Нацаг найзуудтайгаа савж савж ихэд муудаад хөлөө зөөж тавин гэр рүүгээ ойртож л явлаа. Хүүс хүүсхэн үлээх салхинд уначихгүйн тулд үе үе байшингийн хана түшин амсхийж зогсохдоо

-За яахав.Та нар тэгж оодорч л бай.Миний хэн болохыг нэг л өдөр үзнээ гэж амандаа бувтнаад "Түй" гэж нулимуут араас нь нэг орос хараал хэлнэ.Архи тамхи бас бус идсэн уусантай нь холилдож зунгаарсан шүлс нь савирч энгэр дээр нь тогтоод салж унахгүй унжралдахад гарын араар арай ядан хамж байшингийн хананд нялсандаа бяцхан амсхийн
Бавайсан сахалтай
Баатарцогтын нагацыг гэж аялмар болсноо шүдээ хавирч шажигнуулав.Тийнхүү байшингийн хана түшин санжиганаж жаал зогссоноо нэг нүдээ жоонийлгон нөгөө нүдээ анин орчноо гайгүй сайн харж харж гэрийнхээ хажуугийн байшинг түшиж зогсоогоо ойлголоо.

Одоо хичээгээд гучаад алхам явчихвал муу онгорхой Дагваагийн ТҮЦ байгаа.Тэнд хүрчихвэл орц нь арав хүрэхгүй алхам газарт бий.Харьлаа л гэсэн үг.Толгой бол орос пуужин шиг яв цав ажиллаж харин хөл гар нь туялзаад биеэ даах чадвараар үнэхээр мууджээ.Уначихгүйг тун ч
хичээж мэрийсээр Дагваагийн ТҮЦ-ийг хариугүй түшээд авдгийн даваан дээр хөл нь нэг юманд осолдохгүй торж нүүрээрээ газар шаахгүйн эрхэнд гараа хам хум өмнөө хөндөлсүүлж амжаад л яаж ч болсонгүй гулдайтал суналаа.Уначихаад амьсгаадан хэсэг хэвттэл ойрд бороо ороогүй болоод тэр биз хуурай шороо амьсгалах тоолон пурхийж хамар ам нүд рүү нь чихээд амар заяа үзүүлэхгүйд уурсан цухалдаж бүх л хүчээ шавхан зүтгэсээр юутай ч өвдөглөн сууж авав.Тэгээд " Туучий чинь юунд бүдэрвээ " гэж үглэн орчин тойрноо гайгүй сайн хартал
хонин тойгон чинээ нэг муу чулуу өмнө нь торойж харин хөлийнх нь тушаа тэр чулууны ором онгойж байх нь гудамжны цэлгэр гэрэлд яалт ч үгүй тодхон харагдав .
- Муу хараал идмэр ...

Нацаг ийн үглээд өнөө чулууг авч хажуу тийш нь шидэх гэтэл сэтгэл нь жигтэйхэн уярч шархираад нулимас нь юү юүгүй сад тавин урслаа . Бага залуудаа олуул нийлэлдэн сургуульдаа явж байгаа нь энэ гэж архи дарсыг вагоны муу эвхдэг ширээ дүүргэн өрж гитардан дуулалдаж явахдаа Дарханд вагон түр зогсоход гарч гүйн энэн шиг үүнээс ч том чулуу мөн ч олныг түүсэндээ хөөрхий . " Халх нутгаа харж явцгаая " хэмээн хашгиралдаад л түүдэг байж . Эрхүүд очоод өнөөхөө мартчихнаа . Хэзээ хойно цүнх чемоданых нь булангаас өнөө харж явах
дурсгалууд нь гараад ирэхээр гаргаад л шидчихдэг байж .
- Яах гэж тэгж байв даа би , яах гэж тэгж байв .
- Хөөе , согтуу толгой гэртээ орж орилооч чи . Хүүхэд сэрээчихлээ .
Толгойгоо гилжийлгэн өлийж харвал яг хажууд нь тэнтгэр Түмээ тагтан дээрээ трактор аятай паржиганатал амьсгаадаад зогсож байв .
- Хуцаж бай гэж мэдэх үү чи ? Муу хувалз минь . Иргэн хүн эх орондоо тарвалзаж байна . Танайд орж ямбаны чинь орон дээр янтгар Нарааг чинь тэвэрч хэвтээгүй , явдаг замынхаа дунд өвдөг дээрээ сууж байгаа Монгол эрийг яах юм чи ер нь .
- Хн . Нацаг минь . Чи наад хувцас хунараа хараач . Алий бос бос ... Харь ... Чааваас гэж байж байгаа царайг нь ...
Түмээ байрныхандаа бүгдэд нь мэдэгдэх гэсэн бололтой шөнийн нам гүмийг цочоон жигтэйхэн баясгалант хоолойгоор ийнхүү хөөрхийлөв .
- Чи болоод нээрээ хүн өрөвдөж байгаа байхдаа . Тагтан дээрээ гэтээд л хүн амьтны яриа чагнаж алд дэлэм матаасаа бичээд сууж байна уу ? Ху намын муу бууны нохой . Бах чинь ханаж байгаа биз . Хана хана . Түмний хөрөнгийг шингээж чадахгүй багтарч зогсоо чинь үнэн биз дээ аан ?
- Солиотой согтуу юмтай юү гэж шаан паан гээд байгаа юм . Цагдаа дуудаад өгчихөөч гэж Түмээгийн цаанаас эхнэрийнх нь шивнэх тодхон дуулдлаа .
- Өг л дөө . Харин би өглөө гарна шүү . Танайх энэ гараашийг яаж бариуллаа . Дотор нь байгаа машиныг ямар мөнгөөр авлаа . Бүх баримт нь надад бий шүү . Хэн нь цагдаагийн газар хэдий хир удахаа харин үзчих үү аан хувалзнуудаа .

- Чи цаашаа ор гэж Түмээ авгайгаа түлхэж оруулаад
- Нацаг минь дээ . Чи ямар хүүхэд биш . Хэн ч үнэмшихгүй дэмий юм шалчиганаж байхаар ороод ир . Надад ганц юм байна . За тэг ороод ир аан , хуваагаад цохичихоё гэж царайчиллаа .
- Би өвгөнтийн архичин болсон ч чам шиг юмнаас гуйж шараа тайлахгүй гэснээ Түмээтэй түр тар гэснээсээ болов уу яав гэнэтхэн их бяртай болж ер юү ч болоогүй юм шиг босож хувцасаа гүвчихээд гэр рүүгээ зүтгэж шалан дээрээ шулдан хаясан гудас руу нүүрээрээ шааж унаад хурхирлаа .
Маргааш өглөө нь угаалгын өрөөнийхөө толинд өөрийгөө хараад өрөвдөн инээвхийлж
- Хар архичин минь . Одоо нэг ханаа биз гэснээ хий огиулж , ёолж ёхлон шүд амаа сойздож зогстол хонх нь тачигналаа .
Палам найз эхнэрээ дагуулчихсан инээд алдаад зогсож байна .
- Бие дажгүй юу ?
- Би яаж гарсан бэ ?
- Юу ? Чи чинь хэнэг ч үгүй таксинд гар өргөж суугаад явсан шүү дээ .
- Санадаггүй шүү .
- За за . Тавлаг хүрээд л ирсэнээс хойш тэр яахав . Алий хөгшөөн цаанаасаа хоёр аяга ойртуул үхэх нь .
Палам тэр хоёр нэг нэг шаазан архи уугаад бие нь тавирч жигтэйхэн сайхан болж байтал Паламын эхнэр нөгөө өрөө рүү нь орсоноо
- Пээ энэ костюм чинь дахиж өмсөлтгүй болж гэсээр нус шүлс шороо тоостой зууралдсан костюмыг нь сэжиглэсэн янзтай биеэсээ хөндий барьсаар орж ирлээ . Палам гараа зангаж
- За за юун сүртэй юм . Өөрийг солиод л өмсчихнө биз гэснээ архинаас аягаллаа .
- Тэгээд энийг чинь яах юм хаях юм уу ?
- Хая хая .

Паламын авгай костюмыг нь бариад үүд рүү зүглэхэд халаасанд нь нэг чухаг юм байгаа шиг санагдан ухасхийн очиж нэгжлээ . Гэтэл ганц муу торгор чулуунаас өөр юү ч гарсангүй . Палам түүнийг нь харангуут учрыг ойлгосон хүний дүртэй нууцгай инээмсэглээд
- Зөв дөө . Юм мэддэг хүн гэдэг нь ингээд л харагдаж байгаа юм гэхээр нь нэрэлхээд " Орцны дэргэдээс олсон юм " гэж хэлж чадсангүй . Чулуугаа чемоданыхаа нэг халаасанд хийгээд шинэ костюм гаргаж өмслөө . Удалгүй хэдэн найзууд нь ааг амьсгаа болсоор орж ирсэнээр түүнийг үдэж гаргах баг бүрэлдэж Буян-Ухаа руу явцгаалаа .
- За сайн яваарай . Захиа занаа бичиж хэл устай байгаарай . Бидний өмнөөс хүүхдүүдээ , Тунгааг үнсээрэй . Мартаваа . Тунгааг үнсээд нөгөө хоёрыгоо мартчихав аа санууллаа шүү .
- За за . Ойлголоо . Аа тийм ...
- Юү гэнээ ...
- Зүгээрээ ... зүгээр ...
Тэр бяцхан мэгдэж сандраад нэг мэдсэн л онгоцон дотор суучихсан явав .
Хол зам гэдэг аргагүй л хол ажээ . Нацаг элдэвийг л бодож явав .
Би ч мөн хүн муутай болж байгаа амьтан юм даа . Муу Түмээгийндээ ороод ганц шил архийг нь хувааж уунгаа гангар гунгар хийж " Өвгөн чинь ингээд гэрийнхнийхээ араас явлаа . Мундахгүй олон жил айл аймаг явж , сайн муугаа хуваалцлаа даа . Сайн сууцгааж байгаарай , за тэгээд гол нь наад цээжээ яаралтайхан шиг үзүүлж эмчлүүлж аваарай даа хө" гэж хэлээд сэтгэлээ цайлгаад гардаггүй . Юмыг дандаа хоцорч ухаарах хүн юм даа гэж харуусч явлаа . Замдаа Японд нэг хонож чилийсэн арван хоёр гурван цагийг агаарт үдээд Чикагод буулаа . Хоёр
хүүхэд эхнэр нь тосож бөөн баяр хөөр болцгоосноор хоёр жил хоёр газар цавлаж амьдарсан энэ айлын эвт амьдрал дахиад л үргэлжлэв .

Нүсэр онгоцны буудлаас хөдлөж хурдны замд ороод арван минут явалгүй түгжрэлд орж гацлаа . Нацаг эхнэртээ улс орны амьдралаас эхлээд орцныхныхоо аж төрөл хүртэл өнгөрсөн хоёр жилд болсон бүхнийг ярингаа " Хэрэв би алхсан бол алин цагийн тэр булан тойроод алга болсон доо" гэж бодож явлаа . Харин Нацагийн явгаар алин цагийн тойроод алга болох байсан буланд тэд хоёр цагийн дараа хүрэв . Гэвч замын түгжрэл мөд сулрах шинжгүй . Төмөр могой яг дороо махиралдан зогсчээ . Цонхоо нээтэл халуун агаар пүнхийж Нацаг " Оцгой " гэж
уулгалаад залгуулан шогширов .
- Их халуун шүү .
Эхнэр нь жигтэйхэн гоолиг , хөөрхөн , ялдам дөлгөөн болсон шиг санагдана .
- Бид гуравыгаа тэгээд хир санав даа .
Нацаг "Айдаа" гэж сүүрслээд толгой дохино .
- Чамайг яалаа гэж халж байгаа юм ?
- Аа тэр яахав , намын харъяалал .
- Өвгөн минь яая гэхэв дээ . Одоо хэдүүлээ шинээр амьдранаа .
Гэвч Нацагийн зүрх цаанаа л нэг хөндүүр оргино . Арван зургаан жил хийсэн ажил минь юмсан даа .Намын харъяалал гэдэг түүнээс хүчтэй хойно . Одоо яая гэхэв . Энэ газар аятай тавтай амьдрах гэж үздэг л хэрэг болж .
Нэг коллежийн хэлний сургуульд орж гурван сар шогшлоо . Бас гэж яахав . Ойр зуурын юм ойлгохтой , ганц нэг үг хэлэхтэй болов . Эхнэр нь пиццаны хайрцагны үйлдвэрт арван хоёр цагаар зүтгэж шөнийн бор хоногт үс нь сэгсийж , хөлс үнэртүүлж хөлөө арай ядан чирсээр орж ирэхэд зүрх нь ёгхийнэ .

- Яана даа хөгшин минь . Би ер нь бушуухан л ажил хийж чамайгаа жаал амраая даа . Эхнэрийнхээ чилдийж чангарсан эрээн булчинг илэн усаар савшиж суухдаа ийн гуйна .
- За яахав ээ хө . Хоёр жил энэ ажлыг хийгээд нэг үеэ бодвол овоо дасчихлаа . Ядрахгүйгээр яаж мөнгө олохов . Чи минь хэлээ л сайн үз . Би ээлжийнхээ даргад гуйсан чамайг авмаар юм хэлнэ лээ .
Ингээд хэлний сургуулиа дуусгаж таван сарын дараа Нацаг үйлдвэрийн ажилчин боллоо . Арван хоёр цаг нааш цааш ааг амьсгаагүй гүйж пиццаны хайрцаг хийнэ . Хүн гэдэг тэвчээртэй л амьтан санж . Анх ирэхдээ наян зургаан килограмм жинтэй луглайж байсан Нацаг жаран хоёр килограмм чүү ай татдаг болж үйлдвэрийнхээ ажилд дадлаа . Хорин жил бичиг цаастай зууралдсаны арван зургаан жилд нь хэлтсийн дарга хийсэн түүний бие дэндүү их усжиж нялхарчээ . Хагас жилийн дараа жинхэнэ ажилчин болж биеийнх нь ус хөлс болон чивхэрч унжсан гүзээ
харвин нь алга болов . Анх ирэхэд эхнэр нь гоолиг хөөрхөн харагдаад байсан нь ийм учиртай байж . Хөл гар янгинах нь л тэвчишгүй хэцүү . Пиццаны картон хайрцаг нөхцөлгүй их тоостой . Тэр тоос уушгинд нь орсноос болдог биз . Хамаг бие нь тэсэхүйеэ бэрх загатнаж маажсаар байтал яршиж , яршсаны том том хүрэн сорви биеийг нь могой шиг л эрээн болгов . Энэ үйлдвэрийн ажилчид үдийн цайгаар тамхилж суухдаа биеэ хүр хүр маажицгаана . Эхнэр нь болохоор мэргэн аргатай . Загатнаагаа алгадаж эмчилнэ . Час тасхийтэл алгадаж хорсгочихоод
хэнэггүй яваад байна . Нацаг тэгэхсэн гэж хичээвч чадахгүй . Нэг л мэдэхэд цус шүүртэл маажиж орхино . Тэр нь хэд хоногийн дараа гурийсан сорви болоод тогтох авай .

Ийнхүү үүрээр гарч шөнөөр гэрийн бараа харж үдийн цайгаараа хорвоо ертөнц гэдэг чинь нартай байдаг билүү гэх шиг хурц нарыг сонирхон удаан гэгч нь харж бас ч гэж таван минут нарлаж амжсандаа уужирсхийн явтал хоёр жил нэг л мэдэхэд харавсан сум адил нисэн өнгөрчээ .
Сүүлийн үед Нацагийн толгой үе үе байж ядтал лугшин чинэрч , чичрүүдэс хүрч аманд нь зөнгөөрөө хар шүлс дүүрэн хий огидог болов . Нүдээ аниад жаал зогсохоор гайгүй болчихно . Алсуураа ядарч л байгаа нь энэ байх . Үйлдвэр өнөө жилээс цагаач ажилчиддаа арван дөрөв хоногийн цалинтай амралт өгөх юм гэсэн . Тэр амралтыг нэг аятайхан газар эдлээд ирэхээр ядаргаа дундрах байгаа гэж бодож явтал үйлдвэрийн хүнд нүсэр машин мөргөж унаад толгойгоо хагалав . Ухаан орвол эмнэлэгт , толгой нь бөөн боодол болчихсон эхнэр нь сахиад сууж
байв .
- Хөгшөөн , юү гээч нь болчихов оо?
- Чи минь биеийнхээ зовуурийг бидэндээ хэлж байхгүй яав даа . Сүйд болох шахлаа шүү дээ .
- Яасан юм болоо, би ер нь?
- Онош нь олдохгүй байгаа бололтой . Толгойд чинь бөөн оёо тавилаа . Нугалааны машины яг ирмэг рүү мөргөчихсөн .
Ингээд гэрийн хүн боллоо . Үйлдвэр нь арван дөрөв хоногийн цалингүй чөлөө өгч , харин эмнэлгийн төлбөр арван мянга найман зуун долларыг даатгалынх нь компани төлөх болжээ . Овоо хэд хоног биеэ сувилаж аваад ажилдаа ортол бас л нэг өдөр ухаан алдаж унав .

Эмнэлэг баахан шинжилгээ судалгаа эм тариа хийж, түүний төлбөр хорин хоёр мянган долларыг үйлдвэр, зургаан мянган долларыг өөрөөсөө төллөө . Үйлдвэр дахин төлбөр төлөх бололцоогүй гэдгээ эвтэйхэн ойлгуулж юутай ч эхний арга хэмжээ болгож зургаан сарын цалингүй чөлөө олголоо . Нацаг ч нэг тийм ужиг өвчтэй болсноо ойлгов . Орноосоо босохоор л хоёр чих нь шуугин , нүд бүрэлзэж , аманд нь шүлс дүүрэн огиж гарна . Хэвтээд байвал бас гайгүй .
Сарын дараа сүг сүүдэр л ийм байдаг байх гэмээр чөчийсөн саарал юм болов . Идсэн хоол унд нь хаашаа орчихдог юм бүү мэд . Ингээд нутаг буцахаас өөр замгүй болсноо ч ойлгов . Эмнэлэг нь үнэтэй биш , тэгээд ус агаар нь яаж ч нөлөөлөө билээ .
Мөн ч дураараа туйлж , ууж идэж галзуурч сагсуурч явж дээ . Хорвоогийн бүх жаргалыг хэдхэн жилд тэгээд эдэлчихсэн юм чинь ингэж зовохоос ч биш яахав . Амьд мэнд дээрээ л нутгийн бараа харъя . Айл аймгийнхантайгаа , найз нөхөдтэйгээ уулзаж ярьж хөөрвөл үгүйдээ л сэтгэл сэргэх байгаа даа гэж бодтол наашаа ирэхийн өмнөх орой Түмээтэй түр тар хийсэн нь бас нэг чулуу олсон нь зурсхийтэл бодогдож
- Нээрээ юү билээ . Нутгийн хэлтэрхий шүү дээ . Бурхан минь бий байгаа , битгий л алга болчихсон байгаасай гэж залбиран амьсгаадан мөлхсөөр чемоданаа уудлан хормой хотыг нь нэгжтэл хонин тойгон чинээ өнөө чулуу байж байх нь тэр .
" Ёох " . Үнэрлээд үзтэл нар ус , бужигнасан шар шороо , СӨХ-ийн дарга хэрүүлч Бямбаа , трактор шиг паржигнаж зогсдог тэнтгэр Түмээ , түүний эхнэр шөвгөр Нараа , хэдэн муу найз нар нь нэг бүрчлэн үзэгдэж , зөвхөн үзэгдээд зогссонгүй Монгол тэр чигээрээ нэвт ханхлах адил болов .
" Би чинь ямар баян хүн бэ " ... Нулимас нь зөнгөөрөөр сул асгарч Нацаг тэр жоохон чулууг эхэр татан үнсээд л байлаа .

Харах тусам эрдэнэ ч юм шиг . Бөөрөн дээрээ хөндлөн алаг судалтай , нэг буланд нь шар шороо наалдаж , нөгөө буланд нь тодхон цав гарсан хөх алаг чулуу аж . Шар шороог нь хэлээрээ долоогоод үзсэнд ээжийнх нь чанадаг асан хийцтэй цай л амтагдаад явчих нь тэр . Тэгэхээр нь чулуугаа амандаа хийгээд хүлхээд хэвттэл нойр нь хүрч унтаад өгчээ .
Орой нь эхнэр хүүхдийнхээ намуухан ярилцах дуунаар сэрлээ . Нацагийг өвдсөнөөс хойш эднийх айдас хүйдэс агуулдаг амбаар сав гэж байдаг бол ийм байх байлгүй дээ гэж бодогдмоор нэг л хачин нам гүм болчихсон юм . Тунгаа лийвэн өрөөндөө хоёр хүүхэдтэйгээ чухамхүү тэр л айдас хүйдсээ ярьж байлаа .
- Аав нь эдгэхгүй нь шиг байна . Хэдүүл нутаг буцахаас даа .
Том хүү нь арай ухаа орсон юм гэсэндээ
- Аав онгоцонд үхчихгүй байгаа гэж шивнэх нь сонсогдож байв .
- Муу ёр . Бид гурвын аз гэж байлгүй яадаг юм . За миний хоёр хүү хичээлээ чимээгүй хий . Аав нь овоо унтаад байна . Ээж нь хоолоо хийе .
Нацаг өндийгөөд суниавал бие нь жигтэйхэн хөнгөрчихсөн байх аж . Босоод өрөөн дотуураа нааш цааш явлаа . Нүд нь бүрэлзэж , чих нь тэртэй цаана бүгтхэн шуугих боловч учиргүй амьсгаадан хар хөлс гоождог нь байхгүй болчихож . Өнөө гуравынхаа шивнэлдээд байгаа лийвэн өрөө рүүгээ яваад очтол цаад гуравынх нь нүд бүлтийгээд ам нь ангайн хөшчихөв .
Тунгаа зөөлөн гараараа духан дээр нь байн байн дарж
- Өвгөн минь үнэхээр гайгүй гэж үү ? Бурхан минь , бурхан минь ачит гэгээн бурхан тандаа гялайлаа хэмээн зогсоо чөлөөгүй үглэнэ .
Сарын дараа ажилдаа оров .

Нацаг оройд л чулуугаа гарган яг арван минут хүлхээд хадганд ороон буцааж хадгална . Баасан гаригийн орой өнөө гуравтаа арав арван минут хүлхүүлнэ . Өөр шиг нь өвдчих вий гэсэндээ сэрэмжилж урьчилан сэргийлж байна гэж дотроо бодно . Чулуундаа хайртай . Булангийнхаа цаваар хагарчих вий гэж эмээсэндээ хурууныхаа өндгөөр эвтэйхэн чимхэж алган дээрээ зөөлхөн бөмбөрүүлнэ .
Хүн эх орноороо өлдөж , сульдаж ядардаг юм байна . Бурхан байдаг газраа байгаа л байх . Сайн мэдэхгүй юм . Харин миний эх орон Азийн цээжинд цэлийн бий . Гэрт минь ч тойгон чинээ эх орон минь бий . Эх орон хумсын чинээ байсан ч багаддаггүй юм байна . Одоо ч амар өвдчихгүй шүү гэж Нацаг боддог болжээ .Муу Түмээ маань багтраагаа эмчлүүлсэн л байгаа даа . Ойрын үед утсаар яръя байз .

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.