УМХЕГ-аас ургамлын тосны чанар, аюулгүй байдалд улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа. Шалгалтыг орон нутгийн МХГ-уудын хүнсний эрүүл ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ стандартын хяналтын байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр 1107 хүнсний дэлгүүр, 288 хүнсний мухлаг, 33 хүнсний бөөний төв, 20 хүнсний зах, 10 үйлдвэр, 359 нийтийн хоолны газар, нийт 1807 объект, 3253 иргэнийг хамруулан хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтын дүнгээс үзэхэд худалдаа, нийтийн хоолны газруудад 18 улс орны, 26 нэрийн гурван төрлийн ургамлын тос (наранцэцэг, шар буурцаг, оливийн тос)-ыг хэрэглэж байна. Хяналтын явцад Arawana brand, Wang xiang, First-class soyabean oil, Meizan, Bens 3, Sunny gold, Xiang Shi Fu, Кларина, Олейна зэрэг 9 нэрийн ургамлын тосноос дээжийг шинжилгээнд авч холбогдох лабораториудад хамруулахад 10.8 хувь нь стандартын шаардлага хангахгүй дүнтэй гарчээ. Тухайлбал, “Meizan” ургамлын тосонд цус задлагч нян илэрсэн, “Arawana brand”, “Wang xiang”, “First-class soyabean oil” нэрийн ургамлын тосонд ханаагүй тосны хүчил 1.52 хувь, эрукийн хүчил 3.99 хувь, үл саванжих бодис 5.9 хувиар тус тус хэтэрсэн байжээ. Мөн “Xiang Shi Fu” нэрийн ургамлын тосонд саванжилтын тоо, үл саванжих бодис, хүчлийн тоо илэрсэн нь стандартын шаардлагыг тус тус хангаагүй үзүүлэлт гарчээ. Дээрх үзүүлэлтүүдээс гадна БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ургамлын тоснуудын хаяг, шошго нь хятад ханзаар бичигдсэн, зарим нэрийн ургамлын тосны дүүргэлт, жин нь хэмжээндээ хүрэхгүй, тухайлбал, “Arawana brand” нэрийн ургамлын тосны хаяг, шошго, сав баглааг хуурамчаар дуурайлган хийсэн нь тогтоогдсон байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, 791 ширхэг ургамлын тосыг битүүмжлэн, нийт 875 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулан 162 мянган төгрөгний ургамлын тосыг хүн амын хүнсний хэрэгцээнээс хасч утсгалд хамруулснаар илэрсэн зөрчлийн 98 гаруй хувийг арилгуулж чадсан байна. Дэлхий дахинд амьтны гаралтай тосны хэрэгцээ багасаж, ургамлын гаралтай тосны хэрэглээг нэмэгдүүлэх чиг хандлагыг баримталж байгаа хэдий ч Монгол улс хүнсэндээ хэрэглэж дадсан, ургамлын тосны нэр төрөл хязгаарлагдмал, хэрэглээнийхээ 100 хувийг импортоор авч хэрэглэж байгаагаас үзэхэд ургамлын тосны зохих хэсгийг дотооддоо үйлдвэрлэх, эх орны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь эрсдэлээс хамгаалах гол хүчин зүйл болж байгааг анхааралдаа авч тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай ЭМЯ, ХХААХҮЯ-нд албан бичиг хүргүүлээд байгаа ажээ.