Хүмүүний амьдралд өөрийн гэсэн гэр бүлтэй болж, үр удмаа үлдээх нь дээдийн үүрэг хариуцлага билээ. Хэнд ч хэлж чадахгүй хөндүүр бодолдоо түүртэн, үрийн хүслэнд автаж яахаа мэдэхгүй шаналж яваа хүмүүст бага ч болов тус болох үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна. Сүүлийн жилүүдэд үргүйдлийн асуудал нэлээд хурцаар тавигдах болсон. Ер нь гэр бүлийн хосууд амьдраад нэг жилийн дотор ямар нэгэн жирэмснээс хамгаалах эм, бэлдмэл хэрэглээгүй байхад жирэмслэхгүй байх юм бол хоёр хосод ямар нэгэн асуудал байна гэж үзээд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөдөг. Учир нь энэ хугацаанд жирэмслэх магадлал 85-90%-тай байдаг байна. Энэхүү асуудлыг нь мэргэжлийн эмч, тухайлбал манайд Эх нялхасын эрүүл мэндийн төвд оношилгоо хийдэг.
 
Үргүйдэл нь эрэгтэй, эмэгтэй хүний алинаас нь ч хамаарч болно. Манай улсад хийсэн судалгаагаар 60% нь эмэгтэйчүүдээсээ, 40% нь эрэгтэйгээсээ шалтгаалдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Эмэгтэй хүний хувьд үргүйдэл үүсэх нэг гол шалтгаан бол бэлгийн замын болон эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин. Мөн өндгөвчний үйл ажиллагааны хямралаас болох нь ч байдаг. Бас умайн хоргүй хавдар, эндометриоз гэх мэт өвөрмөц өвчнүүд, тун ховор тохиолдолд дархлалын огтолцооны хямрал нь үргүйдлийн шалтгаан болдог байна. Эрэгтэйчүүдийн хувьд мөн л үрэвсэлт өвчин нэг гол шалтгаан болж үргүйдэхэд хүргэдэг бөгөөд эр бэлгийн булчирхайн үйл ажиллагааны хямрал ч бас нөлөөлдөг байна.

Үргүйдэл бүрэн төсгч эмчлэгдэх эсэх нь үргүйдэл үүссэн шалтгаанаас л хамаардаг байна. Үрэвслийн шалтгаантай гэж үзвэл голдуу үрэвслийн эсрэг эмчилгээ хийнэ. Харин үрийн хоолой нь гэмтэх, битүүрэх юмуу үрэвсээд жирэмслэх боломжгүй болсон тэр үед эр бэлгийн эсийг лабораторын нөхцөлд үр тогтоогоод умайд нь хийж жирэмслүүлдэг нарийн технологи байдаг байна.

Тэгэхлээр энэ балай, энэ хэцүү үргүйдлээс яаж сэргийлэх вэ? Үргүйдлээс сэргийлэхийн тулд хамгийн гол нь үрэвсэлт өвчнөөр өвчлөхгүй байх ёстой гэнэ шүү. БЗХӨ-өөс аль болох хамгаалж, эмчид хандан зөвлөгөө авч байх хэрэгтэй гэж.

Энэ бүгдийн эцэст юу гэж дүгнэж хэлэх вэ гэж бодож байна. Миний бодлоор хамгийн гол нь эмэгтэйчүүд маань эрүүл байгаасай гэж л хүсэх байна. Тэгвэл жирэмслэлтийн процесс ч эрүүл явагдаж, хүүхдээ хэвийн тээж, хугацаандаа төрүүлж, дутуу төрөх, цус алдах, жирэмсний хордлого энэ тэрээ гэх мэт янз бүрийн хүндрэлүүд гарахгүй.  Тэгэхлээр эмэгтэйчүүд маань эрүүл байхын тулд наад зах нь жилдээ нэг удаа өвдөөгүй байсан ч эмчид үзүүлж байх хэрэгтэй байна. Ингэж чадвал та санаа зовох юмгүй, таны бүх юм ОК. Тийм биз дээ бүсгүйчүүд ээ.