Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг билээ. Харин хэзээ, хэн үүний эх загварыг зохиосон тухайд хэлж мэдэх юм даанч алга. Түүхийн шар хуудсыг эргүүлэх аваас ХVII зууны үеэс эхтэй хэмээснээс цааш ганц ч үг өгүүлбэр байхгүй байв. Энэ талаар орчин цагийн монголчуудын мэдлэг ямар байдаг юм бол гэж эрээд мэдэж магад байх хүмүүс рүү утас цохивол ихэнх нь "1921 оны Ардын хувьсгалын партизан цэргүүдийн туган дээр хийсч яваа харагддаг биз дээ" гэцгээж байхад "1911-1912 оны Манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид анх магнай дээрээ мандуулсан байх" гэх нэгэн ч байв
Хамгийн үнэн байж болох хариултыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал А.Ганбат өгсөн юм . Тэрбээр "Соёмбо үсгийг зохиогч Өндөр гэгээн Занабазар эх загварыг нь гаргасан гэж номноос уншсан санагдана" гэв. Гэхдээ тэднээс маш цөөхөн нь соёмбын хамгийн дээр байдаг гурван гал хийгээд доторхи хоёр гурвалжин, жад, сумны гилбэр ямар утга санаа агуулдаг болохыг хэлж байсан даа. Ингээд 1924 оны 9-р сарын 30-ны өдөр Монгол Улсын төрийн далбаан дээр хэрэглэхээр Улсын анхдугаар их хурлаар хэлэлцэх асуудлын тавдугаарт тэмдэглэгдсэний ойг тохиолдуулан соёмбо тэмдгийг хойч үеийнхэн хийгээд сонсч мэдсэнээ мартагсдад дахин сануулах байна.
Юутай ч соёмбын хамгийн дээр байдаг гурван гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадран мандахын бэлгэдэл бөгөөд ер нь галыг монголчууд голомт залгамжлах, мандаж бадрахын утгаар хэрэглэдэг заншлыг бэлгэдэж. Мөнх тэнгэрийг төлөөлсөн нар, сар, хоёр бол Монголын эртний сүлд тамга гэдгийг энд дурдах илүүц биз. Ийнхүү гал, нар, сар гурав нийлээд ашид мандан бадрахын бэлгэдэл болж буй юм.
Харин соёмбын доторхи хоёр гурвалжин нь жад, доош нь харуулсан сумны гилбэрээр дайсныг дарах гэсэн утгыг агуулжээ. Соёмбын төвд байх хоёр загасны дээр доороос хашсан тэгш өнцөгтэй дүрсийг хэрэглэсэн нь шударга журамтай, шулуун гэсэн утга бөгөөд бөөрөнхий гэсний эсрэг юм. Бөөрөнхий үзэл гэдгээр монголчууд тогтворгүй сэтгэлийг илэрхийлдэг тул хүн бүхэн цөм улсынхаа төлөө цэх шударгаар хүчээ өгтүгэй гэсэн тэмдэг болой.
Нөгөөтэйгүүр, загасыг эртний монголчууд өдөр шөнийн хорин дөрвөн цагт нүдээ аньдаггүй сонор соргог байхын илэрхийлэл болгожээ. Бас хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн утгатай юм байна. Үүгээр хүн ард эрэгтэй, эмэгтэй гэлгүй цөм сонор соргог сэрэмжтэй байж, өсч үржин улс орноо цэцэглүүлнэ гэсэн үг юм.
Соёмбын хоёр хажуугийн босоо тэгш өнцөгт нь эртний бичгийн зүйлд хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд энэ нь бүх ард түмэн эх орныхоо төлөө эв санаа нэгдэлтэй бол ган хэрмээс ч бат бэх гэсэн Монголын цэцэг үгийг зургийн дүрсээр илэрхийлжээ.
Эцэст нь хэлэхэд, соёмбо тэмдэг нь гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх, байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай аж.
Энд нэгэн зүйлийг нэмж хэлэхэд, Улсын анхдугаар их хурлаас төрийн далбаан дээр соёмбыг хэрэглэхийг их хурлын төлөөлөгчид санал нэгтэй баталж улмаар соёмбын дээд талд таван хошууг нэмэх нь зүйтэй гэх саналыг нэмж оруулжээ.
Сүүлд нэмэгдсэн таван хошуу ардчилал ялах хүртэл соёмбын дээд талд заларч байсныг уншигч та санагалзаж буй за. Таван хошуу нь мэдээжийн хэрэг пролетарийн интернационализмд үнэнч, дэлхийн шударга улс түмэнтэй эв найрамдалтай байж, эх орондоо социализм, коммунизм байгуулах аугаа их зорилгын илэрхийлэл байсан байж таараа.