээвэр, цахилгаан эрчим хүч, ус хангамж, үйлдвэрлэл үйлчилгээний гэх мэт бүх байгууллагууд өгч байгаа зөвлөмжийг баримтлан үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулах нь цартахлыг гарз хохирол, хүндрэл багатай даван гарах нэг нөхцөл болно.

Тодорхой хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цөөрүүлэх, зохион байгуулахгүй байх.

Бүх байгуулага, хамт олон, хүн бүр ялангуяа бизнесын байгууллагууд маск, ариутгалын бодис, зарим нөөц багатай эм, оношлуур, вакцин, хүнсний бүтээгдэхүүн, захын цусанд хүчилтөрөгч тодорхойлох аппарат, амьсгалын аппарат гэх мэтийг оруулж ирэх, дотооддоо үйлдвэрлэх, үнийг хэт өсгөхгүй байх, засгийн газраас дээрх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдийг гаалийн татвар, орлогын татвар, хураамжаас чөлөөлөх зэргээр хөнгөлөлт үзүүлж хамтран ажиллах.

27/X.2009 нэмж оруулсан мэдээ

Лавлах утаснууд ажиллаж байна:
Томуу, томуу төст өвчин, томуугийн А(H1N1)v вирүсийн шинэ халдварын талаар иргэд, байгууллагад зөвлөгөө өгөх 451798, 454921, 451166 дугаарын 3 утасыг ХӨСҮТ-д аравдугаар сарын 26-наас эхлэн нэмж ажиллуулж байна. Эдгээр утас ажлын өдөр 9:00-17:00 хүртэл ажиллана. Мэргэжлийн эмч нар байнга зөвлөгөө өгч, асуултанд хариулж байна. Урьд нь 455388, 103 дугаарын утас 24 цагаар ажиллаж байсан тэр хэвээрээ ажиллана.

Томуу, томуу төст өвчин, томуугийн А(H1N1) вирүсийн шинэ халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзан өнөөдрөөс эхэлэн эдгээр өвчний тусламж үйлчилгээг гэрийн дуудлага, эргэлтийн журамд шилжүүлэн ажиллаж эхэллээ. Хэрэв танд ханиад томуу хүрсэн шинж ажиглагдвал гэртээ байж, харъяа өрхийн эмнэлэгтээ дуудлага өгч үйлчлүүлэх боллоо. Дуудлагаар үйлчлэх эмч, унааны тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. ТТӨ гэж онош тавьсан бол томуугийн А(H1N1)v вирүсийн шинэ халдвар гэж эмчилнэ. Шинжилгээ хийх шаардлагагүй. Гэрээр эмчлэх энгийн аргуудыг дээр зөвлөмж болгосон байгаа. Хөнгөн хэлбэрийн үед томуу ханиадны үед хэрэглэдэг эм, эмийн бус эмчилгээний аргуудаар эдгэрч байгаа, өвдсөн хүн бүр заавал А(H1N1)v вирүсийн шинжилгээ хийлгэх, тамифлю уух шаардлагагүй. Тийм боломж ч байхгүй.

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн алба