Өндгөвчний үрэвсэл гэж юу вэ?


Өндгөвч нь эмэгтэйн биед эм бэлгийн эсийг боловсруулах болон биений юмны үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн даавар ялгаруулах гэсэн 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг аарцгийн хөндийд байрладаг бэлэг эрхтэн юм. Эмэгтэйчүүдийн өвчний дотор өндгөвчийн үрэвсэл нилээд элбэг тохиолддог бөгөөд дангаараа өвчилөхөөс илүүтэй умайн гуурсан хоолойн үрэвсэлтэй хавсарсан байх нь элбэг.

Ихэнхидээ үтрээ болон умайд байгаа халдвар өгсөх байдлаар тархсанаас үүсдэг. Өөрөөр хэлбэл төрөлт, үр хөндөлтийн улмаас умайд үүссэн үрэвсэл болон янз бүрийн шалтгаантай үтрээний үрэвслүүдийг эмчлүүлэхгүй архагшуулснаас халдвар үтрээнээс умайн хөндий рүү, умайн хөндийгөөс умайн гуурсан хоолой рүү, умайн гуурсан хоолойноос өндгөвч рүү дамжин тархах байдлаар өвчлүүлдэг.

Харин цөөн тохиолдолд уруудах замаар өөрөөр хэлбэл мухар олгой, шулуун гэдэс түүний дээд хэсэг, хошного зэрэг эрхтнүүдийн үрэвсэл тархаж өндгөвч болон умайн гуурсан хоолойг үрэвсүүлж өвчлүүлдэг байна.

Хэрвээ танд доорхи асуудлуудын аль нэг нь байгаа бол таны өндгөвч үрэвсэж өвчлөх магадлалтай тул заавал эмчид хандан эрүүл байгаа эсэхээ тодруулаарай.

- Урьд өмнө, хэзээ нэг цагт эмч таныг үзээд Таны өндгөвч үрэвсэлтэй байна, эмчлүүлээрэй гэсэн боловч та эмчлүүлэхгүй орхисон.
- Үе үе хэвлийн доод хэсэг, бүсэлхий, цавь орчмоор хатгуулж өвддөг
- Биений юмны мөчлөг алдагддаг
- Хэвлийн доод хэсгээр өвдөхийн хамт халуурч байсан
- Бэлэг эрхтнээс цагаан юм их гардаг эсвэл цагаан юмны өнгө, үнэр хэвийн биш санагддаг
- Үр хөндүүлж байсан эсвэл төрөлт хүндрэлтэй явагдсан
- Умайн гаднах жирэмслэлт болж байсан.
- Умайн хөндийдөө ерөндөгтэй
- Хамгаалалтгүй, найдвартай биш бэлгийн харьцаанд ордог
- Хэвлийн хөндийн идээт өвчний улмаас хагалгаанд орж байсан

Өвчний илрэл нь хурц тод байхын зэрэгцээ бүдэг, балархай ч байж болдог. Халдвар хир их талбайг хамарч өвчлүүлсэн болон үүсгэсэн нянгийн хоруу чанар, тухайн хүний биеийн эсэргүүцэл зэргээс хамааран хэвлийн доод тал, бүсэлхийгээр өвдөх , халуурах, биений юмны үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд тод, бүдэг, хүчтэй, сул байдлаар илэрнэ. Хэрвээ өндгөвч болон умайн гуурсан хоолой идээлж үрэвсвэл энэ нь умайн гаднах жирэмслэлт болох, гуурсан хоолой битүүрэх, үргүйдэх зэрэг хүндрэлүүдийн гол шалтгаан болдог.

Харин мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандан оношлогоо, эмчилгээг хийлгэвэл бүрэн төгс эмчлэгддэг давуу талтай.


Кил нэгдсэн эмнэлэгийн
Монгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com