Улсын клиникийн төв эмнэлгийн Харшил судлалын тэнхимийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Т.Рэгзэдмаатай уулзаж, харшлыг өвөл хэрхэн эмчилж болох талаар асуулаа.

ДАРХЛАА СУЛАРЧ, ЯДАРГААНД ОРСНООС ХАРШИЛ ҮҮСДЭГГҮЙ

Хүмүүс харшлыг аль ч улиралд эмчилж болдог гэж ойлгодог. Гэтэл эмч нар үүнийг үгүйсгэж байна. Харшлын эмчилгээг хавар, тэр дундаа дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн хийлгэх нь тохиромжтой гэж байна. Урьдчилан сэргийлэх, улирал угтсан эмчилгээг хийлгэсэн хүмүүсийн харшил зуны улиралд харьцангуй хөнгөн хөдөлдөг. Тиймээс жил бүр ийм төрлийн эмчилгээг тогтмол хийлгэх хэрэгтэй.

Ингэснээр дархлаа хүний биед аажмаар тогтдог аж. Үүнийг эмч нар дархлаа зүгшрүүлэх эмчилгээ хэмээн нэрлэдэг ажээ. Хаврын улиралд яг ямар төрлийн эмчилгээг голчлон хийдэг талаар асуухад "Харшилтай ургамлаар нь бэлдмэл хийж түүнийг хамарт нь шүрших байдлаар эмчилдэг. Энэ нь илүү үр дүнтэй. Дархлаа суларч, ядаргаанд орсноос харшил үүсдэггүй. Харин эсрэгээрээ дархлааны систем илүү их гажуудалд орсон учраас харшилтай буюу мэдрэг болдог" гэсэн юм.

ЦАРЦААНЫ БЭЛДМЭЛИЙГ ӨВӨЛ, ХАВАР УУ

"Ургамлын тоосонцрын харшилд адил төстэй эм бэлдмэл хэрэг болно. Хорыг хороор гэдэг шиг, байгалийн амьтан, ургамал л эм болно" гэж олон хүн ярьдаг. Харин тэдний амаар харшил нь хөдөлсөн хүмүүс юу ч хамаагүй олж идэж, уухад бэлэн байдаг.

Царцаа, голионы бэлдмэл, цэцэг, навчны ханд уух гээд бусдын амнаас сонссон зүйлээ туршиж үзээгүй хүн тэдний дунд тун цөөхөн. Харин энэ тухай мэргэжлийн эмчээс асуувал "Сүүлийн үед мал эмнэлгийн хүрээлэнгээс царцааны бэлдмэл гаргах болсон. Царцаа, голионы гадна талын хатуу бүрхүүлд хитинин нэртэй уураг агуулагдаж байдаг. Түүнийг нь ашиглан бэлдмэл хийдэг. Энэ бэлдмэлийг аравдугаар сараас дөрөвдүгээр cap хүртэл уух ёстой. Өөрөөр хэлбэл, өвөл, хаврын улиралд уух ёстой гэсэн үг.

Харшил хөдөлсөн үед уувал өвчнийг улам даамжруулдаг. Манайхан наймдугаар сараас хойш царцаа, голио сорох явдал байдаг. Энэ нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй зүйл. Тиймээс харшлын эмчид хандаж тохирсон цаг хугацаанд нь эмчилгээ хийлгэх, зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй. Тэгээд ч бас аюулгүй" гэсэн юм.

Солонгос улс дахь Монголчуудын Сэван эмнэлэг
Web site : www.sewanghospital.mn
Email : medical_82@yahoo.com
Tell : 02-2299-3589