Улаан хоолойн хавдрыг хэрхэн эмчлэх вэ?

Эмчилгээний аргуудад мэс засал, химийн эмчилгээ, туяа эмчилгээ орно. Тохиолдол бүрт эмчилгээ нь анхдагч хавдрын байрлал, хавдрын төрөл, хавдрын үе шат (хавдар хэр зэрэг том, тархсан эсэх) болон таны биеийн ерөнхий байдал зэрэг янз бүрийн хүчин зүйлээс хамаарна.
Таны өвчнийг мэдэх эмчтэйгээ та бүрэн дүүрэн ярилцах хэрэгтэй. Тэр танд эмчилгээ амжилттай байх магадлал, гарч болох гаж нөлөө, хүндрэл болон таны хавдрыг эмчлэх боломжит хувилбаруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадна.

Мөн та эмчтэйгээ эмчилгээний зорилгын талаар ярилцаж болно. Жишээ нь:

  • Эмчилгээ нь хавдрыг эмчлэн эдгэрүүлэх зорилготой байж болно.  Улаан хоолойн зарим хавдар эмчлэгдэн эдгэрч болно, ялангуяа өвчний эрт үед  эмчилгээ хийлгэвэл. (Эмч нар "эдгэрсэн" гэсэн үгээс илүү "намжсан" гэсэн үгийг хэрэглэх хандлагатай байдаг. Намжих гэдэг нь эмчилгээний дараа хавдрын шинж илрэхгүй байхыг хэлнэ. Хэрэв та намжмал үед байгаа бол эдгэрсэн байж ч болно. Гэлээ гэхдээ, зарим тохиолдолд хавдар хэдэн сар, жилийн дараа эргэн гарч ирдэг. Энэ нь эмч нар заримдаа эдгэрсэн гэдэг үгийг хэлэх дургүй байдгийн учир юм.)
  • Эмчилгээ нь хавдрыг хянах зорилготой байж болно. Хэрэв эдгээх боломжгүй бол эмчилгээгээр ихэнхдээ хавдрын өсөлт буюу тархалтыг хязгаарлах боломжтой, ингэснээр хавдар нь арай удаан даамжирна. Ингэснээр таныг хэсэг хугацаанд зовиургүй  байлгах боломжтой.
  • Зарим тохиолдолд эмчилгээ нь өвчний шинж тэмдгийг хөнгөвчлөх зорилготой. Хэдийгээр эмчлэх боломжгүй ч эмчилгээг хавдрын хэмжээг багасгахаар хийж болох юм, ингэснээр өвдөлт, залгихад хүндрэлтэй зэрэг зовиурыг багасгах боломжтой. Хэрэв хавдар их даамжирсан бол танд нэмэлт тэжээл, өвчин намдаагч буюу өвчнөөс ангижруулах эсвэл бусад зовиураас салгах өөр арга шаардагдаж болзошгүй.
Мэс засал

Хавдрыг авах боломжтой байж болно. Ингэх тохиолдолд, улаан хоолойн хэсгийг эсвэл бүхэлд нь авах эсэх нь хавдрын байрлал, хэмжээнээс хамаарна. 
Улаан хоолойд хүрэх олон аргууд байх ба мэс заслын олон аргууд байдаг. Хэрэв улаан хоолойн доод хэсгийг авах бол ходоодыг цээжний хэсэгт авчран улаан хоолойн үлдсэн хэсгийг ходоодтой эргүүлэн оёж болно. Хэрэв улаан хоолойг бүхэлд нь авах бол мэс заслын эмч таны гэдэсний хэсгийг шинэ хиймэл улаан хоолой болгохоор ашиглаж болно. Мэс заслын үеэр улаан хоолойн эргэн тойрны зарим тунгалгийн булчирхайнуудыг ямар нэгэн хавдар тэдгээр лүү үсэрхийлсэн эсэхийг шалгахаар нэгэн зэрэг авдаг. 
Хавдар их даамжирч түүнийг авах боломжгүй үед ч гэсэн өвчний шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх зорилготой мэс заслын зарим аргууд хэрэглэгдсээр байгаа. Жишээ нь, саадыг хөнгөвчлөхөөр лазерын мэс заслыг хийдэг, хатуу хоолой (стент) оруулах юм уу, эсвэл улаан хоолойг өргөсгөснөөр хоол хүнс, шингэн зүйлс саадыг өнгөрөн ходоод руу орох боломжтой болдог.  

Химийн эмчилгээ

Химийн эмчилгээ гэдэг нь хавдрын эсүүдийг устгадаг буюу тэдгээрийн олшролтыг зогсоодог хавдрын эсрэг эмийг ашиглан эмчилдэг эмчилгээ юм. Химийн эмчилгээг мэс засал юм уу туяа эмчилгээнд нэмж хийж болно. Жишээ нь, мэс заслын дараа танд хими эмчилгээний курс өгч болно. Үүний зорилго нь үндсэн хавдраас тархсан байж болзошгүй хавдрын аливаа эсүүдийг устгахад оршино. Химийн эмчилгээг мэс заслын эмчилгээн дээр нэмж хийсэн үед үүнийг адъювант /туслах/ хими эмчилгээ гэнэ.

Химийн эмчилгээг заримдаа хавдрыг жижигрүүлэхээр мэс заслаас өмнө хийж болох ба ингэснээр мэс засал илүү амжилттай болж, арай бага мэс засал хийж болох талтай. Үүнийг ‘неоадъювант хими эмчилгээ’ гэдэг. 

Туяа эмчилгээ

Туяа эмчилгээ гэдэг нь цацраг идэвхит өндөр энергитэй туяаг хавдрын эд рүү чиглүүлэн эмчлэхийг хэлнэ. Энэ нь хавдрын эсүүдийг устгадаг буюу хавдрын эсүүдийн олшролтыг зогсоодог.
Улаан хоолойн өмөнг эмчлэхээр туяа эмчилгээг хийхдээ мэс засал эсвэл химийн эмчилгээнд нэмэлт болгон ашиглах нь түгээмэл. Яг аль эмчилгээг хослох вэ гэдэг нь олон хүчин зүйлээс хамаардаг. 

Улаан хоолойн өмөнгийн эмчилгээнд хоёр төрлийн туяа эмчилгээг хэрэглэдэг, гадаад ба дотоод.

  • Гадаад туяа эмчилгээ. Энэ үед хавдар руу чиглэсэн цацраг идэвх нь багажаас гардаг. (Энэ нь олон төрлийн хавдрыг эмчлэхэд хэрэглэдэг туяа эмчилгээний түгээмэл хэлбэр юм.)
  • Дотоод туяа эмчилгээ (брахитерапи). Энэ эмчилгээний үед жижиг цацраг идэвхит суулгацыг богино хугацаагаар хорт хавдрын ойр байрлуулна, дараа нь авдаг. (Суулгацыг эндоскоп ашиглан улаан хоолойг дайруулан байрлуулдаг.)

Фотодинамик эмчилгээ гэгдэх шинэ эмчилгээнд хавдрын эсүүдийг устгахаар бага хүчдэлтэй лазерыг гэрэлд мэдрэг эмтэй хослуулан хэрэглэдэг. Их Британид энэ эмчилгээг одоог хүртэл зөвхөн тусгай мэргэжсэн цөөхөн эмнэлгүүдэд хийж байна. Энэ эмчилгээг улаан хоолойн өмөнгийн шалтгаант залгихад саад учирсан зовиурыг багасгахаар хэрэглэх нь илүү түгээмэл байдаг. Фотодинамик эмчилгээ нь голдуу туршилтанд, улаан хоолойн эрт үеийн хавдрын эмчилгээнд мэс заслын оронд хэрэглэгдэж байна.



Кил нэгдсэн эмнэлэгийн

монгол дахь салбар оффис

хаяг:13 хороолол Престиж төв 2давхар 202 тоот

утас:7000-3213