Хөглөрсөн их хогон дунд
Хөлчүү эр хүн архи ууж сууна
Хүн сүргээсээ тасарсан энэ эр хүнд
Хүсэл  мөрөөдөл амьдрал гэж үгүй ээ
Амьдралаас уйдаад энэ хүн архичин болоо юу
Архичин болоод энэ хүн амьдралаас уйдаа юу
Таавар оньсого мэт ийм хүмүүс
Та бидний эргэн тойрон олширсоор үхсээр..
Үхлээ л хүлээдэг мэт энэ хүмүүст
Өнгө үзэмж хийгээд үнэ цэнэ гэж үгүй ээ
Үнэнхүү сайхан сэтгэл сайн бүхныг зориулавч
Өрөвдөл хийгээд ухаарал гэж үгүй ээ
Үнэндээ ийм эрчүүдийн ард
Үйлийн үрийг эдлэж эхнэрүүд л зовдог
Үр хүүхдээ ч халамжилж асрах завгүи болно
Үглэж уурлаж аргадаж яншисаар хөгшин болно
Талхныхаа мөнгөн дээр архины мөнгө нэмж олно
Тасарч унаад хөлдөж үхнэ гэж гудамж тохой нэгжиж хононо
Хавийн хүмүүсээс өмөөрч явсаар хэрүүлч болно
Хайран хүү минь гэж халаглах ээжид нь буруутан болно
Амьдралын үнэнээ нууж явсаар найзгүй болно
Агсам тавихад нь бай болсоор өвчтөи болно
Архинаас гаргах арга хайсаар золиос болно
Аль байдгаа луйварчидад өгсөөр хоосон болно
Одоо уухгүй гэх нөхөртөө хууртсаар тэнэг болно
Орон гаран уймарч явсаар солойтой болно
Ноолорсон их хогон дунд
Нохой дагуулсан эр хүн архи ууж сууна
Уусан архиндаа  мансууран жаргах энэ хүнд
Ухаан бодол хийгээд амьдрал гэж үгүй ээ
Амьдралд гомдоод энэ хүн архичин болоо юу
Архичин болоод энэ хүн амьдралд гомдоо юу

 

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар