Гахайн томууны H1N1 вирусын тохиолдол 898-д хүрлээ” хэмээн ДЭМБ өнгөрөгч ням гаригт мэдээллээ. Мөн одоогоор нийт 18 улс оронд бүртгэгдээд байгаа ажээ. Хамгийн их хэмжээний тархалттай байгаа Мексикт 506 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 19-д хүрээд байна.

АНУ-д 226 тохиолдол нийт 30 мужид нь бүртгэгдээд байгаа юм. Харин нас баралт нэг байгаа бөгөөд тэр нь Мексикээс тус улсад очсон иргэн ажээ.

Түүнчлэн Канадад 70, Их Британид 15, Испанид 13, Германд 6, Шинэ Зеландад 4, Израильд 3, Францад 2, Австри, Өмнөд Солонгос, БНХАУ, Дани, Нидерланд, Швейцари, Коста Рика, Ирландад тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Манай улсын хувьд хоёр хөрш оронд гарах вий гэхээс ихээхэн эмээж байсан. Харамсалтай нь ийнхүү урд хөршид нэг тохиолдол бүртгэгдлээ. Хятадад бүртгэгдсэн хүн нь Мексикээс Шанхай орох нислэгт багтсан хүн байжээ. Тиймээс тус нислэгт багтсан 68 зорчигч, 13 багийн гишүүнийг хөл хорионд оруулсан байна. Мөн Аэромексико нислэгт багтсан ойролцоогоор 110 хүн зорьсон газартаа хүрсэн боловч тэднийг тус бүрт нь хөл хорионд оруулсан байна. Бээжин зочид буудалд 15 хүнийг хөл хорионд оруулжээ.

Аэромексик тавдугаар сарын 15 хүртэл Шанхай хүртэлх нислэгээ түр зогсоогоод байна. Түүнчлэн Гонгонк, Бээжин лүү онгоц нисгэхгүй байгаа ажээ.

АНУ-ын Нью-Йоркт хамгийн олон буюу 63 тохиолдол бүртгэгдсэн бол Техаст 40, Калифорниад 26, Аризонад 18, Өмнөд Каролинад 15, Дилавэйрт 10, Массачуссетс болон Нью Жерсид тус бүр 7, Колорадод 4, Флорида, Иллианоис, Индиана, Охайо, Виржиниа, Висконсинд тус бүр 3, Коннектикут, Канзас, Мичиганд тус бүр 2, Алабама, Айова, Кинтаку, Миннесота, Миссури, Небраска, Нивада, Нью Хампшир, Нью Мексико, Род Айленд, Тэнниссэ, Юта мужуудад тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Мөн өчигдөр буюу ням гаригт Хойд Каролина, Пенсильвань мужуудад нэг, нэг тохиолдол илэрсэн талаар мэдээлжээ. Америкийн эмч нар халдварын тохиолдол одоо байгаагаас ч нэмэгдэж, мөн нас баралт ч дахин гарах болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Нэгэнт энэхүү вирусын тохиолдол урд хөршид маань бүртгэгдэж, манай улсын хувьд тун ойртсон тул иргэн бүрийг дор бүрнээ анхааралтай байхыг сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг хүргэж байна.

Зөвлөмж
Томуугийн A(H1N1) вирусийн шинэ халдварын талаарх сүүлийн үеийн мэдээлэл, нөхцөл байдалд үндэслэн манай хүн ам, иргэд уг халдвараас сэргийлэх талаар нэн даруй хийж болох дараах арга хэмжээг хэрэгжүүлбэл өртөх эрсдэл бага байж болохыг зөвлөмж болгож байна.

Урьдчилан сэргийлэлт: Одоогоор өвөрмөц вакцин байхгүй.

Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай.

Үүнд:
- Ханиаж найтаах үедээ ам, хамрыг гарын бугалаг, цамц, халад, алчуур, сальфетикаар таглах, шүлс, нус, цэрээ ил задгай хаяхгүй байх;
- Гараа сайтар савандаж угаах;
- Өвчтэй хүнтэй хавьтал болохоос зайлсхийх;
- Нүд, хамар, амандаа бохир гараар хүрэхгүй байх;
- Аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх;
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;
- Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1 хувь хлорамины уусмалаар халдваргүйтгэж байх.
- Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл харьяа эмнэлгийн байгууллагад яаралтай хандах.
- Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан улс орнуудад зорчихгүй байх.
- Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх зэрэг болно.


О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/