Сэтгэл байвч бусдад гаргаж чаддагүй явсаар байснаа би саяхан өөрөөсөө олж харлаа. Урьд нь аав ээжийнхээ ах эгчийнхээ хайрыг л авч байснаас биш нэг их өгч байснаа одоо бодоход санахгүй байна. Гэхдээ би огт өгөхийг хүсдэггүй байсан биш миний хайр дэндүү жоохон учраас энэ хүмүүс авахгүй байх гэж санаа зовдог байсан учраас тэр юм шиг. Энэ бол миний нэрэлхүү хайр байсан юм. Би юундаа өөрийнхөө хайрыг нуусан юм бол.
 Хүн хайраа өгөхдөө ичнэ гэж бас байдаг ажээ. Бусадтай хэрэлдэж муудалцахдаа ичдэггүй мөртөө,х эн нэгэнд хайраа өгөхөөс ичиж нэрэлхэж,санаа зовж,за за дараа л больё гээд алхчихдаг нь хүний ямар шинж чанар юм бол?

Уг нь бусдад бага ч гэсэн тусалж жижигхэн ч гэсэн зүйл дээр нь сэтгэлээсээ хандаж байсан бол гэж би одоо бодож байгаа ч энэ ухаарал нь хэзээ ч оройтдоггүй ажээ. Амьдрал дээр бусдын хайрыг татсан олон сайхан хүмүүстэй учирч явсан. Тэдгээр эгч ах нарыгаа харах бүртээ энэ хүмүүс яаж ийм уриалагхан хийж бүтээхийн одонд төрчихсөн хүмүүс байдаг байнаа гэж дотроо биширч хүндэлж ирсэнсэн. Гэтэл одоо би бусдад тийм их том юм хэрэггүй байдгийг ойлгож байна. Хүмүүст мөнгө байснаараа үнэтэй том бэлэг авч өгсөнөөрөө тэр хүн бусдад хайраа өгч байгаа хэрэг биш юм байна. Хүн хүнээ ойлгож амьдрах шиг сайхан юм энэ орчлон дээр байдаггүй ажээ.

Зарим хүмүүс энэ надаас дор юм чинь энэнтэй харьцаад ч хэрэггүй,зүгээр л мөрөөрөө явья гэж ихэмсэг бардам зан гаргадаг. Тэр хүн хэн бэ гэдгийг ойртож дотносоод ярилцаад үзвэл тэндээс бас нэгэн өөр ертөнц таны өмнө нээгдэх болно. Хүмүүсийг өөрийн гар шигээ өөрийнхөө бие шигээ хайрлаж хандах юм бол тэр зүгээсээ та сайн энергийг мэдэрч таны сэтгэл чинь өөрийн эрхгүй баясан цэнгэнэ гэдэгт би итгэлтэй байна. Ингээд энэ хорвоогийн бүх юмыг хайрын нүдээр хараад эхэлвэл танд бүх юм сайхан харагдах болно. Урьд нь үзэн ядаж сэтгэлд чинь багтахгүй байсан хүн хүртэл нэг л хөөрхөн цаанаа л дотно санагдах болно. Ингэж л хүн сэтгэлийн аз жаргалыг бусдыг хайрласанаараа олж авдаг юм шиг. Хэрвээ та хэнийг ч үл тоомсорлон зөвхөн өөрийгөө л бодон алхдаг бол танд энэ хорвоо ямар давчуухан амьсгалахад хүнд санагдах бол. Та нэг удаа ч гэсэн үзэн яддаг хүн рүүгээ хараад инээмсэглээд үзээрэй. Тэгвэл таны сэтгэл уужимхан болно. Энэ нь танд хичнээн хэцүү байсан ч та дуртай газраа амарч дуртай хүнтэйгээ уулзахаас илүү аз жаргалыг танд өгнө гэдэгт би итгэлтэй байна.

Энэ хорвоогийн амьдралын сайхан нь юу вэ гэвэл найз нөхөд ах дүүстэйгээ элэг бүтэн аз жаргалтай үхэн үхтэлээ хамт амьдрах гэж олон хүн хариулж болох юм. Гэвч та мөнгө олохын тулд ажлыг эрж хайдаг шиг амьдралыг улам баялаг болгож сэтгэл дүүрэн аз жаргалтай болгохын тулд яг одооноос ухамсартайгаар өөрийнхөө хайрыг түгээж эхэл. Таньд хариу нь ирэхгүй байсан ч хамаагүй, магадгүй тэр хүн мэдэхгүй байгаа учраас танд буцаагаад өгч чадах тийм ухаан төрөхгүй байж ч болох шүү дээ. Өнөөдөр амьдрал нь сайхан болчихсон өөрийн гэсэн гэр орон үр хүүхэд ажил албатай болчихсон олон мянган хүмүүс дэлхий дүүрэн амьдарч байгаа. Монгол хүмүүс дотор ч гэсэн тийм хүмүүс зөндөө бий. Тэдэнд бусдыг ямар ч хариу нэхэлгүйгээр, алдчихвий гэж санаа зоволгүйгээр хайрлах боломж байна. Тийм учраас л тэр хүмүүс одоо мөнгийг эрж хайх ажлаа түр хойш нь тавиад харыг ч цагаан болгож харж чадах, таныг алгадсан ч инээгээд талархаж чадах тийм уужим сэтгэлийн төлөөх эрэлд мордвол үнэхээр гайхамшигтай. 

Хүнд нэг юмуу нэлээн хэдэн дургүй хүн байдаг. Тэр хүнтэйгээ та найз нөхдийн хэмжээнд хүрч очих гээд үз. Энэ нь хүнийг дургүй байхад нь гуйж доош орж байгаа юм шиг санагдаж болох боловч, тэр хүнд та хэрэгтэй биш та тэр хүнийг харахаараа сэтгэлдээ сэвгүй байхын тулд энийг хийж байгаа учраас ямар ч доромжлол эсэргүүцэлийг даван туулаад нэг удаа ч болов тэр хүндээ тус хүргээрэй. Энэ хорвоо дээр өргөс шиг олон дургүй зүйлсүүд байсан ч та эхнээс нь сугалж аваад хайрлаад эхлэх юм бол та нэг л өдөр бурхан болдоггүй юмаа гэсэн ч заавал сэтгэлийн аз жаргалыг мэдэрнэ гэдэгт би итгэлтэй байна. Таны сэтгэлд хайрын мянга мянган цэцэгс өдөр бүр дэлгэрч байвал сайхан байхгүй гэжүү. Хайрыг хэн нэгнээс харж суухынхаа оронд та хэн нэгэнд бага ч гэсэн хайраа өгөх юмсан гэж бодож явах юм бол таны зүрх сэтгэл агуу болох болно. Энэ бол хамгийн гол нь харамгүй сэтгэл юм шүү. Таньд амжилт хүсье!!!