Жирэмсэн үедээ тамхи татах нь үр хөврөлийн цусны эргэлтийг багасгадаг
Жирэмсэн үедээ тамхи татах нь ургийн цусны эргэлтийг сааруулж, өсөлтийг удаашруулдаг болохыг судалгаагаар илрүүлсэн байна.

“Жирэмсэн үедээ тамхи татсан эхчүүдээс бага жинтэй хүүхэд төрдгийг бид 50 жилийн турш мэддэг байсан. Тэгвэл энэ судалгаа яагаад ургийн цусны эргэлт муу байдгийг тайлбарлаж байгаа юм” гэж Данийн Гентоффе эмнэлгийн их сургуулийн ахлах судлаач Доктор Малена Андерсен эрүүл мэндийн "Циркулэшн" сэтгүүлд нийтлэгдсэн мэдэгдэлдээ хэлжээ.

Андерсений баг тамхи татдаг 43, урьд нь тамхи татдаг байсан 41 гээд  жирэмсэн нийт 266 эмэгтэйг судалсан байна.

Тамхи татдаг хүмүүсийн хүүхэд тамхи татдаггүй, тамхи татдаг байсан хүмүүсийн хүүхдээс жин багатай, жижиг толгойтой, жижигхэн биетэй төрдөг аж.

Ургийн судсыг тэлж, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг гол уургийн түвшинг тамхи 47 хувиар бууруулдаг байна. Жин багатай төрөхөд нөлөөлдөг хамгийн анхны биохимийн хэмжүүрийг тус судалгаа харуулжээ. Тамхи татах нь ургийн ашигтай холестерины плазмын түвшинг 18 хувиар бууруулдаг байна.