Moderator: mgl_300
жирийн нэгэн эмэгтэй. Царай зүс боловсрол ажил мэргэжил хэвийн, амьдралыг үзэх өөрийн гэсэн үзэл бодолтой. Өр зөөлөн ухаалаг нэгэн гэж өөрийгөө боддог. Хүний эхнэр болоод арваад жил өнгөрчээ. Хуримаа хийх хүндээ л охин биеэ өгч түүндээ л энэ амьдралаа зориулж үнэнч амьдарна гэсэн философоор өдийг хүртэл амьдарч ирсэн. Гэвч энэ бодол минь өөрчлөгдөөд өөртэйгөө тэрсэлдээд бяцхан зовоох юм.
Санаандгүй байдлаар түүнтэйгээ танилцаж билээ. Тэр минь төрийн албан хаагч. Эхнэр хүүхэдтэй. Нүдэнд дулаахан чадалтай боловсролтой залуугаараа тодорхой хэмжээний өндөрлөгт гарсан гэхэд байгаагаараа эгэл даруухан. Одооны амбиц хөөж хоосон толгой дээр алт зүүж пивоны гүзээгээрээ гайхуулж юу ч хийгээгүй байж би би гэж цээжээ дэлддэг юмны түрүүнд нэрээ бичдэг залуучуудын хажууд тэс өөр хүн. Эрдэмтэй хүн даруухан гэдэг шиг л. Ийм л хүнтэй учраад өөрийгөө хорьж чадахгүй амьдралыг үзэх үзлээ өөрчлөөд явж байна даа. Үе үе хийж байгаа үйлдэл үзэл бодолтойгоо тэрсэлдээд одоо болтол түүнтэй хамт байхдаа чөлөөтэй харьцаж чадахгүй л яана. Тэгсэн мөртлөө өөрийгөө хорьж дийлэхгүй бардам зангаа барьж дийлэхгүй.
Би тийм хүний нүдэнд туссан сайхан эмэгтэй бишээ. Гэхдээ албан тушаал өндөртэй эсвэл тодорхой хэмжээний байр суурьтай, баян чинээлэг мөнгөтэй гээд олон л залуучууд ил далд байдлаар сэтгэлээ илчилж тэр тоолонд үгүйсгэн няцааж ирсэн. Түүний албан тушаал, эд хөрөнгө надад сонин бишээ. Би хэний ч тусламжгүй чадлаараа сайхан ажил хийгээд л амьдарч явна. Цаг нь болбол бүр ихийг хийж бүтээн гэдэгтээ итгэдэг…
Нэрийг нь бичиж болохгүй “хэн нэгэн” хүн намайг соронздоод түүний хажууд байвал нэг л тайван амгалан байгаад би өөрийгөө ойлгохоо болиод удаж байна.
Мөрийг нь түшээд гарыг нь атгаад суугаад баймаар… Түүнд бас нэг юм дутагдаж байдаг гэдгийг мэдэрдэг. Одоо болтол юу гэдгийг нь мэдэж чадаагүй л явна. Хамт байвал хэн хэн нь бишүүрхээд илэн далангүй байж чаддаггүй ч түүнтэй уулзаж хажууд нь байна гэдэг сэтгэлийн асар их таашаал болдог. Сэтгэл таашаалыг түүнээсээ мэдэрч би гэдэг хүн азтай бас гунигтай нэгэн болон хувираад байна. Хол байгаа учир дараа уулзах боломжийг хүлээнэ гэдэг амаргүй байдаг юм байна. Түүнийхээ нэр төр амьдралыг гэмтээхгүйн тулд болгоомжилж өөрийгөө хорих гэж хичээж л явна.
Би биеийн жаргал эсвэл өөр бусад зүйлд шунаж өөрийгөө болон түүнийг хуурч түүнтэй учраагүй учир өөрийгөө буруушааж чаддаггүй. Хүний сэтгэл гэдэг 30жил амьдарч ирсэн үзэл бодлыг минь үл тоон хориод ч дийлдэхгүй, хөлд орж буй хүүхэд шиг хаачихаа мэдэхгүй болгож байгаад л гайхах юм.
Саяхан нэг номноос “дахиж хайрлах боломж олдохгүй гэж бодож хайрла” гэдэг өгүүлбэр уншаад амьдралтай эвлэрээд байж байна даа.
Хэзээ нэг цагт (магадгүй өнөөдөр ч байж болно) энэ холбоо минь дуусна дуусгана гэдгийг мэддэг, надад болон түүнд нэгэн бяцхан ариухан дурсамж болоод үлдээсэй гэж л хүснэ.