Стресстэй бол өдөр тутам чигчий хуруундаа иллэг хий. Хөлийн ул, чих, гарын хуруунд дотор эрхтнүүдтэй холбоотой био идэвхит цэгүүд олноор байрладаг бөгөөд эдгээр цэг дээр иллэг хийж эрүүл мэндээ хамгаалан сайжруулж, зарим өвчнийг анагааж болно. Тухайлбал, чигчий хуруунд зүрхний, нэргүй хуруунд элэгний, дунд хуруунд гэдэсний, долоовор хуруунд ходоодны, эрхий хуруунд тархины үйл ажиллагаатай холбоотой био идэвхт цэгүүд байрлана.

- Нэг гарын алгыг доош харуулаад нөгөө гарын эрхий /дээд талд/, долоовроор хуруугаа чангахан чимхэнэ.
- Хурууны иллэгийг үзүүрээс уг руу нь чиглүүлэн хийх бөгөөд чигчий хуруунаас эхэлнэ.
- Хурууны хажуу талд мөн ийм маягаар иллэг хийнэ. Хуруу тус бүрт 3 удаа илэг хийгээрэй.
- Долоовор, дунд хуруугаар хурууны үе дээрээс барьж татна /чанга биш/. Хуруу тус бүрд 3 удаа татлага хийнэ.

Инээж бай Инээд мэдрэлийн ядаргааг эмчилдэг. Өөрийн ба өрөөлийн амьдрал дахь инээдэмтэй бүхнийг анзаарч инээж байхыг хичээ. Элгээ хөштөл, нулимсаа гартал хөхрөх хамгийн сайн. Энэ нь бодисын солилцоог сайжруулан цээжний булчин хөгжүүлж зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

Байнга инээх шалтаг хай. Найз нөхөдтэйгээ уулзах, гэр бүлийн амьдрал, хошин урлаг, инээдмийн кино, аялал жуулчлал зэрэг боломжтой бүхнээс инээд, хөөр баясал, таашаал авч бай. Таагүй дурсамжийг сэтгэлдээ хадгалах нь удаан үйлчилгээтэй хор идсэнтэй адил. Урам зоригтой, өөдрөг байх нь эрүүл байх нэг үндэс. Иймд золгүй явдал, уйтгар гуниг, гомдол зэргийг аль болох хурдан март. Хэрэв өөрт тань зовлон тохиолдож, тэр нь танаас шалтгаалсан бол сайтар тунгаан дүгнэ. Алдсан бол түүнээсээ суралц, хожим давтахгүйн тулд яах тухайгаа шийд. Хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрөөхтэй л адилхан. Иймд зөвхөн ирээдүйгээ, маргаашаа харж амьдар.

Таагүй явдлыг эргэж бүү дурс. Түүний оронд өөрийн болон өрөөлийн аз жаргал, амжилт, хорвоогийн сайн сайхан бүхнийг олж харж, чин сэтгэлээсээ баярлаж бай. Сэтгэл сэргэх, хөгжин баясах шалтгаан тоо томшгүй олдоно. Үргэлж инээж баярлаж явах шиг жаргал байдаг гэж үү.

Хөдөлгөөн ба байгаль мэдрэлийн ядаргааг эмчилнэ. Долоо хоногт ядаж нэг удаа ой мод, голын эрэг, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь чухал. Өдөрт хамгийн багадаа 15 минутыг гүйх, аэробекээр хичээллэхэд зарцуулах нь зүйтэй.

Нойр. 22-оос 24 цаг хүртлэх нойр нь бие сэтгэлийн ядаргааг арилгах, цовоо сэргэлэн байхад онцгой үүрэгтэй.

Хобби ядаргааг арилгаж тайвшруулдаг тул хүн бүхэн чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийж байх нь хамгийн сайхан амралт.