Салхи бороогүй бол солонгыг яаж харах вэ?
Энхэл донхолоор яваагүй бол дардан зам энэ шүү гэж хэрхэн мэдэх вэ?
Саад бэрхшээлийг туулаагүй бол амжилтыг яаж, хэрхэн олж харах вэ?
 Бэрхшээл бол амжилтад хүрэх зам гэлтэй. Тиймээс амжилт гэдэг чулуунд боодолтой эрдэнэ юм.
Амжилт болон ялагдал нь хоорондоо маш бага зайтайгаар ердөө л хөшгөөр тусгаарлагддаг аж. Тэрхүү хөшгийг сөхөж, амжилтад хүрсэн маш олон бизнесмэн бий. Тэдний нэг хэрхэн амжилтад хүрснийг хамтдаа сонирхоё.

“Сакура”- цэвэр ариуны бэлгэдэл

“Сэйбү” корпорацийн анхны зочид буудал болох “Сакура” зун цагаар, ид амралт зугаалгын үеэр ашиглалтад оржээ. Компанийн удирдлага сонин хэвлэл, радио телевизэд асар их хэмжээний мөнгө өгч зар сурталчилгаа сайн хийлгэсний хүчинд зочид буудал нээгдсэн өдрөөсөө эхлээд л дүүрэн хүнтэй байдаг болов.

Гэвч  нэг их удалгүй хүн дүүрснээс болж багагүй асуудал үүслээ. Зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах амралтын өрөө байнга дүүрэн хүнтэй байдгаас үүдэн зочдод амралтын цагаа өнгөрөөх газар хүрэлцэхгүй болов. Зочид буудлын ард нэгэн том хэмжээний сул газар байх боловч өнөөх нь хэдэн ширхэг мод, их хэмжээний хогийн ургамлаас өөр юу ч үгүй нүцгэн уул байжээ. Хэрэв энэ том уулыг цэцэрлэгт хүрээлэн болгохоор засвар хийвэл дараа оноос нь л ашиглалтад орох байв. Зочдын амрах газар хүрэлцэхгүй байгаад зочид буудлын удирдлагууд яаж ч чадамгүй хэцүү асуудалтай тулгарчээ. Гэтэл зочид буудлын захирал Озава Ичиру нэгэн мэргэн арга олсон байна.

“Сакура” зочид буудалд буусан зочид үдээс хойш нэгэн сонирхолтой зурагт хуудсыг хаа сайгүй наасныг олж үзэв. Түүнд “Эрхэм хүндэт зочдоо, бид зочид буудлын хойно байгаа өргөн уудам, нам сэлүүн газрыг зочиддоо дурсгалын мод суулгах газар болгон худалдаж авахаар зэхэж байгаа тул хэрвээ та хүсвэл энэ сайхан уулан дээр өөрийн гараар мод суулгаж болно. Хайр сэтгэлийн бэлгэдэл сарнай цэцэг, цэвэр ариуны бэлгэдэл сакура цэцэг, үнэнч шударгын бэлгэдэл царс мод….. Та ямар ч мод, цэцэг тарьсан бид танд бүх талын туслалцаа үзүүлэн, таны тарьсан модонд дурсгал болгон нэрийг тань зүүх болно оо.

Магадгүй таныг дараа манай зочид буудалд ирэхэд таны нэрийг зүүж хоцорсон бяцхан улиас тэнгэр тулан өндийж, гайхамшигт сайхан ногоон навчсаараа салхи илбэсэн том мод болсон байна. Тэр үед таны өнөөдөр энд өнгөрүүлсэн сайхан дурсамж тань тэр модны навч бүхэнд шингэн үлдсэнийг та олж харах болно…. /мод тарихад 10000 еэн/” гэж бичсэн байжээ.

Зурагт хуудас наагдаад удаагүй байтал бал сараа тэмдэглэж яваа хоёр ч хос ирж хайр дурлалын бэлгэ тэмдэг болгон урт настай мод суулгах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэдний дараа дээд сургуулиа төгсөөд, хонхны баяраа тэмдэглэж яваа ангийнхан ирж, нэг нэг сакура цэцэг суулгах хүсэлт тавив. Зочид буудлын удирдах ажилтнууд ч энэ ажлынхаа дурсгал болгон эхний модыг суулгасан байна.
Буудалд амрагсад шил шилээ даран ирж очсоор нэн удалгүй зочид буудлын хойно байсан хэний ч сэтгэлийг сэргээмгүй эл хуль уул эздийнхээ нэрсийг, мөн газар эхтэй золгосон он сар өдрөө зүүсэн моддоор дүүрчээ. Буудалд амрагсад тэр сайхан хүрээлэн дотуур алхан, мод цэцэгсийн сайханд нүдээ баясган, зарим нэг нь өөрийн гараар мод суулгаж, аялал дуусан гэртээ харихдаа энэ тухайгаа ойр тойрныхондоо бахдан ярьдаг болжээ. Түүнчлэн “Сакура” зочид буудал хүмүүсийн сонирхлыг ихээр татан, нэртэй том буудлуудын нэг болсон байна.

Нэлээн хэдэн жилийн дараа нэгэн сайхан гэр бүл жаахан хүүгийнхээ хамт эл буудалд амрахаар ирэв. Ирсэн өдрөө л гурвуул буудлын арын ойгоос нэгэн зүйлийг шимтэн хайлаа. Үзэсгэлэнтэй залуухан эх хажуудаа байгаа модыг хараад баярлан уулга алдав. Модонд зүүсэн бяцхан пайзан дээр өөрийнх нь, мөн нөхрийнх нь нэр бичээстэй байлаа. Энэ залуу ээж бол хэдэн жилийн өмнө хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болгон мод тарих анхны саналыг гаргасан хүн ажээ. Түүнээс хойш энэ гэр бүл жил бүр хуримынхаа ойг “Сакура” зочид буудалд тэмдэглэж, мод тарьсан тэр л өдрөө тохиолдуулан хэд хоног амраад явдаг заншилтай болсон гэдэг.

Амжилтад хүрсэн бизнесмэнүүд тогтож хэвшсэн үзэлд хэзээ ч баригддаггүй. Тэд уян хатан байж, ашиггүйг ч ашигтай болгож, өтөж ялзарсан зүйлийг ч этгээд гайхам болгон хувиргадаг. Озава Ичиру бол ийм хүмүүсийн нэг юм. Тэрбээр зочид буудлын амралтын танхим хүрэлцдэггүй дутагдалтай талыг давуу тал болгон дурсгалын мод суулгах үйлчилгээгээр өөрчилж чадсан юм. Түүний энэ аргыг нэг нэрийн дор хоёрыг хожсон арга гэж үзэж болно. Амжилтад хүрэхийн тулд тааламжгүй байдлаас ашиг олж хардаг байх нь маш чухал. Хуучин дүрэм журмыг эвдэж шинэ соргог санаа гаргах нь амжилтад хүрэх хамгийн дөт зам юм.
profile