Үр хүүхэд хань ижлийнхээ дэргэд тамхи татагчид олон байдаг. Тэгвэл таны татсан тамхинаас ойр орчмынхон чинь яаж хорддог вэ гэдгийг мэдэх үү. Үүнийг дам тамхидалт гэж нэрлэдэг.

Хүүхдэд: Нүд хорсох, нулимс гоожих, уушгины багтраа буюу астам, архаг ханиад зэрэг амьсгалын замын өвчин, янз бүрийн харшил үүсгэдэг байна. Мөн дунд чихний үрэвсэл, тархины цусан хангамжийн дутагдал, хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Нярай хүүхдэд гэнэтийн үхлийн шалтгаан ч болдог байна.

Эмэгтэйчүүдэд: Сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг алдагдах, хөх болон умайн хорт хавдар болж, савны гадуур жирэмслэлт, үргүйдэлтэд хүргэдэг байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн өсөлт зогсох, жин багадалттай, амьдрах чадвар муутай эрхтэн системийн согогтой хүүхэд төрөх, эсвэл амьгүй төрөх, ураг эндэхэд нөлөөлдөг байна.

Эрэгтэйчүүдэд: Түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн сулрал, үргүйдэлд хүргэдэг байна.

Танай гэр бүл тамхигүй орчин бүрдүүлснээр гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, хүүхдийн сурлага хүмүүжил сайжирдаг. Мөн гэр бүлийн харилцаа хамгийн их сайжирдаг байна. Та тамхи татахгүй бол хөдөлмөрийн бүтээмж чинь сайжирч, тамхинд зардаг байсан мөнгөө өөр зүйлд зарцуулах гээд олон талын ашиг тусыг өгнө.

Тамхи таныг таван насаар бус бүхий л амьдралаар чинь хохироодог гэдгийг ямагт санаарай.