33 настай, эрэгтэй, Тэмүүжин

Гэр бүлийн байнгын хэрүүл маргаан, зөрчилтэй хүмүүсийн хувьд өөрсдөө шийдэх чадваргүй нөхцөлд байнга энэ байдал нь давтагдаг гэр бүлүүд сэтгэл зүйчид хандахад болохгүй юм байхгүй. Миний бодлоор ихэвчлэн эргэлзэж тээнэгэлзсэн, арга мухардсан шийдэлд хүрч чадахгүй байгаа, ямар гарц байгааг мэдэхгүй үед хамгийн зөв сонголт бол сэтгэл зүйч гэж бодож байна. Тиймээс хамгийн гол нь бэрхшээл тулгарсан үед цаг алдалгүй сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
Гэхдээ ганцхан гэр бүлийн асуудлаар сэтгэл зүйчид ханддаг гэж ойлгож болохгүй. Жишээлбэл сүүлийн үед бага насны хүүхдүүд маш олноороо PC тоглоомонд донтож байна. Мөн өсвөр насны охид хөвгүүд хар тамхи мансуурлуулах бодис хэрэглэх болсон нь нууц биш болсон. Энэ талаар хүн бүхэн л мэдэж байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн муу зүйлд уруу татагдаж байгааг ажигласан бол яаралтай сэтгэл зүйчид ханддаг байх хэрэгтэй.

27 настай, эрэгтэй, Энхцэцэг

Гэр бүлийн асуудлаа хаа хамаагүй хүнтэй ярина гэдэг манай Монголчуудын хувьд тийм ч амархан зүйл биш. Гэхдээ тухайн гэр бүл өөрсдөө асуудлаа шийдвэрлэх ямар ч аргагүй болсон үед энэ төрлийн үйлчилгээ хүмүүст хэрэгтэй л байх. Бидний өвөө эмээ, ах эгч, аав ээж гэр бүлийн асуудал хурцадсан үед ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж зөвлөгөө авч байсан нь ч ховорхон.
Өөрсдөө гэр бүл дотроо л асуудлаа шийдэж, амьдралаа авч явдаг байсан. Гэтэл өнөөдөр бүх зүйл болохоо байчихсан юм шиг л хүмүүс ярих болжээ. Хүмүүс ч “болохгүй бол болино л биз” гэсэн хандлагатай нэг нэгэнтэйгээ харьцаж амьдралдаа хариуцлагатай хандахаа больсон. Зарим нэг нь мөнгө төгрөгтэй бол бүх зүйл шийдэгдэнэ гэж хэн дуртай нэгэндээ очоод шийддэг, хялбарчлах сэтгэлгээтэй болчихсон.

42 настай, Батсүх, эрэгтэй

Барууны орнуудад бараг бүх сувилагч сэтгэл зүйн зөвлөгөө өгөх талаар мэргэшсэн байдаг. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд агаарын бохиродол, хоол хүнс, эдэлж хэрэглэж байгаа зүйлүүдээсээ шалтгаалан урьд өмнө сонсож дуулдаж байгаагүй маш олон өвчний өвчлөл нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор төрөл бүрийн мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг эмч мэгэжилтэн тэр бүү хэл сувилагч нь хүртэл зөвлөгөө өгөх чадвартай байвал зүгээр. Учир нь урт удаан эмчилгээний үр дүн, эдгэрэлтэд нөлөөлөх, өвчний зовиураа даван туулахад гэр бүлийн хүмүүсийн адил эмч сувилагч нар хүртэл сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг баймаар санагддаг.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд нийгмийг бүхэлд нь сандаргаж байгаа гэр бүл салалт түүний дагуулсан хор уршиг гээд маш олон сэтгэл эмзэглүүлэм зүйлүүд дээр ойр дотны хүнээс гадна мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө дутагдаж байна. Тиймээс манайд энэ мэргэжлийн хүмүүс болон сургуулийг улам дэмжих, өндөр чадварлаг боловсон хүчнүүдийг олноор нь сургах шаардлагатай болоод байна.

35 настай, Мөнхжаргал, эрэгтэй

Мэргэжлийн хүнд хандсанаар хамгийн гол нь асуудлаас гарах гарцыг олоход тусална. Мөн өөрийгөө нээх, нээлттэй болох зэрэг үр дүнтэй. Хүмүүс ихэвчлэн гэр бүлийн асуудлаас болж л зөвлөгөө авдаг юм шиг санагддаг.
Сүүлийн жилүүдэд хүмүүсийн харилцаа таагүй жижиг зүйл дээр ч таарамжгүй болсон. Тухайлбал гэр бүлийн хосууд хэн нэгэндээ итгэл алдрах, эсвэл яаж уур амьсгалыг халуун дулаан болгох вэ, яаж нөхрөө муу зуршлаас нь салгах вэ, яаж гэр бүлийнхээ хүнтэйгээ харилцах вэ, яаж амьдралыг сайхан болгох вэ зэрэг асуудлаар ихэвчлэн эмэгтэйчүүд ханддаг болов уу. Харин эрчүүдийн хувьд бухимдлаа хуримтлуулсаар тэсрэхэд бэлэн болохоороо л сэтгэл зүйчид хандах байх.

Бэлтгэсэн К.Ариунтуяа