Энгийн нэгэн бүсгүйг таних болсоор нилээдгүй удаж. Хүн болгон л түүнийг хөөрхөн, сайхан гэж ярих, үнэндээ надад бол тэр байдаг л нэг жирийн бүсгүй. Гэхдээ би түүнийг толгой гудайн алхахыг огт хараагүй юм. Тэргүүнээ өргөн, тэнгэрийн хаяа ширтээд инээмсэглэн явах түүнтэй, хөл нийлүүлэн алхахад сэтгэл нэг л хөнгөн урамтайн дээр баясалтай.

Хааяа нэг ажлын заваараа надтай уулзаж сонин сайхныг ярихдаа үргэлж инээмсэглэх нь нэг л таатай. Ер нь түүнийг таагүй зүйл яриад хөмсөг зангидан суусныг нь санахгүй юм. Нүдээрээ зөөлөн инээх түүнийг, ажлынхан болоод зочид сонирхон асууж, дотно танилцуулж өгөхийг гуйн, нэг бус удаа намайг шалгаасансан.

Хэдэн долоо хоногийн өмнө найз минь надтай уулзахаар ажил дээр ирлээ. Ажил маань урд, ардаасаа ордог хоёр хаалгатай юм. Арын хаалгаар инээмсэглэн орж ирэх түүний царай дээр урд хаалга болоод цонхоор тусах жаргаж буй нарны хурц туяа тусаад зүйрлэхийн аргагүй үзэсгэнтэй харагдахад хаа нэгтээгээс уншсан " Наран охин "-ны тухай дурсамж санаанд бууж, тэрүүхэн хороонд юу билээ гэх бодол зурвас төрсөн сөн.

Амарч байгаа найз минь заваар баян явсан тул тэр орой ажил дээр надтай ханьсан удаан суулаа. Өмнө хойгуур гарах хүмүүс түүн дээр харц тогтоон харсаар л. Харин найз минь тэднийг анзаарч байгаа ч шинжгүй сайн сайхан зүйлсийг надад ярьж, орчин тойрноо инээдээр чимсээр.

Даруухан инээмсэглэх найзыг минь чиглээд нэгэн өвгөн очихыг анзаарсан ч ажил ихтэй завгүй байсан тул тэдэн дээр очиж чадсангүй, холоос ажиглан байлаа.

Өвгөн түүнтэй ярихдаа их л таатай байгаа нь илт. Найз минь ч түүнийг төвөгшөөхгүй байгаа бололтой асуусан бүхэнд нь нөгөө л сайхан инээдээрээ хариулах мэт зөөлөн инээж толгой дохино.

Хийж байсан бүхнээ дуусгаад тэр хоёр дээр очвол өвөө сэтгэл нь илт сэргэсэн байртай, миний ач охин яг найз шиг чинь сайхан охин байдаг юм, түүнийг минь харсан бүхэн хайрлахгүй байж чадахгүй. Найзыг чинь хараад, яг л ач охинтойгоо уулзсан мэт боллоо. Хорвоод ийм хүмүүс ховор шүү ховор гэсээр судалдаа буцахад, найз минь яльгүй ичсэн бололтой, даруухан инээмсэглээд явахаар бослоо.

Үнэндээ тэдний дунд ямар яриа өрнөж, найз минь ичингүйрсэн болохийг ойлгож ядав ч найзыгаа шалгааж зүрхэлсэнгүй.

Найз минь ч явж түүний тухай ажлынхан сониучирхан элдэвийг асууж Монголчуудын царай зүс болоод өөгүй цэвэр арьстайг ам амандаа магтан, нэг хэсэгтээ л онгироо миний сэтгэлийг сэргээв.

Зочид нэг их цуглаагүй сэлүүхэн танхимд өвгөн гар дохин намайг дуудаад

... Найз чинь үнэхээр сайхан бүсгүй юм, түүний сайхан юунд байгааг чи мэдэх үү? гэсээр намайг харах нь магад найзыгаа энгийн нэгэн гэж боддог бодлыг минь мэдсэн мэт санагдав.

Өвгөн миний хариултыг ч сонсолгүй цааш үргэлжлүүлэн. Түүний инээмсэглэл гайхалтай, ийм инээмсэглэлтэй хүн ховорхон байдаг юм. Ядарсан ядралт болоод зовлон гуниг бүхнийг мартуулан үргээж чадах гайхалтай инээмсгэлэлийг найзаас чинь би харлаа. Ийм инээмсэглэлийг харсан би их азтай хүн юм гэсээр найзыг минь магтсан үгийг харамгүй хэллээ...

Танхимд суух хүмүүсийн яриа, хөгжмийн хэмнэл, хананд өлгөөтэй зураг... Орчин тойрноо ажиглан удаан хараад, тэнд байгаа хүмүүсийн царайг ажин хэсэг зогслоо. Хүмүүс ярилцан бие биеэ харах ч үнэндээ найз шиг минь гоёоор инээх нь бараг үгүй юм.

Бусдад магтагдан гайхагддаг найзын минь гоо үзэсгэлэн нүдээрээ инээсэн зөөлөн инээмсэглэлд л оршин байгааг надад ойлгуулсан өвгөн буурал настанг хүндэтгэн сэтгэлдээ би бөхийлөө.

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.