Чангаар дуудахад бурхан хүртэл нэрийг чинь сонсчих вий гэж
Чамайг би орчлонгоос хачин их харамладаг аа
Зөрж өнгөрсөн учралын сэжүүрийг буцаан эргүүлэхсэн гэж
Зүүдэнд үзэгдэх хагацлаасаа хачин их айдаг аа

Намайг гомдоход тэнгис догширч чамд хатуурхах вий гэж
Нулимсаа би ханцуйдаа биш зүрхэндээ атгаж явдаг аа
Өрөөлийн шуналт харцанд чамайг алдчих вий гэж
Өөрийнхөө дэргэд биш өрцөн дотроо нууж явдаг аа

Мөнх бусын орчлонд хайрлаад ханачих вий гэхдээ
Мөрөөр чинь гишгиж мөрийг чинь тэвэрч зүрхэлдэггүй ээ
Гэнэн харцанд чинь бүлээн гуниг цантах вий гэхдээ
Гэргий чинь болж гэмийг чинь зузаалж чаддаггүй ээ

Гоо биенд минь зурсан дурлалын зургийг чинь мөнхлөх гэж
Хожмын учрал ивэлтэл энгэр хумин алхъя аа
Бурханы өгсөн тавиланг чинь бүсгүй үйлэндээ сульдаахгүй гэж
Бүрэнхийд урсдаг шүлгээр чинь нүглээ хучиж амьдаръя аа

 

 

Photo: Амьдрал дахь хамгийн том аз жаргал бол өөрийг чинь хайрлаж байгааг мэдсэн баттай итгэл юм...