Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийн хүрээнд Улаанбаатар хотын 3 төрөхөд эх, нярайн тусламжийн нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмж гардуулах ёслолын ажиллагаа Клиникийн Нэгдүгээр Амаржих Газарт боллоо. Тус ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С. Ламбаа оролцсон юм. “Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”, Мянганы хөгжлийн зорилтуудад тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монгол Улс хүн амаа өсгөх бодлого баримтлахаа тодорхойлсон билээ. Засгийн газраас эх нялхсын эрүүл мэндийн төлөө онцгойлон анхаарч, хүн амаа өсгөхийн тулд төрөлтийг дэмжсэн олон чухал арга хэмжээ авсны дүнд эх нялхсын эрүүл мэндийн гол гол үзүүлэлтүүд жилээс жилд сайжирч, төрөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас гаргасан тодорхой санал, санаачлагыг НҮБ-ын Хүн амын сан баяртай хүлээн авч, Клиникийн Нэгдүгээр Амаржих Газар, Увс аймгийн төрөх тасгийг “Эх нялхаст ээлтэй орчин” бүрдүүлсэн үлгэр жишээ байгууллага болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эмч, эмнэлгийн нийт ажилтнуудад мэргэжлийн болон харилцааны соёл, үйлчлүүлэгчээ хүндэтгэн эелдэг сайхан харьцаатай, үгийг нь бүрэн гүйцэд сонсдог, сайн зөвлөгөө өгдөг хамт олон болоход нь зориулж сургалтууд зохион байгуулж байгаагаас гадна, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь зориулсан нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж байгаа ажээ. Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн 2007-2011 онд хамтран хэрэгжүүлж байгаа Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн төслийн хүрээнд, Клиникийн Нэгдүгээр Амаржих Газарт 27 нэр төрлийн хоёр сая гаруй төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, Хоёрдугаар амаржих газарт 14 нэр төрлийн мөн хоёр сая гаруй төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, Нийслэлийн Гуравдугаар Амаржих Газарт 15 нэр төрлийн хоёр сая гаруй төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өгч байгаа юм.