Л.Буяндэлгэр: Шээснийхээ өнгө, үнэрийн тунгалаг чанар нь өөрчлөгдвөл эмчид хандаарай
Монголчууд бид их зүйлийг хараад бага зүйлийг нь мартдаг гэмтэй. Гэтэл аугаа нээлтүүд ихэнхдээ жирийн зүйлээс эхтэй байдаг гэлцдэг. Хэдийгээр эмнэлэг, өвчин гэхээр л хамгийн түрүүнд эмч, ялангуяа мэргэшсэн эмч нарын тухай боддог ч өвчтөнд хамгийн ойр байдаг нь сувилагчид. Шаналж эргэлзсэн үед ээжээс маань дутуугүй хандаж, өвдөж уйлахад нулимсыг минь чин сэтгэлээсээ арчиж чаддаг хүмүүс бол сувилагчид.

Эмч нарын хүнд аппаратын ард цаг наргүй ажилладаг. Тэгсэн атлаа хэзээ ч цалингаа голж “Бид илүү цагаар хүнд нөхцөлд ажиллаж байна” хэмээн гомдоллож байгаагүй хүмүүсийн нэг нь сувилагч гэдэгтэй ч санал зөрөх хүн гарахгүй биз ээ. Ингээд Клиникийн нэгдсэн I эмнэлгийн Поликлиникийн бөөрний тасгийн сувилагч Л.Буяндэлгэрийн яриаг уншигчиддаа хүргэе.

-Хүмүүс сувилагч гэхээр л зүү тариа болсон хүнийг төсөөлдөг. Харин би сувилагчийг хариуцлага өндөртэй, тухайн эмчийн баттай ар тал нь байдаг гэж боддог?
-Тийм шүү. Би энэ эмнэлэгт 30 дахь жилдээ сувилагчаар ажиллаж байна. Олон сайхан эмч, туршлагатай сайн сувилагч нартай хамтран ажиллаж байлаа. 30 жил гэдэг урт хугацаа юм байна. Энэ хугацаанд би зүрх судас, эрүү нүүрний тасаг, харшил, нүдний тасагт ажилласан. Одоо бөөрний тасгийн сувилагчаар ажиллаж байна.

Мэдээж сайн эмчийн ард сайн баг байх ёстой. Тэр багийн нэг хэсэг нь олон үггүйгээр ойлголцдог, ажлаа гарын арван хуруу шигээ мэддэг, туршлагатай сувилагч байх ёстой гэж би боддог л доо.

-Сүүлийн үед бөөрний өвчлөл ихэслээ. Хүүхэд хөгшидгүй л бөөрний өвчтэй байх болж. Гэвч эмчид хандахаас илүү аль тааралдсан эмийн сангаас антибиотек аваад уучихдаг. Энэ ер нь зөв үү?

-Маш буруу. Чиний хэлсэн шиг хүмүүс эмчид хандахаас илүү өөртөө онош тавиад ойролцоохи эмийн сан руу алхдаг. Бүр гэм биш зан болсон гэж хэлж болно. Гэтэл антибиотекийг дурын хүн хэрэглэдэг эм биш шүү дээ. Хамгийн энгийн жишээ хэлэхэд л, бөөрний шинжилгээ өгмөгц антибиотекийн мэдрэг чанар гараад ирдэг. Ингэж байж тухайн өвчтөнд ямар эмчилгээ хийх, ямар антибиотек таарах нь мэдэгдэнэ шүү дээ.

-Мэдрэг чанар гэдгээ тодорхой тайлбарлахгүй юу?
-Шинжилгээ өгөхөд антибиотекийн мэдрэг байна гэдэг нь өвчин үүсгэгч бактери ямар эмэнд мэдрэг /дарагдах/ эсвэл ямар эмэнд тэсвэртэй байгааг харуулах шинжилгээ юм. Тиймээс шинжилгээ өгөх нь маш чухал. Түүнээс биш таамаг төдийхнөөр шууд л антибиотек хэрэглэж болохгүй. Учир нь, антибиотек хүний биед харшил, сөрөг нөлөө үзүүлэх нь их байдаг.

Та нар мэдэж байгаа биз дээ, ээж эсвэл эгч чинь ямар нэгэн эмэнд харшил өгдгийг. Үүнийг сайн мэдэхгүйгээр эмчилгээ хийж болохгүй. Харшил энгийн зүйл биш. Магадгүй пенциллинд харшил өгдөг хүн байлаа гэхэд түүнийгээ мэдэхгүй хэрэглээд реакци өгөх, бүр шоконд орж ч болно. Тиймээс эм уух, эмчилгээ хийлгэхдээ маш хянуур байх ёстой.

-Хараад байхад, бөөрний шинжилгээ хоёр хэсэгт л хуваагдаад байх шиг. Шээс, биохимийн шинжилгээ гээд л?
-Бөөр нь өвдсөн хэн ч байсан, хамгийн түрүүнд бөөрний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой. Харин эмч үзсэний дараа ямар шинжилгээ өгөхийг нь бичээд өгнө. Түүнээс биш, өөрийн дураар шинжилгээ өгч болохгүй. Монголчуудын дунд нийтлэг алдаанууд байдаг. Энэ нь “Бөөр өвдөж байна, эмчид үзүүлэхээсээ өмнө шинжилгээ хийлгээд очьё” гэдэг. Ингэж болохгүй юм. Учир нь, шинжилгээ олон төрөлтэй байдаг.

Тухайлбал, шээсний шинжилгээ байна. Харахад ганцхан шинжилгээ өгөх гэж байгаа юм шиг боловч өгөх арга нь олон төрөл байх жишээтэй. Шээсний ерөнхий шинжилгээ өгөхөд өмнөх орой нь гадна бэлэг эрхтнээ сайтар савандаж угаах хэрэгтэй. Тэгээд өглөө өлөн шээсний дунд хэсгийг угааж бэлдсэн шил рүүгээ хийгээд шинжилгээнд авчирч өгнө.

Шинжилгээнд авсан шээсээ шил дамжуулан сэлгэн юүлж болохгүй. Шинжилгээ авах шил нь тунгалаг өнгөтэй, том амсартай байх ёстой. Сарын тэмдэг ирсэн үед болон ирэхээс өмнөх тав, ирсэнээс хойшхи 7-10 хоногт шээсний шинжилгээ өгөхгүй. Энэ бүхнийг анхаарах ёстой.

-Бактериологийн шинжилгээ өгөх нь шээсний ерөнхий шинжилгээтэй адилхан уу?
-Үгүй. Энэ шинжилгээг өгөхөд бактериологийн лабораториос ариутгасан шил авна. Ариун шилний гаднах цаасыг урж гэмтээж, онгойлгож үзэж болохгүй. Харин шинжилгээ өгөх өглөө ариун шилний гаднах цаасыг гэмтээлгүйгээр салгаж авна. Шинжилгээ өгөхдөө гадна бэлэг эрхтнээ сайтар савандаж угаасан байна. Өглөөний өлөн шээсний дунд хэсгээс шинжилгээнд авах юм.

Нэг зүйлийг анхааруулахад, ариун шил рүү шээхийн өмнөхөн тагийг нь аваад шээж дуусаад буцааж таглана. Шинжилгээний шилний дундуур шээнэ. Шээж дуусаад цаасаар нь эргүүлэн ороож лабораторид авчирч өгөөрэй. Шинжилгээний хариу гурван хоногийн дараа гардаг. Үүнээс гадна нечипоренкийн шинжилгээ гэж байдаг.

-Бас шээсний шинжилгээ юу?
-Тийм. Түрүүчийн хоёр шинжилгээнээс ялгаатай нь шинжилгээ өгөх шилээ өөрөө бэлтгэдэг юм. Гэхдээ бэлтгэж байна гээд янз бүрийн шил аваад ирж болохгүй. Ядаж л бэлтгэсэн шилээ 15 минут тагтай нь хамт ариутгаж жигнэсэн байх ёстой.

Харин гурван стаканы сорилыг өгөхөд заавал гурван шил бэлтгэнэ. Шинжилгээ өгөх шилээ дээр дурдсан заавраар бэлтгэнэ. Өглөөний өлөн шээсийг гурав хувааж шээх бөгөөд нэгээс нөгөө рүү дамжуулан юүлж болохгүйг анхаарах ёстой.

-Хоногийн шээсэнд уураг үзэх шинжилгээ гэдгийг тайлбарлаад өгөхгүй юу?
-Шээсээрээ уураг алдаж байгаа эсэхийг нь тодруулдаг гол шинжилгээ гэж хэлж болно. Тиймээс энэ шинжилгээг өгөхдөө илүү хариуцлагатай байх ёстой. Шинжилгээ өгөхдөө 3-3.5 литрийн том шил бэлтгэнэ. Шилээ тагтай нь хамт сайтар угаана. Тухайн өдрийн өглөөний өлөн шээсийг 0.6 цагт сул шээгээд түүнээс хойших шээсийг хоногийн турш дээрхи шилэндээ шээх ёстой.

Мэдээж энд маргаашийнх нь 06 цаг хүртэлх хугацаа хамаарагдана. Хоногийн шээс цуглуулж байхдаа шээс хөөх үйлдэлтэй ургамал, өтгөн кофе, цай, тараг, айраг, хоормог, тарвас, хавангийн эм зэргийг хэрэглэхгүй. Мөн дусал тариа хийлгэж болохгүй. Хамгийн гол нь шилээ дүүргэх гэж их хэмжээгээр шингэн зүйл уух, эсвэл дүүрчих вий гэж болгоомжлоод шингэнээ хасах хэрэггүй юм. Жирийн өдрүүдэд хэрэглэдэг шингэнээ л хэрэглэх ёстой.

-Би бөөрөө их өвдөөд байхаар нь бүс бүсэлдэг. Ингэхээр арай дээр болох шиг санагддаг?
-Бүс бүсэлж болно. Гэхдээ бүслэхдээ анхаарах хэрэгтэй. Хэрэв таны бөөр сунасан бол зүгээр зогсч байхдаа бүсээ бүслэвэл ямар ч нэмэр болохгүй. Тиймээс өглөө сэрээд орон дотроо тайван хэвтэж байхдаа бүсээ бүслээд өндийх ёстой. Учир нь, бөөр хэвтэж байхад байх ёстой байрандаа ордог. Харин өндийж, боссон үед бөөрний байрлал өөрчлөгддөг. Тиймээс хэвтэж байхдаа бүсээ бүслэх ёстой. Яагаад гэвэл, бүс нь бөөрийг унжих, доргихоос хамгаалдаг.

-Хүмүүс бөөрний өвчтэй гэхээр цусаар шээдэг үү гэж асуугаад байдаг. Ингэхэд бөөрний өвчтэй хүн заавал цусаар шээдэг юм уу?
-Бөөрний өвчин болгон цустай шээхгүй. Цустай шээдэг өвчин гэж тусдаа байдаг. Ийм үед бөөрний нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.

-Цуснаас өөрөөр шээсний өнгө өөрчлөгдөх үү?
-Эрүүл хүний шээс сүрлэг, шар, тунгалаг байдаг. Хөөсөрхөг, хэт цагаан, эсвэл улаан шар, хар хүрэн, өтгөн хар цай шиг өнгөтэй шээж байгаа бол таны бие эрүүл биш байна гэсэн үг. Шээсний өнгө идэж уусан зүйлээс шалтгаалж өөр, өөр гарах нь бий. Гэхдээ шээсний өнгө, үнэрийн тунгалаг чанар өөрчлөгдвөл эмчид хандах нь хамгийн зөв алхам юм.