Бидний ярьж заншсанаар цагаан мах эргэх буюу шамбарам өвчнийг анагаах ухааны хэлээр геморрой хэмээн нэрлэдэг юм. Энэ өвчин нь шулуун гэдэсний амсрын судас өргөсч, цүлхэн үүссэнээр илэрдэг. Ингэж үүссэн цүлхэн шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог байна. Энэхүү шамбарамын зангилааны үүссэн байршлаас шалтгаалан гадна ба дотор байрлалтай гэж ангилж үздэг бөгөөд хавсарсан хэлбэртэй ч байдаг. Зарим тохиолдолд шамбарамын зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бүлэн үүсгэдэг. Энэ үед өвчтөн маш их зовиуртай байх бөгөөд яаралтай мэс засал, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

 

Шамбарам үүсэх шалтгаан

Өтгөн хатах, олон дахин гүйлгэх, архи спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин үүсэх шалтгаан болно. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна.

Дотор байрлалтай шамбарамын шинж тэмдэг

Дотор байрлалтай шамбарамын үед онцын зовиур илэрдэггүй. Ихэнх тохиолдолд хүмүүс хүндээр бие засах үед гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Хүндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан өвчтөнд улам их зовиур өгдөг.

Зарим тохиолдолд цүлхэн хагарч цусан бүлэн үүсгэдэг. Ийм үед яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай. Шамбарам өвчин нь өвчтөний амь насанд төдийлөн аюултай биш юм. Уг өвчнийг ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг бөгөөд манай эмнэлгийн хувьд шамбарам өвчнийг үе шат, зэрэглэлээс хамааран эмийн, мэс заслын зэрэг аргуудыг хэрэглэн эмчилж байгаа. Мэс ажилбар нь хүний биеийн зөвхөн аарцагны хэсгийг мэдээ алдуулж богино хугацаанд хийгддэг. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд эмнэлэгт хэвтвэл эмчилгээ дунджаар 3 – 5 хоног шаардагдана. Сүүлийн үед мэс заслын бус аргыг өргөн хэрэглэх болсон юм.

Гадна байрлалтай шамбарамын шинж

Гадна байрлалтай шамбарамын үед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ үед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хүндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгүй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжүүд илэрдэг. Энэ өвчнөөр хүмүүс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгүй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгүйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.

 

Урьдчилан сэргийлэх аргууд

Хувийн ариун цэврийг сахих.

Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагүйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан үрэвсдэг. Имйд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бүлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгүй байж болно.

Өтгөн хаталт болон гүйлгэлтээс сэргийлэх

Өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Мөн гүйлгэлтийн улмаас боловсруулагдаагүй хоол тэжээл, ходоодны шүүс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.

Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий

Судалгаанаас харахад хэвийн үед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Үүнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2 – 3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илүү суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.

Өтгөн хаталтаас сэргийлэх

Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Өтгөн хатах зориуртай хүмүүс хүнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сүү, тоост хэрэглэдэг хүмүүс ихэвчилэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгүй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хүнс хэрэглэж гүйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин үүсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй.

Удаан хугацаанаар суух болон зогсох, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх

Удаан хугацаагаар суух, жолоо барих, хүнд зүйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт үүсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй үедээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хүнд зүйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.

Ууц нуруу ,өгзгөө дулаан байлгах.

Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хүний хувьд аль болох хүйтэн газар суухаас зайлсхийн бүлээн гудас хэрэглэх нь зүйтэй.

Байнга угааж байх

Өдөр бүр халуун устай онгоцонд усанд орж байх нь шулуун гэдэсний амсар орчмын эрүүл ахуйд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа цусны эргэлт сайжирсанаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Халуун ногоо болон спиртийн төрлийн зүйлийг хүнсэндээ хэрэглэхээс зайлсхий.

Халуун ногоо, улаан чинжүү, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгүй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон үрэвсүүлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хүнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хүндрэх шалтгаан болж өгдөг юм.

Буруу эмчлэхээс зайлхий

Ерөнхийдөө шулуун гэдэсний амсрын эмгэгтэй арван өвчтний хоёр нь мэс засал, гурав нь эмийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд таван хүн нь зөвхөн дэглэм барьж хувийн ариун цэвэр сахиснаар өвчнөө анагаадаг. Орчин үед шулуун гэдэсний амсрын дээрх өвчнүүд нь бүрэн эмчлэгдэх боломжтой болсон. Хамгийн чухал нь өвчний оношийг зөв тогтоож тохирсон эмчилгээг хийх шаардлагатай бөгөөд хувиараа болон мэргэжлийн бус эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь өвчин хүндрэх, эдгэрэхгүй байх шалтгаан болдог юм шүү.

Арчилгаа

40 – 45 хэмийн бүлээн усаар онгоцыг дүүргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дүрэн 5 – 10 минут суух хэрэгтэй. Энэ үед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг үрэвсэл, мэс заслын дараа илүү удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагүй юм.