"Савны хавдар" гэж манайхны ярьж заншсан умайн хүзүүний хорт хавдраар дэлхий дээр жил бүр 500,000 эмэгтэй шинээр өвдөж, эндэж байдаг байна. Манай улсад жил бүр 200 орчим эмэгтэй шинээр энэ өвчнөөр өвддөг бөгөөд 90% нь хожуу илэрдэг тул тэр жилдээ талаас их хувь нь нас бардаг эмгэнэлт явдал болдог. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл долоо хоног бүр 3 хүн шинээр өвдөж 2 хүн нас бардаг гэсэн үг.

Умайн хүзүүний хавдар савны амсар гэж хэлэх үтрээ рүү харсан умайн доод хэсэгт үүсдэг. Өөрөөр хэлбэл түүний хучуур эсүүд байнга өөрчлөгддөг ба хүний папиллом вирусын халдвар, тамхи таталт зэрэг сөрөг хүчин зүйлээс шалтгаалан хавдрын өөрчлөлттэй болдог гэж ойлгож болох юм.

Умайн хүзүүний хорт хавдар үүсэх гол шалтгаан нь юу вэ? Дэлхий дээр нийтдээ 100 гаруй төрлийн хорт хавдар байдаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлж, амь насаа алдахгүй байх бүрэн боломжтой хавдрын бүлэгт хамаардаг. Ийм ч учраас амьдралын хэв маяг, дадал зуршлаас шууд хамааралтай байдаг юм. Тухайлбал, эрт бэлгийн харьцаанд орох, олон хүнтэй бэлгийн харьцаатай байх, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, өвдөөгүй байхдаа тогтмол зохих үзлэг шинжилгээ хийлгэхгүй байх, тамхи татах зэрэг нь хавдар үүсэх эрсдэлийг ихэсгэж байдаг байна. Учир нь хавдар үүсэхэд гол нөлөө үзүүлэх хүний папиллом вирусын халдвар бэлгийн замаар дамждаг бөгөөд ямар ч зовиур, шинж тэмдэггүйгээр далд явагддаг. Өөрөөр хэлбэл тогтмол нарийн үзлэг шинжилгээ хийлгэдэггүй хүн эрт үед нь илрүүлж, эмчлүүлж чадалгүй явсаар хавдартай болдог гэсэн үг юм.

Ер нь энэ өвчинд хэд орчим насны эмэгтэйчүүд өртөж байна вэ? Бэлгийн харьцаанд орсон л бол бүх насныхан өвдөж болох ч хорт хавдрын хувьд ихэвчлэн 35-аас дээш насныхан өвддөг. Харин хүний папиллом вирусын халдвар болон хорт хавдрын урьдал өвчнөөр ихэвчлэн 20-30 насныхан өвддөг байна.

Энэ хавдар ямар шатлалтай явагддаг вэ? Хүний папиллом вирусын халдвар авлаа гээд шууд хорт хавдар үүсчихгүй л дээ. 2-10 жил далд, нууц үе дамжиж байж сая үүсдэг. Тэгэхээр үүсэхээс нь өмнө оношлож эмчлэх хангалттай хугацаа, боломж бий.

Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Миний бодлоор хамгийн сонгодог буюу бүтэшгүй арга бол бэлгийн харьцаанд орохгүй байх. Онгон охин буюу гэлэнмаа нэр энэ өвчнөөр хэзээ ч өвддөггүй гэнэ. Ер нь эрт бэлгийн харьцаанд орохгүй, орсон ч аюулгүй хамгаалалттай бэлгийн харьцаанд орж хэвшсэн, тамхи татдаггүй, жилдээ нэг удаа тогтмол зохих үзлэг, шинжилгээ хийлгэж, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх талаар мэдлэг боловсролоо ямагт дээшлүүлэн, эрүүл ажил, амьдралын хэв маягийг сахин мөрдөж чадвал урьдчилан сэргийлж чадна._