Монголын хүн амын арваас илүү хувь нь вирус тээгч
Олон улсын гепатитийн сангийн мэдээлснээр дэлхийн хүн амын гуравны нэг нь гепатитийн С вирусээр, 350 сая хүн В вирусээр, 2005 онд 42,000 хүн А вирүсээр халдварласан тухай мэдээлжээ. Энэ сайтад хүн амынх нь 10 хувиас илүү нь гепатитийн С вирусийн халдвартай 8 орны нэгэнд Монгол улсыг нэрлэсэн байна.

Манай орны тухайд хүн амын 15-20 хувь нь В вирус тээгч,  15,6 хувь С вирус тээгч,  парентераль замаар халдварласан гепатитийн 33,9 хувийг D гепатит эзэлж байгаа бөгөөд 2007 оны байдлаар 10 мянган хүн ам тутмын 34.2 нь А вируст гепатитээр өвчилсөн байна. Хавдрын өвчлөлийн дотор элэгний хавдар, нас баралт тэргүүлж байна.   

Манай улс вируст гепатит В-ийн эсрэг вакциныг 1990 оноос дархлаажуулалтад нэвтрүүлснээр  түүний тархалтыг бууруулж чадсан юм. Зөвхөн 2007 онд гэхэд л B, C, D гепатитийн эмчилгээнд жилд дунджаар 30 гаруй сая төгрөг зарцуулж байгаа тооцоо гарчээ.
 
Гэвч 1990 оноос өмнө төрсөн, гепатитийн В вирусийн халдвар аваагүй хүмүүс болон А, D, С вирусээс сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй байна. Вируст гепатитийн өвчлөл, эндэгдэл, хөдөлмөрийн чадвар алдалт, алсын үр дагавар болох элэгний хавдар,  түүний улмаас нас барах хор хохирлыг бууруулахын тулд вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох асуудал эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болж байна.

Тиймээс ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг нэр бүхий байгууллагуудаас “Вируст гепатит” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа ажээ.

Вируст гепатитыг манай улсад вируст гепатит А, нийт вируст гепатитын өвчлөлийн 90-ээд хувийг эзлэж байгаа бөгөөд манай улс дэлхийн их тархалттай улсад багтаж байна.

Өнгөрөгч 2008 онд улсын хэмжээнд вируст гепатитын өвчлөлийн 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 89,5 хувь нь гепатит А байжээ. Эндээс үзвэл гепатит А-ын өвчлөл манай хүн амын дунд нутагшмал тогтвортой байдалтай, төв суурин газарт, хүүхдийн байгууллагад, 10 хүртлэх насны хүүхдүүдийн дунд, жил бүрийн 8-12 дугаар сард тархалт дэгдэлтийн байдлаар гарсаар байх төлөвтэй байна.

Иймээс хүн ам энэ өвчний талаар тодорхой мэдлэгтэй болох, өвчлөхөөс сэргийлэх аргад суралцаж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Вируст гепатитийн илрэх байдал нь арьс салст шарлах эсвэл шарлахгүйгээр шээс өтгөрөх, хоолонд дургүй болох, нозоорох, нойр хүрэх зэрэг хордлогын шинжээр илэрдэг хурц халдварт өвчин юм.

Халдварын эх уурхай нь А вирүст хепатитаар өвчилсөн хүн. Ялангуяа шарлалтгүй хэлбэрээр өвчилсөн хүмүүс шартай хэлбэрээр өвчлөгсдөөс хавьгүй олон бөгөөд халдвар тараах аюул нь их байдаг. Өвчтөний өтгөнөөр вирус болон антигенүүд ихээр ялгаран гарч орчныг бохирдуулсанаар өтгөн мөр – амаар, хавьтал ахуйн замаар халдварлана. Халдварыг дамжихад А вирусаар бохирдсон ус, хүнс, ахуйн эд зүйлс, нэн ялангуяа ус их нөлөөтэй.

Сэрэмжлэх гол арга бол:
1.А вирусыг ялгаруулж байгаа шартай болон шаргүй хэлбэрийн өвчтөнг эрт үед нь илрүүлж, эмнэлэгт, боломжтой бол гэрт нь тусгаарлаж эмчлэх.

2.Илүү өвчлөмтгий 10 хүртлэх насны хүүхдүүд, хүнс, ус хангамжийн үйлчилгээнд ажиллагсадыг А гепатитын вакцинаар дархлаажуулах.

3.Өвчтөний өтгөнөөр ялгаран гарч байгаа гепатитын А вирусаар хөрс, ус, хүнс, орчны эд зүйлсийг бохирдуулахгүйн тулд ил задгай бие засахгүй байх,  хүнсийг бохирдлоос хамгаалах, гараа угаах нөхцөл бүрдүүлж, хүн бүр гараа угааж хэвших,  буцлаагүй ус уухгүй байх, бохирдсон эд зүйлсийг буцалгах, ууранд жигнэх, хими цэвэрлэгээ хийх, 1 хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлэх шаардлагатай юм.